|
Видео

Шинэ мэдээ

Орос-Хятадын харилцаа

Орос-Хятадын харилцаа

 

ОХУ Украины дайны өрнөл үйл явц, үр дагавраас үүдэлтэйгээр хоёр хөршийн улс төрийн харилцаанд байр суурь үзэл санааны зөрүү илэрч, Бээжингийн Москвад хандах хандлагад тодорхой хэмжээний өөрчлөлт ажиглагдах болов. Аюулгүй байдал судлалын хүрээлэн энэ удаагийн дугаартаа Орос Хятадын харилцааны төлөв байдал болон зарим өөрчлөлтийн талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
 
БНХАУ ОХУ хоёр улс “дэлхийн хүчний харилцаа өөрчлөгдөж, АНУ-ын дангаар ноёрхох үе дууссан, одоогийн олон улсын харилцааны “тоглоомын дүрэм”-ийг өөрчлөх шаардлагатай, тиймээс энэхүү өөрчлөлтийн үйл явцад харилцан туслаж дэмжих хэрэгтэй” гэдэгт санал нэгддэг.
Гэхдээ хоёр хөршийн одоогийн эрх ашиг амбиц, ашиг сонирхол, бодит хүчин чадал, чадамжийн зөрүү зэргээс шалтгаалан талууд дэлхийн хүчний шинэ харьцааг хэрхэн ойлгон харж хүлээн зөвшөөрөх, шинэ дэг журмыг хэрхэн тогтоох талаар байр суурийн ялгаатай байдаг, энэ нь ОХУ-ын Украин руу довтолсон шийдвэрийн дараагаас тодорхой харагдав. Хэдийгээр байр суурь үзэл санааны зөрүүтэй ч өмнөд хөрш АНУ-тай өрсөлдөх стратегийн өрсөлдөөнд ганцаардахгүйн тулд ОХУ-тай стратегийн түншлэлээ хадгалж үлдэхийн зэрэгцээ Украины дайнаас үүдэн гарч буй нөлөө, үр дагаврыг цэгнэж, БНХАУ-д үзүүлэх сөрөг нөлөөг багасгах, өрнөж байгаа үйл явдлыг өөрт ашигтай нөхцөл рүү шилжүүлэх бодлого арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
 
БНХАУ ОХУ-ын “хязгааргүйгээс хязгаартай болсон” улс төрийн харилцаа
 
Удирдагчдын уулзалт ба БНХАУ-ын байр суурь: Өнгөрсөн жил ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 2 дугаар сарын 4-нд Бээжинд айлчилж, хоёр жил гаруй тасалдаад байсан хоёр хөршийн удирдагчийн биечилсэн дээд хэмжээний уулзалтыг хийв.
 
Энэ үеэр талууд “Шинэ эриний олон улсын харилцаа, дэлхийн тогтвортой хөгжлийн тухай БНХАУ ОХУ-ын хамтарсан мэдэгдэл’ гаргаж, Ши Жиньпин “БНХАУ ОХУ-ын найрамдалд төгсгөл үгүй, хамтын ажиллагаанд хязгаар үгүй’ гэж хэлсэн юм. Үүнээс 20 хоногийн дараа ОХУ Украинд довтолж дайн эхэлснээр 2022 оны үлдсэн хугацаанд БНХАУ-ын гадаад харилцаа энэхүү үгний барьцаанд оров.
 
Украинд халдсан ОХУ олон улсын тавцанд ганцаардаж, стратегийн түнш БНХАУ-ыг улам түшин “хань татах” болсон юм. БНХАУ-ын хувьд Украины дайн эхэлсэн цагаас хойш Бээжингийн стратегийн эрх ашиг, олон улсын харилцааны хэв хэмжээг дэнсэлж, харьцангуй төвийг сахисан энх тайвныг уриалсан “4 ёстой”, “4 хамтрах” гэсэн тал алдахгүй “бөөрөнхий” гэж болох байр суурь баримтлав. ОХУ Украин руу довтолсоны дараа Ши Жиньпин В.Путин нар хэд хэдэн удаа утсаар ярьж, 2022 оны 9 дүгээр сард Самарканд хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр биечлэн уулзав.
 
Уулзалтын үеэр В.Путин Украины асуудалд БНХАУ-ын баримталж буй ‘тэнцвэртэй’ байр суурийг өндөр үнэлж, ОХУ-ын талаас ч мөн адил БНХАУ-ын эрх ашгийг дэмжих болно гэсэн юм. В.Путин “ОХУ БНХАУ-ын аль аль нь олон улсын дэг журмыг илүү шударга, зөв зохистой болгохыг дэмждэг, олон улсын харилцааны үлгэр жишээ харилцааг бий болгосон улсууд мөн”[1]гэв.
 
Ши Жиньпин хэлэхдээ “Дэлхий дахин түүхэн өөрчлөлттэй тулгарч байгаа өнөө үед БНХАУ ОХУ-тай хамтарч их гүрний үүрэг хариуцлагыг харуулж, манлайлах үүрэтэйгээр үймээн, өөрчлөлт давхацсан дэлхий ертөнцөд тогтвортой байдлыг бий болгоход хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв. Ши Жиньпиний нээлттэй хэлсэн үгэнд Украины асуудлаар онцгойлон дурдаагүй байхад В.Путины зүгээс “Украины нөхцөл байдлын талаарх Ши Жиньпиний эргэлзээ, санаа зовнилыг ойлгож байна” гэж хэлсэн нь анхаарал татав. Магадгүй энэ нь тухайн үед буюу 9 дүгээр сарын дундуур ОХУ-ын цэргүүд Украинд ялагдал хүлээж ухарч байсантай холбоотой байж болох юм. Хоёр улсын төрийн тэрүүнээс гадна хоёр талын Гадаад хэргийн сайд нар тогтмол холбоотой байж олон удаа уулзалт хийж, талуудын стратегийн түншлэлийг бататгасан мэдэгдлүүд хийж байв.
 
Үүнээс хамгийн анхаарал татсан нь Украины дайн эхэлснээс хойш Ван И, С.Лавров нарын 3 дугаар сарын 30-ны өдрийн анхны биечилсэн уулзалтын үеэр Ван И “БНХАУ ОХУ-ын харилцаа олон улсын өөрчлөлтийн шинэ сорилтыг даван туулж, урагшлах зөв чиглэлээ хадгалж тууштай хөгжлийн эрч хүчийг харууллаа. Хоёр орон харилцаагаа улам эрчтэй хөгжүүлж, олон салбарт хамтын ажиллагааг ахиулах итгэл улам баталгаажлаа”[2] гэсэн үг байв.
 
БНХАУ ОХУ-ын харилцаа стратегийн түвшинд тодорхой өөрчлөлт илрээгүй ч Украины дайн, олон улсын харилцааны өрнөл үйл явдалтай холбоотойгоор Бээжингийн Москватай харилцах харилцааны хэм аажмаар буурсан нь мэдрэгдэв. ОХУ-ын талаас санаатай болон санамсаргүйгээр БНХАУ-ын талтай харилцсан мэдээллийг түрүүлж олон нийтэд дэлгэж Бээжинг өөрийн талд татаж, дэлхий нийтэд Москва ганцаардаагүй гэдгийг харуулахыг зорьж байгаа нь ажиглагдав.  Жишээ нь, 9 дүгээр сард Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын дарга Ли Жаньшу ОХУ-д айлчлахдаа Төрийн думын дарга Вячеслав Володинд хэлсэн “НАТО Оросыг буланд шахсан, Москвагийн үйлдэл нь хариу довтолгоо, Хятадын тал Украинд дайрсныг ойлгож байгаа, тиймээс янз бүрийн байдлаар дэмжлэг үзүүлнэ” гэсэн утгатай яриаг дэлгэсэн, яг тэр цаг үед ОХУ Украинд дайны талбарт томоохон ялагдал хүлээж ухарч байв. Мөн ОХУ-ын талаас 9 дүгээр сарын В.Путины Ши Жиньпинтэй хийсэн уулзалт, 12 дугаар сард болсон цахим уулзалтын товыг БНХАУ-ын тал мэдэгдээгүй байхад түрүүлж зарласан юм. В.Путин 9 дүгээр сард Ши Жиньпинтэй уулзсаны дараа хэсэгчлэн цэрэг татлага явуулах шийдвэр гаргаж, Украины 4 мужийн “бүх нийтийн санал асуулга”-аар ОХУ-д нэгтгэж, цөмийн зэсвэг хэрэглэж болзошгүй талаар мэдэгдсэн нь Бээжинг Москватай харилцааныхаа хязгаарын заагийг татахад хүргэв. 11 дүгээр сард БНХАУ “Цөмийн зэвсэг ашиглах, ашиглахаар заналхийлэхийг эсэргүүцэнэ” хэмээн Германтай хамтарсан мэдэгдэл хийж, “Их 20-ийн бүлэг”-ийн уулзалтын төгсөлд гаргасан ОХУ-ыг буруутгасан хамтарсан мэдэгдэлд оролцов. БНХАУ-аас АНУ-д суух Элчин сайд асан Чинь Ган “Хэдийгээр БНХАУ ОХУ-ын хамтын ажиллагаанд ‘дээд хязгаар’ байхгүй ч ‘доод улаан шугам’ гэж байна[3] хэмээн хоёр хөршийн харилцааг зааглаж тайлбарласан байдаг.
 
Украины асуудалд БНХАУ-ын хэвлэл мэдээлэл, судлаачдын байр суурь
 
БНХАУ-ын нам засгийн удирдлагууд “ОХУ бол хөрш улс, НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн Байнгын гишүүн, АНУ-ын хүч анхаарлыг тарамдуулах стратегийн хамтрагч” хэмээн үзэж харилцдаг, түүнийг нь голлох мэдээллийн хэрэгслээр мэдээлж, эрх баригчдын гадаад бодлогын стратеги үзэл санааг сурталчилан таниулж байна. Харин БНХАУ-ын эрдэмтэн судлаачид ОХУ-ын бодлого стратегийг шүүмжилсэн, Москвагийн одоогийн чадвар чадамж, Украины дайны уршиг нөлөөг үнэлсэн судалгааны өгүүлэлүүдийг гаргаж байна. ОХУ-ын талаар шүүмжилсэн судлаачдын судалгаа, мэдээг хэдийгээр төв телевиз, намын гол мэдээллийн хэрэгслүүдээр гаргадаггүй боловч тэдний судалгааг тодорхой түвшинд нийтэд мэдээлэх орон зайг нээлттэй байлгадаг юм.
 
БНХАУ-ын төрийн мэдээллийн хэрэгсэл: Украины дайнтай холбоотой асуудалд нэгдүгээрт Бээжингийн эрх ашгийг хамгаалах, хоёрдугаарт стратегийн түнш ОХУ-ын “нэр нүүр”-ийг бодолцох, гуравдугаарт улс төр, ёс зүй, үзэл суртлын бурууг АНУ руу чиглүүлэх гэсэн үзэл санааны дараалалтайгаар мэдээллийг цацаж байна. Украинд дайн эхэлснээс хойш цацагдсан мэдээний зарим нэг онцлогоос дурвал:
 
-Украины дайны эхэн үед Хятадын төрийн мэдээллийн хэрэгслээр тогтмол тойм ярьдаг судлаачид “ОХУ-ыг богино хугацаанд ялалт байгуулна хэмээн төсөөлж, АНУ-ын ноёрхсон олон улсын харилцааны системийг өөрчлөх үйл явцыг хурдасгана” гэж таамаглаж байв. Украинд дайны явц удааширч, ОХУ-ын цэрэг ялагдал хүлээж эхэлсний дараа энэхүү үг хэллэгээ өөрчилсөн юм. БНХАУ-ын төрийн мэдлийн мэдээллийн хэрэгслээр одоог хүртэл ОХУ-ын Украинд довтолсон явдлыг “цэргийн тусгай ажиллагаа” хэмээн мэдээлж байгаа юм.
 
-Хятадын төв телевизээр “Украинд гадны хүчин нөлөөлсөн учраас ОХУ “цэргийн тусгай ажиллагаа” явуулах болсон. Украинд АНУ тэргүүтэй барууны орнууд зэвсэг нийлүүлэн ОХУ-ыг сулруулах бодлого баримталж, гал зогсоох энхийн гэрээ хэлцэл хийх нөхцөл боломжийг боогдуулж байна. Украины дайнаар АНУ-ын зэвсгийн компаниуд ашиг олж, Европын улс орнууд хохирч эрчим хүчний хямралд орсон” гэх агуулгатай мэдээллийг голлон түгээж байна.
 
-Хятадын төв мэдээллийн хэрэгслүүд ОХУ 9 дүгээр сард Украинд эзэлж авсан 4 мужийг ОХУ-д нэгтгэх санал асуулга явуулж нэгтгэсэн талаар мэдээг мэдээлсэнгүй. Гадны улс орны нөлөөтэйгээр Тайванийг иймэрхүү байдлаар “тусгаар тогтнох”-оос болгоомжилж байгаа нь ажиглагдав. Хятадын зарим судлаачид ЗХУ, ОХУ-ын зохион байгуулсан санал асуулгыг дурсахдаа “Монголын тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулга”-ыг дурдаж таагүй байдаг тухайгаа илэрхийлж байв.
 
Мөн Хятадад зохион байгуулагдсан олон улсын арга хэмжээнд ОХУ-ыг шүүмжилсэн мэдэгдэл хийхийг хориглож байв. Шанхайн олон улсын импортын экспогийн нээлтээр Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Мишелийн хэлэх видео бичлэгт ОХУ-ын Украинд явуулж буй дайныг эсэргүүцсэн утгатай мэдэгдэл байсан учраас Хятадын тал уг хэсгийг устгахыг шаардаж, хариуд нь ЕХ-ны зүгээс тавих илтгэлээ цуцалсан юм.[4]
 
Хятадын судлаачдын ОХУ-ын талаарх хандлага байр суурь: Хятадын судлаачид сүүлийн жилүүдэд “ОХУ-ыг их гүрний байр сууринаас уруудсан, зөвхөн улс төрийн нөлөө, цөмийн зэвсгийн хүчин чадлаар л их гүрний байр сууринд тогтдог, эдийн засгийн бүтэц нь байгалийн баялгаас хэт хамааралтай, үйлдвэрлэлийн чадамж сул, Гуандун мужийн эдийн засагтай дүйцэхүйц улс” гэсэн утга агуулга бүхий судалгаа мэдээллийг түгээх болсон. Мөн зарим судлаачид Оросыг Хятадын орчин цагийн түүхэнд хамгийн их “дээрэлхэж дээрэмдсэн улс” гэж үздэг.
 
Өмнөд хөршийн судлаачдын хойд хөршийн талаарх шүүмжлэлтэй байр суурь Украины дайн эхэлснээс хойш улам их нэмэгдэв. Юун түрүүн БНХАУ ОХУ-ын хамтын ажиллагааны хязгаарт “зааг татаж”, Украины дайнаас үүдэлтэй үүссэн улс төр, ёс зүйн хариуцлагыг Бээжингээс холдуулж, БНХАУ ч мөн адил энэ дайны хохирогч гэж бичиж байна.
 
БНХАУ-ын Нийгмийн ШУА-ийн судлаач Шяо Бин “БНХАУ ОХУ-ын харилцаанд дээд хязгаар байх ёстой, энэ дээд хязгаар бол БНХАУ-ын ашиг сонирхол буюу БНХАУ-ын ард түмний ашиг сонирхол хохирохгүй байх явдал юм. БНХАУ ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэл нь дайнгүй үед бий болсон харилцаа, харин дайны нөхцөлд хяналт тавих боломжгүй таамаглашгүй эрсдэлүүд дайнгүй ердийн үеийнхээс хамаагүй өндөр байдаг гэдгийг санах хэрэгтэй”[5] гэжээ. Мөн зарим судлаачид ирээдүйд Вашингтон Бээжингийн хооронд зөрчил мөргөлдөөн гарахад АНУ-аас БНХАУ-ын эсрэг хэрэгжүүлж магадгүй улс төр, эдийн засгийн арга хэмжээг ОХУ-д чиглэсэн хоригуудаас харж болохоор байгааг дурдаж байв.
 
Өмнөд хөршийн судлаачид Хаант Оросоос одоогийн ОХУ хүртлэх хойд хөршийн уналт босолт, өнөөгийн ОХУ-ын гадаад бодлогын амбиц бодит хүчин чадалын зөрүү, ОХУ-ын Украины дайны талбар дээрх чадвар чадамж зэргийг шүүмжилж, Орос улс Украины дайныг эхлүүлэх ёсгүй байсан талаар дурдаж байв. Тэдний үзэж байгаагаар “Украины дайн одоо ямар ч байдлаар төгссөн ОХУ бодит байдал дээр “ялагдсан”.
 
Цаашид олон улсын харилцаанд Москвагийн үзүүлэх нөлөө, чадамж буурна” гэсэн түгээмэл дүгнэлтийг хийж байна. Фудань их сургуулийн профессор Тан Шипин ”Украины дайн 4 хувилбартай дуусах боломжтой байсан, гэхдээ одоо ОХУ Украины дайнд ялах магадлал маш бага болсон” гээд доорх 4 нөхцөлийг дурдсан юм. 1. ОХУ Украинд хурдан ялалт байгуулсан бол БНХАУ-д хамгийн ашигтай, 2. ОХУ Украинд бага багаар ялалт байгуулах юм бол БНХАУ-ын хувьд боломжийн үр дүн, 3. ОХУ Украинд аажмаар ялагдвал БНХАУ-ын хувьд хамгийн муу үр дүн, 4. Талуудын хэн нь ч ялалтад хүрэхгүй тэнцэх нь БНХАУ-д тийм ч сайн үр дүн биш, гэхдээ гал зогсоох хэлэлцээрт оролцож, Украины дайны дараах сэргээн босголтод хувь нэмэр оруулвал үүнийг БНХАУ-ын хувьд боломж гэж хэлж болох юм”[6] гэжээ. Фудань их сургуулийн Олон улс судлалын хүрээлэнгийн дэд захирал Фэн Ёужүнь “Украины дайнаас үүдэлтэйгээр НАТО-гийн байр суурь, эв нэгдэл бэхжиж, Европод “төмөр хөшиг” бий боллоо, гэхдээ энэ “төмөр хөшиг” хүйтэн дайн үеийнхтэй адилгүй, одоо бол бүх Европ цар тахлын хөл хорио шиг ОХУ-ыг “тусгаарлаж” байна… ОХУ Украины дайн хүйтэн дайны дараах дэлхийн хөгжил өөрчлөлтөд томоохон эргэлтийг авчирсан. Олон улсын улс төр, аюулгүй байдлын хувьд 2014 оны Крымийн хямралаас хойш ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хориг тавих эрхээ удаа дараа урвуулан ашигласан.
 
Энэ оны 4 дүгээр сарын 26-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд 83 улс НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн Байнгын гишүүн орны хориг тавих эрхэд хязгаарлалт тавих талаар санал дэвшүүлсэн. Орос Украины дайны нөлөөгөөр НҮБ-ын олон талт аюулгүй байдлын тогтолцооны шинэчлэлийн үйл явц цаашид хурдасна. Энэхүү НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн өөрчлөлт нь БНХАУ-д чухал нөлөө үзүүлнэ…
 
Цаашид дэлхийн эдийн засаг, олон улсын харилцаанд ОХУ-ын эзлэх байр суурь улам бүр доошилно. Евразийн бүс нутаг улам хуваагдмал хэлбэрт шилжиж, тус бүс нутагт үзүүлэх ОХУ-ын нөлөө, хяналт аажмаар буурах болно”[7] гэжээ. Өмнөд хөршийн судлаачид ОХУ-ыг БНХАУ-ын найдвартай ёс зүйтэй нөлөө бүхий түнш гэдэгт эргэлзсэн байр сууринаас хандах болж, Москвагийн хүчин чадал нөлөө буурсан, цаашид ч энэхүү уруудал үргэлжлэнэ гэх таамаг судалгааг хэлж нийтэлдэг болоод байна.
 
“Хэрэв Москва Украинд ялагдал хүлээвэл ОХУ-ын дотоодод өөрчлөлт гарна, сүүлийн 170 жил Орос гадаадад дайнд ялагдал хүлээвэл дотооддоо бодлогын өөрчлөлт заавал гаргадаг, зарим тохиолдолд хувьсгал ч гарч байсан, Оросын энэ өөрчлөлт хувьсгал үргэлж Хятадад нөлөөлж ирснийг мартаж болохгүй” гэсэн судлаачийн үг анхаарал татав.
 
Өнгөрсөн жил Хятадын дотоодод oросын эсрэг үзэлтэй масс маш их байгаа нь мэдрэгдэж байсан бөгөөд хэрэв ОХУ суларч задарвал “алдсан газар нутгаа авах” тухай сэтгэгдлүүд цахим орчинд бичигдэж байв. Гагцхүү олон улсын харилцааны тодорхойгүй тогтворгүй орчин нөхцөлөөс шалтгаалж БНХАУ-ын нам засаг ОХУ-тай стратегийн түншлэлийн харилцаагаа хадгалж, дотоодын oросын эсрэг үзлийг тодорхой түвшинд хязгаарлах арга хэмжээ авч, зөвхөн хятадын цахим орчинд судалгаа сэтгэгдэлээ бичих байдлаар илэрхийлж байна.
 
 
Аюулгүй байдал судлалын хүрээлэн бэлтгэв

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.