| |
Видео
Шинэ мэдээ
Дэлхийн эдийн засаг уналтад орох эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулжээ
Дэлхий даяарх төв банкууд инфляцыг тогтоон барихын тулд бодлогын хүүгээ нэгэн зэрэг өсгөж байгаатай холбоотойгоор 2023 онд дэлхийн эдийн засаг уналтад орж болзошгүйг Дэлхийн банк пүрэв гарагт анхааруулжээ. Төв банкууд энэ онд бодлогын хүүгээ сүүлийн 50 гаруй жилд үзэгдээгүйгээр өсгөөд байгаагаар зогсохгүй ирэх жилд ч энэ байдал үргэлжилж магадгүй байна гэж Дэлхийн банкны шинэ судалгаанд бичсэн байна.
Мөн дэлхийн хамгийн том гурван эдийн засагт тооцогддог АНУ, Хятад, Европын Холбооны өсөлт энэ онд хэдийнээ огцом саараад байгааг эш татжээ. Улмаар ирэх онд “дунд зэргийн цохилт” ч дэлхийн эдийн засгийг уналтад оруулж болзошгүй гэдгийг анхааруулсан байна. “Дэлхийн эдийн засгийн өсөлт огцом саарч байгаагаар зогсохгүй цаашид олон орны эдийн засаг уналтад орвол улам удааширна. Эдгээр хандлага цааш үргэлжилбэл хөгжиж буй орнуудад урт хугацааны сөрөг үр дагаврыг авчирч болзошгүйд санаа зовниж байна” гэж Дэлхийн банкны тэргүүн Дэвид Малпасс ярьжээ. Судалгаанд одоогоор хүлээгдэж буй хүүгийн өсөлт болон бусад бодлогын арга хэмжээ нь дэлхийн инфляцыг цар тахлын өмнөх түвшинд хүргэхэд хангалтгүй байж магадгүй гэдгийг мөн цохон тэмдэглэсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг