|
Видео

Шинэ мэдээ

Авлига, албан тушаалын хэргийн “discount” дахиад арав хоног үргэлжилнэ

Авлига, албан тушаалын хэргийн “discount” дахиад арав хоног үргэлжилнэ

 

УИХ-аас өнгөрсөн баасан гаригт Эрүүгийн хууль, бусад дагалдах хуулиудад авлига, албан тушаалын хэргийн ялыг чангатгах зэрэг томоохон өөрчлөлтийг орууллаа. 
Уг өөрчлөлтөөр хуулиар халдашгүй байдлыг нь баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон үеэс сэргээн тоолохоор боллоо. Мөн авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд аливаа хэлбэрээр өршөөл үзүүлэхгүй.
Бас Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, дэд сайд, Цэцийн гишүүн,  Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах болон эрх бүхий албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй. Түүнчлэн эдгээр албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар болж байгаа юм. Ер нь бол манай хуулийн тогтолцоогоор авлига, албан тушаалын томоохон хэргүүдэд холбогдсон хүмүүст хөнгөн хариуцлага тооцдог.
Тухайлбал, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан этгээд асар их хохирол учруулчихаад 40 сая төгрөг төлөөд өнгөрдөг. Тэгвэл цаашид ийм гэмт хэрэгт торгох ялыг оногдуулахгүй байхаар болж байна. Түүнчлэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийн үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг зохицуулалттай болжээ.
Ингэхээр шүүхийн шатанд очоод байгаа “Эрдэнэт”, Оюу толгой, Хөгжлийн банкны хэргүүд, удахгүй шийдэгдэх нүүрсний хулгайн хэрэгт хуулийн дагуу хатуу хариуцлага тооцогдохоор болж байна. Гэхдээ авлига, албан тушаалын хэргийн өмнө хэрэгжиж байсан “discount” дахиад арав орчим хоног үргэлжилнэ. Учир нь Эрүүгийн хууль, бусад хуульд оруулах өөрчлөлтийг хэдий баталсан ч УИХ-ын шийдвэрийг хүлээж авснаас 72 цагийн дотор Ерөнхийлөгч хориг тавих эсэхээ шийдэх ёстой. Мөн уг хуулийн өөрчлөлтүүд Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж байж хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Тэгэхээр авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст арав орчим хоног буюу 2022 он дуустал өмнө хэрэглэж байсан “discount” үйлчлэх боломжтой. Тодруулбал, ирэх хэдэн өдөрт прокурортой “тохиролцоод” хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй гэсэн үг. Харин 2023 он гараад л ялын хатуу бодлого үйлчилж эхэлнэ.
 
Гэвч энд анхаарал татаад байгаа нэг том асуудал бий. Уг хуулийн өөрчлөлтийг чуулганаар хэлэлцэх үед 30 орчим гишүүн “зугтаасан” байдаг. Оролцоогүй. Эх сурвалжуудын мэдээллээр хуулийн энэ өөрчлөлтийг гишүүд “цаазын ял” шиг хүлээж авчээ. Уг нь жирийн шударга түшээдэд энэ ямар ч хамаагүй. Зөвхөн хулгайч түшээд л айх учиртай хууль байгаа юм. Нэг үгээр хэлбэл, энэ нь төрд өргөсөн тангараг, иргэдийн хүлээлгэсэн итгэлийг уландаа гишгэж ёс суртахууны хэмжүүрийг гээж, ЖДҮ, “Эрдэнэт”, Оюу толгой, Хөгжлийн банкны хэргүүд нүүрсний хулгай гэх мэтийг хийж буй улстөрчдөд хэрэглэх хуулийн хазаар л юм.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler