| |
Видео
Шинэ мэдээ
С.Эрдэнэ Л.Гантөмөрийг зөвшөөрөхгүй, дахин их хурал хуралдуулна
Өчигдөр АН-ын ҮБХ-ны хуралдаан 54.4 хувийн ирцтэйгээр хуралдаж, АН-ын даргаар УИХ-ын гишүүн асан, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд асан Л.Гантөмөрийг 51.88 хувийн саналаар сонгосон билээ. Улмаар үргэлжлүүлэн хуралдсан АН-ын ээлжит бус их хурлаар уг сонгуулийн дүнг ёсчлон, уг шийдвэрийг Улсын Дээд Шүүхэд хүргэхээр болсон юм. АН-ын даргаар сонгогдсоныхоо дараа Л.Гантөмөр: "Шинээр сонгогдох АН-ын даргыг Дээд шүүх бүртгэнэ, асуудалгүй. Ихэнхи нь энд хуралдаж, шийдвэрээ гаргаж байна. Тамгагүй нам гэж байдаг юм уу? С.Эрдэнэ, Х.Баттулга нартай уулзана, ойлголцоно, асуудалгүй.С.Эрдэнэ, Х.Баттулга нартай ярилцаад л явна. Монголын ардчиллын төлөө байгаа бүх хүнийг эгнээндээ нэгтгээд явна" хэмээн итгэл төгс мэдэгдэж байв.
Гэвч энэ бүхэн түүний ярьж буй шиг амархан шийдэгдэх нь юу л бол?
С.Эрдэнэ даргатай АН анхнаасаа л уг ҮБХ-ы хурал гэгчийг хууль бус, АН-ын үндсэн дүрмийг зөрчсөн үйл ажиллагаа хэмээн үзэж, "Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хорооны/ҮБХ/ хурлыг намын дарга, улс төрийн зөвлөлөөс зарладаг. Эсвэл ҮБХ-ны 1/3 нь санал гаргаж болдог. Уг саналыг ҮБХ-ны дарга болон АН-ын даргад гаргах ёстой. Үүний хариуг 14 хоногийн дотор өгдөг журамтай. Энэ процесс алга болжээ.
ҮБХ 315 гишүүнтэй. Өнөөдрийн байдлаар эрх бүхий 254 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Манай намын дотоод сонгуулийн хороо журмаа боловсруулаад даргаа сонгох ажил явагдана. Одоогоор АН-ын даргын ажлыг С.Эрдэнэ хийж байгаа. ҮБХ-ы дарга нь Д.Ганбат. Тэгэхээр энэ ҮБХ-ы хурал гэгчийг зарлах ёсгүй хүмүүс нь зарласан тул хүчин төгөлдөр бус" гэж тайлбарлаж байлаа.
Эх сурвалжийн өгүүлж буйгаар өчигдөр Л.Гантөмөр АН-ын даргаар сонгогдсон тухай мэдээг С.Эрдэнэ шоолж, тохуурхан хүлээж авсан гэх бөгөөд 2017 онд АН-ын бүх гишүүдийн сонгуульд надтай намын даргын төлөө өрсөлдөөд маш их саналын зөрүүтэйгээр ялагдсан хүн гэнэт намын шинэ нүүр царай болно гэж юу байхав дээ гэсэн гэх.
Мэдээж С.Эрдэнэ АН-ын даргаар сонгогдсон гэх Л.Гантөмөрийг хүлээн зөвшөөрөхгүй, АН-ын тамгыг өгөхгүй бөгөөд энэ удаагийн ҮБХ-ы хурал, АН-ын ээлжит бус их хурлыг ч хүлээн зөвшөөрөхгүй юм байна. Харин ирэх 2-р сард дахин АН-ын ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулахаар болсон байна. Уг их хурлыг "Женко" Х.Баттулгын талтай хамтран зохион байгуулах эсэхийг ярилцан зөвшилцөж буй гэх бөгөөд эцэслэн шийдээгүй байгаа аж.
О.Чулуу