|
Видео

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарын нэрийг барьж, "Даадаа групп"-ын захирал Б.Дашцэрэн бусдаас онц их хэмжээний мөнгө залилжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарын нэрийг барьж, "Даадаа групп"-ын захирал Б.Дашцэрэн бусдаас онц их хэмжээний мөнгө залилжээ

 

-ӨӨРИЙГӨӨ ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН БИЕ ТӨЛӨӨЛӨГЧ, ТУСЛАХ ХЭМЭЭН ТАНИЛЦУУЛСАН "ДААДАА ГРУПП”-ЫН ЗАХИРАЛ Б.ДАШЦЭРЭН БУСДЫГ "ДАРГА БОЛГОНО” ХЭМЭЭН ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ЗАЛИЛСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА-

            Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарын нэрийг барьж, албан тушаал наймаалцахыг санаархаж, бусдыг "Дарга болгож өгнө” хэмээн онц их хэмжээний мөнгө залилсан хэрэг гарчээ. Маш ноцтой авлига, залилангийн хэргийн сэжүүр хууль хяналтын байгууллагад ирж, шалгалтын ажиллагаа хийж байгаа гэнэ.

         Тодруулбал, өөрийгөө "Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бие төлөөлөгч, баруун гарын туслах, нийслэлийн Баянгол дүүргийн Залуучуудын холбооны дарга” хэмээн танилцуулсан "Даадаа групп”-ын захирал Батсайханы Дашцэрэн бусдад "Чамайг намын дарга, генсек нарт ойлгуулж, өндөр албан тушаалд томилно. Чи намд хандив өгөх хэрэгтэй” хэмээн итгүүлж, их хэмжээний мөнгө залилсан байж болзошгүй ноцтой хэрэг баримт, нотолгоотойгоо байцаагчдын ширээн дээр сагсайж байгаа гэнэ. Уг залилангийн хэргийг хууль хяналтын байгууллагынхан шалгаад эхэлжээ. Эл хэрэгт төр захиргааны байгууллагын албан тушаалтнууд ч холбогдсон байж болзошгүй нөхцөл байдал илэрч, хэрэг улам ноцтой болж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, төр, захиргааны байгууллагын дарга нар намын цүнх баригчидтай сүлбэлдэж, албан тушаал наймаалцдаг байж болзошгүй гэмт хэргийн сэжүүрээс хууль хяналтын байгууллагынхан "атгажээ”. Нам дагаж, цүнх барьсан, өөрийгөө "МАН-ын залуу үе” хэмээн бусдаар захиалан бичүүлэгч Б.Дашцэрэн "Өндөр албан тушаалд томилж өгнө” хэмээн бусдаас их хэмжээний мөнгө завшиж, залилсан маш ноцтой баримтын эхлэлийг уншигч танд хүргэх гэж байна.

Б.ДАШЦЭРЭН МАН-ЫН НЭРЭЭР АЛБАН ТУШААЛ НАЙМААЛЦАХ САНАЛ ТАВЬСАН НЬ

    "Даадаа групп” ХХК-ийн ерөнхий захирал, МАН-ын гишүүн Б.Дашцэрэн нь 2020 оны аравдугаар сарын 15-нд Дундговь аймагт очжээ. Ингэхдээ "БНЗӨБЦТС” ТӨХК-ийн Дундговь аймаг дахь салбарын нэр бүхий албан тушаалтантай ажил хэрэг, амин хувийн ажлаар уулзсан гэнэ. Тэд намын ажил, хандив туслалцаа, албан тушаал дэвших, бууруулах, наймаалцах талаар нууц уулзалт хийсэн байж болзошгүй аж. Ингээд уулзалт дуусаж, тэд албан тушаалд томилж болох, намд хандив нэрээр мөнгө өгч чадах хэмжээний хүнийг онилж, дараагийн ажилдаа орсон гэнэ. Бүр нарийн тооцоолж, өөрсдийн бэлтгэсэн тусгай тактикаар ажиллагаагаа явуулахаар болсон аж. Эхний ажиллагааг "БНЗӨБЦТС” ТӨХК-ийн Дундговь аймаг дахь салбарын нэр бүхий албан тушаалтан хариуцан ажиллаж, холбох гүүр нь болохоор тохиролцжээ. "Даадаа групп”-ын ерөнхий захирал Б.Дашцэрэн зуучлагч болох "БНЗӨБЦТС” ТӨХК-ийн Дундговь аймаг дахь салбарын нэр бүхий албан тушаалтанд "Чи эхлээд тэр хүндээ хэл. Улаанбаатар хотын МАН-ын Баянгол дүүргийн Залуучуудын холбооны дарга, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн бие төлөөлөгч, туслах Дашцэрэн гэж хүн ярина. Энэ хүн манай Дундговь аймагт том ажил хийж байгаа юм байна. Чамайг өөр гайгүй, өндөр албан тушаалд тавьж өгье гэнэ. Найз нь бас өөр өндөр албан тушаалд тэр хүний нөлөөгөөр очихоор боллоо” гэж хэлэх даалгавар өгсөн гэх.

ЗАЛИНГИЙН ГЭМТ ХЭРЭГ ҮҮ, 60 ТЭРБУМЫН СХЕМ ҮҮ

       Тохиролцож, ярьсан ёсоор зуучлагч этгээд нь 2020 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр буюу уулзалт болсноос 21 хоногийн дараа "БНЗӨБЦТС” ТӨХК-ийн ... аймаг дахь салбарын цахилгааны инженер Б рүү утсаар ярьж, Б.Дашцэрэнгийн дайсан үгийг нэг бүрчлэн хэлж, инженер залууд ойлгуулсан гэнэ. "БНЗӨБЦТС” ТӨХК-ийн Дундговь аймагт дахь салбарын нэр бүхий албан тушаалтан инженер Б-тэй өмнө нь ажил мэргэжлээр холбогдож, ойрын танил болсон байжээ. Тэрбээр инженер Б-д "Б.Дашцэрэнд чиний дугаарыг өгчихсөн байгаа. Чамд алдах юм байхгүй. Гайгүй албан тушаалд томилогдчихвол чамд хэрэгтэй. Хэдий болтол инженерээр ажиллах юм бэ. Нам дагасан хүмүүс албан тушаалд очоод байна” зэргээр толгойг нь эргүүлсэн гэнэ. Тэднийг ийн ярилцаж, ойлголцсоноос хоёр цагийн дараа "Даадаа групп”-ын ерөнхий захирал Б.Дашцэрэн "БНЗӨБЦТС” ТӨХК-ийн ... дахь салбарын цахилгааны инженер Б рүү залгаж, "БНЗӨБЦТС” ТӨХК-ийн Дундговь аймаг дахь салбарын албан тушаалтан Э-д чиний дугаарыг өгсөн юм. Э чиний талаар надад маш сайн ойлгуулж, хэлсэн. Намын шугамаар чиний ажил төрлийг чинь дэвшүүлж ажиллуулах талаар ярьж, хэлэлцэж байна. Чи над руу анкет, хувийн бичиг баримтаа яаралтай явуулах хэрэгтэй. Одоо бүх газрын томилгоо хийгдэж байгаа. Чамайг гайгүй, өндөр албан тушаалд томилж, намд хандив авна. Чиний одоогийн ажиллаж байгаа салбарын дарга болгож болно. Харин одоо яаралтай 20 сая төгрөг намд өгөх хэрэгтэй байна. Миний хэлсэн мөнгийг арванхоёрдугаар сарын 10-ны дотор шилжүүлбэл намаас албан бичиг явуулж, дарга болгоно” гэж ярьжээ.

            Цахилгааны инженер Б түүний тавьсан саналыг зөвшөөрөөгүй бөгөөд мөнгө төлж даргын албан тушаалд томилогдох хүсэлгүй байгаагаа хэлсэн гэнэ. Харин Б.Дашцэрэн нь хоёр хоног өдөр, шөнөгүй залгаж, "Яг одоо МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай хамт байна. Дарга нарын аргыг олж, чиний ажлыг бүтээгээд өгч байхад ингэж хулхидаж болохгүй шүү. Эсвэл чамайг одоогийн ажлаас чинь халж, дахиж мэргэжлээрээ бүүхэл томоохон компанид ч ажиллахгүй болгож чадна” зэргээр сүрдүүлж, 20 сая төгрөг шилжүүлэх саналыг зөвшөөрүүлсэн гэнэ. Зөвшөөрүүлэх ч гэж, инженер залуу ажлаасаа халагдахаас айсан учир арга буюу түүний саналыг хүлээн зөвшөөрчээ.

Б.ДАШЦЭРЭН "БНЗӨБЦТС” ТӨХК-ИЙН ... САЛБАРЫН ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР Б-Г "ДАРГА БОЛГОНО” ХЭМЭЭН 72 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ

          Инженер Б өөрийн хамаарал бүхий этгээдээс нэг сарын хугацаатай 20 сая төгрөг зээлж, Б.Дашцэрэнгийн мессэжээр явуулсан Баднаанямбуу гэх хүний эзэмшлийн Хаан банкны ... тоот дугаарын данс руу 2021 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр шилжүүлжээ. Үүнээс хойш инженер Б Улаанбаатар хотод ирж, "Даадаа групп” ХХК-ийн Б.Дашцэрэнтэй таван удаа уулзсан гэнэ. Уулзах бүрдээ Б.Дашцэрэн инженер Б-ээс мөнгө нэхэж, 2021 оны долдугаар сар хүртэл түүнээс 72.7 сая төгрөг шилжүүлж, залилжээ.

        Энэ талаар эх сурвалж мэдээлэхдээ "Даадаа групп” ХХК-ийн захирал Б.Дашцэрэн нь инженер Б-г "МАН-ын генсек Д.Амарбаясгалантай уулзуулна” гэж удаа дараа худлаа ярьсан байна лээ. Утсаар ярих бүрдээ "Чиний асуудлыг мэдэж байгаа. МАН-ын генсек Д.Амарбаясгалантай чиний талаар ярьсан. Д.Амарбаясгалан чамтай өөрөө уулзана гэсэн. Бид чамайг Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Ерөнхий инженерээр томилох шийдвэр гарсан. Чамайг удахгүй ажилд чинь оруулж өгнө” хэмээн худал ярьж, нийт 72.700.000 сая төгрөг залилж, авсан. Энэ бүхнийг нотлох зүйл нь дансны хуулгаараа байж байгаа. Цахилгааны инженер Б өөрийн хамаарал бүхий этгээдээс 68 сая төгрөг удаа дараа зээлж, шилжүүлж авсан нь ч баримтаараа байгаа гэнэ лээ. Бүр болоогүй Б.Дашцэрэн цахилгаан инженер Б-д "Д.Амарбаясгалантай уулзахаар цаг товлочихлоо” гэж хэлээд гурван удаа намын байранд дуудаж байсан гэсэн. Тэгээд уулзалт болох үеэр "Дарга ажилтай болчихлоо” зэргээр шалтаг хэлж, буцааж байсан юм билээ. Үүгээр ч зогсохгүй, хүний 70 гаруй сая төгрөгийг залилж авчихаад сүүлд ярихдаа "Чиний ажлыг яг бүтээж байна. Дахиад 90 сая төгрөг өг. Бүх асуудал цэгцэрч байхад болино гэж байхгүй. Мөнгөө хурдан бүрдүүлээд явуул” гэж хэлсэн байсан. Үүнийгээ маш олон удаа залгаж хэлсэн байгаа юм даа” гэв.

Цахилгааны инженер Б өнгөрсөн долдугаар сараас хойш "Даадаа групп” ХХК-ийн захирал Б.Дашцэрэнгээс мөнгөө нэхэж, буцааж шилжүүлэхийг шаардсан боловч сураггүй алга болжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын нэрийг барьж, цахилгааны инженер залууг сүрдүүлж, их хэмжээний мөнгө ийнхүү залилжээ.

"ДААДАА ГРУПП” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Б.ДАШЦЭРЭН ГЭЖ ХЭН БЭ

Б.Дашцэрэн нь Завхан аймгаас гаралтай, МАН-ын гишүүн. 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж байсан. Аялал жуулчлал, Барилга угсралт, Гэрээт харуул хамгаалалт, Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Даадаа групп” ХХК-ийн ерөнхий захирал. Монголын Хүүхдийн байгууллагын идэвхтэй гишүүн, Завхан аймгийн Хүүхдийн оролцооны байгууллагуудын удирдах зөвлөлийг байгуулж байсан нэгэн.

Одоо Баянгол дүүргийн НАМЗХ-ны тэргүүлэгч, намын идэвхтэн гишүүн. Тэрбээр 2015 оноос МАН-ын "том”-чуудтай ойр байж, УИХ-ын гишүүн Н.Учралтай найз нөхдийн харилцаатай аж.

Үргэлжлэл бий.

https://ergelt.mn/news/22/single/20437

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.