![]() |
Ц.Элбэгдорж: МАН-ыг хар л даа. Эд нар яаж даварч, яаж Монголын ард түмний мөнгөөр гульгиж байгааг хар л даа
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр болсон С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын ҮБХ-ны хуралд оролцож үг хэлсэн юм.
Тэрбээр " Намайг Ардчилсан намын гишүүн гэж хардаг. Та нар энэ МАН-ыг хар л даа. Эд нар яаж даварч байгааг. Яаж энэ Монголын ард түмний мөнгөөр гульгиж байгааг хар л даа. Бүүр ямар ч сөрөг хүчингүй, хэлж ярих ард түмэнгүй юм шиг загинаж байна. Юу болж байгааг хар л даа. Ядаж Монгол дотроо хар л даа. Бүүр илчлэгдэхээс айсан. Улс орныг авч явах нь байтугай наадуул чинь үг даах ч чадваргүй болсон. Сөрөг хүчин байхгүй, хэлж ярих хүн байхгүй гэж ойлгоод шилэн арьстай болсон байна шүү дээ. Шүүмжилж байгаа хүмүүсийг, хувийн эрх чөлөөгөө эдэлж байгаа хүмүүсийг, Монголын ардчиллын авчирсан цөөхөн ололтыг алаад дууслаа. Устгаад дууслаа наадуул чинь. Сонгуульдаа л бэлтгэж байна. Хийдэг юм нь пиар. Хийдэг юм нь хүний тархи угаах. Өөрийгөө шүтэх, шүтүүлэх өвчинд авчихсан. Дарга цэрэг гээд дагаад л салбагнаад явж байгаа хүүхэлдэйнүүд цагийн салхинд хийснэ. Цагдаа хуулийн байгууллагыг хар л даа. Эрх мэдлийг яаж ашиглаж байна. Өөрийнхөө хамгаалалтын алба шиг ашиглаж байна. МАН-ын хамгаалалтын алба шиг болсон. Газар бүр та бүхнийг, ард түмнийг доромжилж байна. АН-ыг дуу хоолойгүй болгох гэж оролдоод байна шүү дээ. Бид Засгийн эрх авах гэсэн дээрмийн бүлэг биш. Дарга цэрэг болоод хулгайн үүр болох юм уу. Ядарч туйлдсан иргэдээ бид яаж чөмөгжүүлэх юм бэ. Мөлжигдсөн, дарлагдсан хувийн хэвшлээ яаж өөд нь татах вэ. Сүүлийн 10 жил агшаад байгаа эдийн засгаа яаж дээш нь татах юм бэ. Ард түмэн үүнийг харж байна.
Гэтэл шийдэл ярихгүй байгаа юм чинь ард түмэн та нар ч адилхан гэж харж, хэлж байна.
МАН бол Монголын дайснуудын бахыг хангаж байна. Монголын хүүхдүүдийн хадгаламжийг хулгайлж байна. Таван их наяд болсон байх мөнгийг хулгайлааад дуусч байна. Хэн дуугарч, хэн ярьж байна вэ.
2015 онд төрийн албан хаагчдын тоо 115 мянга байсан гэтэл 210 мянган болсон байна. Монголын нийгмийн орон зай бүрт хувалз шиг шигдээд орчихлоо.
МАН сонгуулиа эхэлчихсэн байгаа биз дээ. Үндсэн хуулийн манаачтай нь нийлж байгаад Монгол Улсын Үндсэн хуулийг хулгайллаа шүү дээ. 62-уулаа сууж байж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадалгүй, цэцтэй нь нийлж хулгай хийлээ. Монголын ардчиллыг алж байгаагийнхаа төлөө, Монголын ард түмний боломжийг хулгайлж байгаагийнхаа төлөө эд Монголоос зайлах ёстой. Юун эрх мэдэл хэрэгжүүлэх вэ.
Ардчилал зүгээр ирдэг гэж бодож байна уу. Тэмцэж байж авчирдаг юм. Энэ доромжлолыг тэвчээд суухад дэндүү хайран байна" хэмээн бухимдан АН-ын ҮБХ-ны гишүүдийг идэвхтэй ажиллахыг уриалав.
