|
Видео

Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ амаа асуулгах уу, амжилтаа ахиулах уу?

МАН 30 дугаар Их хурлаа хийж Монгол Улсын Ерөнхий сайд С.Оюун-Эрдэнийг 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс ирсэн 1245 төлөөлөгчийн 99.72 хувийн саналаар намын даргаараа батламжиллаа. Ямар ч өрсөлдөгчгүйгээр ийм өндөр санал авч намын дарга болно гэдэг уйтгартай, ялалт нь амтгүй мэт. Бас МАН-ын Их хурлаас ямар ч ардчилал харагдсангүй. Бүр үнэртсэнгүй. Гэхдээ гишүүд нь намын даргадаа ингэж их итгэж байгаа бололтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч итгэлийг нь олох гэсэндээ юү, эсвэл үнэхээр санаанд нь багтав уу, дааж давашгүй гэмээр их зүйл амлалаа. Мөн хариуцлагын тогтолцоог чангаруулж, ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсийн толгойг илэхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тухайлбал, "Аймаг, орон нутгаа хөгжүүлж чадахгүй байгаа дарга нарыг чөлөөлнө” гэв.

Л.Оюун-Эрдэнийн намын даргаар батламжлуулахаасаа өмнө өгсөн амлалтуудаас онцлох хэсгийг нь танилцуулъя.

  • Боомтуудын нэвтрэх чадварыг олон улсын түвшинд хүргэх цогц шинэчлэл хийж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс болон шинэ хотуудыг байгуулах ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ.
  • Үндэсний 5600 орчим км үндэсний төмөр замын сүлжээ байгуулна. Үүний хүрээнд Гашуунсухайт, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбоно.
  • УБТЗ ХНН-ийн Алтанбулаг-Замын Үүд чиглэлийн хос төмөр зам барьж хүчин чадлыг нь хоёр дахин нэмэгдүүлнэ.
  • Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт боомтуудыг автозамаар холбоно.
  • Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 км хурдны зам барина.
  • Агаарын тээврийн либералчлалыг эхлүүлж, Шинэ нисэх онгоцны буудлыг Ази-Европыг холбосон агаарын тээврийн дамжин өнгөрөх төв болгон өргөжүүлнэ.
  • Карго тээврийг хөгжүүлэн аялал жуулчлал болон экспортын шинэ боломж нээнэ.
  • Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг дуусгаж, баруун зүүн бүсийн эрчим хүчний хараат байдлыг хална.
  • Эгийн голын УЦС-ыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчилна.
  • "Тавантолгой-ДЦС’’,"Чойбалсан-ДЦС”, "Амгалан- ДЦС”, "ДЦС-III”  өргөтгөл, "Багануур ДЦС”, 5-р эх үүсвэрийг эхлүүлнэ.
  • Аймгийн төвүүдэд дулааны станц, дулаан дамжуулах төв шугам сүлжээтэй болгоно. 
  • Сэргээгдэх эрчим хүчний салбарт гадаадын хөрөнгө оруулалт татаж, эрчим хүч экспортолох ажил эхлүүлнэ.
  • ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын ажлыг ойрын ирээдүйд барьж дуусгахаар төлөвлөж байна.
  • Түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингээх үйлдвэрүүдийг байгуулна.
  • Таван толгойн нүүрс баяжуулах үйлдвэр
  • Алтанширээт аж үйлдвэрийн парк
  • Эрдэнэтийн зэсийн баяжмал хайлуулах үйдлвэр
  • Дарханы арьс шир боловсруулах цогцолбор
  • Дархан, Сэлэнгийн бүсийн гангийн үйлдвэр
  • Ховдын Агро болон үйлдвэрлэл технологийн парк
  • Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг бүтээн байгуулалтыг дуусгана.
  • Хөшигийн хөндийн дагуул хотыг байгуулж, Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ.
  • Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх зэрэг дэд төвүүдийг холбосон 72 км Их тойруу хурдны зам барина.
  • Тулгуурт гүүр бүхий хөнгөн галт тэргийн байгууламжийг гурван чиглэлд 41 км зайд барина.
  • Улаанбаатар болон аймаг, орон нутагт хог хаягдал дахин боловсруулах байгальд ээлтэй шинэ технологийн үйлдвэрүүдийг байгуулна.
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн бол хатуу хариуцлага тооцдог тогтолцоо бий болгоно. Ийм төрлийн гэмт хэрэг хийсэн албан тушаалтныг аль ч шатны сонгуульд оролцуулахгүй.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2024 оны УИХ-ын сонгуулиас өмнө энэ их амлалтаа хэрэгжүүлдэггүй юм аа гэхэд хэрэгжих боломжийг нь бүрдүүлэх ёстой. Ингэж чадахгүй бол сонгуулийн өмнө сонгогчдод, ялагдвал сонгуулийн дараа намынхаа гишүүдэд амаа асуулгана. Харин хэрэгжүүлээд ялж гэмээнэ амжилтаа ахиулан бататгана. Тэрээр намын даргаар батламжлуулсныхаа дараа "МАН өнгөрсөн зуунд эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг сэргээн мандуулж чадсан шигээ, шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг бататган бэхжүүлэхийн хичээнгүйлэн зүтгэх болно. Эдийн засгийн тусгаар тогтнолын зууныг эхлүүлэх, зургаан сэргэлт буюу "Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжиж улс төрийн шийдвэр гаргасанд төлөөлөгчид та бүхэндээ талархаж байна.

Уурхайн эгэл тосгонд өвөөтэйгөө хамт өсч, өрх толгойлсон ээждээ дэм болох гэж явсан бяцхан хүүд өнөөдөр улс төрийн ууган хүчний дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах боломж тохиолоо. Энэ бол МАН залуучуудаа хичнээн их дэмжиж чаддагийн илэрхийлэл юм. Зуун жил болсон ч үргэлж шинэчлэгдэж, залуу байж чаддагийн бодит нотолгоо юм.  Өнөөдөр надад улс төрийн эрх мэдэл, зоримог ажиллах боломж ирж байна. Итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө өөрт байгаа бүхий л боломжоо дайчлан ажиллах болно. Цар тахлын хүндрэлийг даван туулж, эдийн засгаа сэргээхийн төлөө цаг мөч бүхэнтэй уралдаж, шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлж, ирэх хавраас их бүтээн байгуулалтыг өрнүүлцгээе” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ амаа асуулгах уу, амжилтаа ахиулах уу гэдгийг цаг хугацаа харуулна. Түүний амлалтаа биелүүлэх цаг хугацааны тоолуур ирэх хавраас бус индэр дээр үгээ хэлээд зогсож байхад нь гүйж эхэлсэн.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler