|
Видео

Шинэ мэдээ

Үе, үеийн хотын дарга нарын БИЕЛЭЭГҮЙ МӨРӨӨДӨЛ

 

Нийслэл хотод тулгамдаж буй хамгийн том асуудал бол "Замын түгжрэл” хэмээн бүгд дуу нэгтэйгээр хэлэх биз ээ.

Учир нь улаанбаатарчууд бид дийлэнх цагаа зам дээрээ түгжрэн өнгөрүүлсээр удлаа.

Түгжрэлийг арилгах оновчтой шийдлүүдийн нэг нь нийтийн тээврийг ахисан түвшинд хөгжүүлэх явдал болох нь олон улсад бодитоор нотлогдсоор ирсэн.

Харамсалтай нь манай улс нийтийн тээврээ ямар хэлбэрээр хөгжүүлэхээ одоог хүртэл сонгож, ажил хэрэг болгож чадаагүй байгаа юм.

Тодруулбал, Улаанбаатар хотын удирдлага солигдох бүрдээ нийтийн тээврийн шинэчлэлт, хөгжүүлэлтийн талаар маш олон шинэ, шинэ бүтээн байгуулалтын "бахархмаар” төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээ амалдаг ч тэдгээрийн ганц нь ч бодит ажил бололгүй 10 гаруй жил өнгөрчээ.

Иймд 2011 оноос эхлэлтэй, Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэчлэх үе үеийн хотын дарга нарын биелээгүй мөрөөдлийг эргэн нэг саная.



2017 ОНД АШИГЛАЛТАД ОРОХ БАЙСАН "Г.МӨНХБАЯРЫН МЕТРО" /2008-2012/
 


фэйсбүүк хуудсаас авав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалыг 2008 оноос 13 жилийн хугацаанд зургаан хүн хашиж байжээ.

Тэдний нэг нь буюу одоогийн НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хоёр удаа түр хугацаанд Хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.

Тэгвэл нийтийн тээврийн томоохон хөгжил, цэцэглэлтийн тухай энэхүү "үлгэр” нь Турк улсад Монгол Улсыг төлөөлөх Элчин сайдаар ажиллахаар болоод буй Гомбосүрэнгийн Мөнхбаярыг хотын дарга байх үед эхэлсэн байдаг. Тэрбээр нийслэлд метро барьж, ашиглалтад оруулах тухай 2011 онд санаачилж, нийтэд танилцуулж байжээ.

Тухайн үед манай улсыг метротой болгох ТЭЗҮ боловсруулах, гүйцэтгэх компаниар БНСУ-ын "Soosung Engineering” болон "Seoul metro” компанийн хамтарсан консорциум шалгарсан. Ингээд дээрх хоёр компанитай хуучнаар Авто тээврийн газар, Замын цагдаагийн газар, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам хамтран судалгааныхаа бүхий л ажлыг хийж дуусгасан бөгөөд метрог 2017 онд ашиглалтад оруулахаар болж байв.

Ингэхдээ манай улсад илүүтэй тохиромжтойгоор нь бага оврын LRT загварын 5,000-30,000 хүний багтаамжтай, хөнгөн чанарын хоёр хэсгээс бүрддэг метрог сонгоод байжээ.

ӨНГӨРСӨН ОНД ҮЙЛЧИЛГЭЭНД НЭВТРЭХ БАЙСАН Э.БАТ-ҮҮЛИЙН "УЛААНБААТАР-МЕТРО", "ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС" ТӨСӨЛ /2012-2016/
 

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл АХБ-ны суурин төлөөлөгч Роберт Шөүл хаммэрийг хүлээн авч уулзав /2015.05.21/

2012-2016 онд Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргаар ажиллахдаа  "Улаанбаатар метро төсөл” болон "Тусгай замын автобус” төслийг хэрэгжүүлэхээр ярьж байв.

Тодруулбал, Улаанбаатарт метро байгуулах судалгааны ажлын тайлан болон, урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг 2013 онд Японы хамтын ажиллагааны нийгэмлэг ЖАЙКА-гийн төслийн багийн дэмжлэгтэйгээр боловсруулсан бөгөөд 2020 он гэхэд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх тухай мэдээлж байжээ.

Мөн ЖАЙКА болон бусад олон улсын байгууллагаас 600 сая ам доллар, Монгол Улсаас 700 сая ам долларын хөрөнгө оруулалт хийж, нийтдээ 1.5 тэрбум ам.долларын санхүүжилтээр "Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлэх боломжтойг урьдчилсан тооцоолж байв.

Танилцуулгад, Улаанбаатар метрог байгуулахдаа Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх хотын төвийн 6.6 км зайд газар доогуур зам тавьж, хотын хоёр захаар өргөгдсөн хэлбэрээр барьж, авто замаас бүрэн тусгаарлагдсан системтэй байхаар тооцсон байдаг.

Түүнчлэн метроны замыг Энхтайваны өргөн чөлөө дагуу хотыг зүүнээс баруун тийш холбосон 17.7 км урттай газар доогуур ба гүүрэн өргөгдсөн хэлбэрээр барих нь зүйтэй гэж төслийн багийнхан үзэж байв.

Түүнээс гадна, 2015 онд Э.Бат-Үүл хотын дарга байх үед Тусгай замын автобусны шугамын зургийг тухайн онд багтаан гаргах тухай мэдээлэл гарч байжээ.

Тэрбээр энэ тухай Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт Шөүл хаммэртай уулзах үеэрээ BRT /Bus rapid transit/ - ийн цаашид хийгдэх техникийн асуудлаар санал солилцож, Тусгай шугамын автобусны замд Азийн хөгжлийн банкны шугамд тэнцэхүйц троллейбус явуулах саналтай байгаагаа илэрхийлж байжээ.

АХБ ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ С.БАТБОЛДООС ХҮСЭЖ БАЙЖЭЭ /2016-2018/
 

НЗД С.Батболд, АХБ-ны Зүүн хойд Азийн тээврийн газрын захирал Роберт Гайл нарын уулзалт /2016 оны есдүгээр сар/

Дээрх төслийг үргэлжлүүлэн цаасан дээр хөгжүүлсэн нийслэлийн удаах Засаг дарга нь С.Батболд.

Тэрбээр 2016-2018 онд нийслэлийн Засаг даргын албыг хашсан бөгөөд уг нь түүнийг Засаг дарга байх үед 2017 онд Тусгай замын автобусны эхний коридорыг ашиглалтад оруулахыг эрмэлзэж байгаагаа Азийн хөгжлийн банк мэдэгдэж байжээ.

Энэ үед "Тусгай замын автобус буюу BRT” төслийг эхлүүлэхээр талууд 2014 онд гэрээнд гарын үсэг зурсан ч төслийн явц удаашралтай байгаад санаа зовниж буйгаа Зүүн хойд Азийн тээврийн газрын захирал, ноён Роберт Гайл илэрхийлсэн байна.

Тиймээс төслийг аль болох богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг Хотын дарга С.Батболдоос хүсэж байсан аж.

Азийн хөгжлийн банкны тээврийн ахлах мэргэжилтэн Ки Жун Кимийн танилцуулснаар тусгай замын автобусыг хамгийн эхэнд Энхтайваны өргөн чөлөө, Намъяанжугийн гудамжаар явуулах төлөвлөгөө гаргаад байжээ.

С.АМАРСАЙХАНЫ САНААЧИЛСАН АГААРЫН ДҮҮЖИН ТЭЭВЭР 2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРОХ БАЙЛАА /2019-2020/
 

Улмаар 2019 оны хоёрдугаар сард С.Амарсайхан Хотын даргаар томилогдож, солигдох хүртлээ нийслэлийн замын түгжрэлийг арилгахад чиглэсэн нийтийн тээвэртэй цогц төслийг санаачилсан юм.

Тус цогц төсөлд:

  • Автобусны парк шинэчлэлт
  • Цахилгаан соронзон галт тэрэг
  • Шинэ төрлийн такси үйлчилгээ
  • Агаарын такси гэж нэрлэгдэх Агаарын дүүжин тээвэр
  • Тусгай замын автобусыг шинээр нэвтрүүлэх зэрэг багтаж байв.

Дэлгэрэнгүй тайлбарлавал:

Нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төсөлд багтсан Тусгай замын автобус буюу BRT (Bus Rapid Transit) явах замын зурвасыг эхний ээлжид Нисэх-Долоон буудал чиглэлд нийт 15 буудалтай байхаар төлөвлөсөн. Харин дараагийн ээлжид тусгай замын автобусны зурвасыг хотын тойрог хэлбэрээр хамарсан маршруттай болгож 60 орчим буудалтайгаар байгуулна гэж танилцуулж байлаа.

Цахилгаан соронзон галт тэрэгний хувьд, Энхтайваны өргөн чөлөөний дагуу, Амгалангаас Таван шар хүртэл үйлчилгээнд нэвтрүүлэх бөгөөд 12.2 км урттай, 14 зогсоол бүхий байгууламж барина гэсэн.

Агаарын дүүжин тээврийг, Баянхошууны уулзвараас Ханын материал, 3, 4-р хорооллын эцэс хүртэлх чиглэлд дүүжин зам барихаар төлөвлөж байлаа.

Мөн С.Амарсайхан Хотын дарга байхдаа Агаарын дүүжин тээврийн ажлыг 2020 оны дөрөвдүгээр сард эхлүүлж, 2021 оны зургаадугаар сард ашиглалтад орно хэмээн мэдэгдэж байсан юм.

Уг нийтийн тээврийн цогц төслийг хэрэгжүүлснээр 4-6 жилд түгжрэлийг 90 хувь шийднэ хэмээн үзэж, Засгийн газар дэмжиж буйг тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлж байлаа.

ДҮҮЖИН ТЭЭВРИЙН УРЬДЧИЛГААНД ШИЛЖҮҮЛСЭН 22.2 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЮУ ХИЙГДСЭН НЬ ТОДОРХОЙГҮЙ ХЭВЭЭР БАЙНА
 

Гэрэл зургийг Mpa.mn

Улмаар 2020 онд Ж.Батбаясгаланг Хотын даргын үүрэг гүйцэтгэгч байх үед НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулсан.

Түүнээс хойш хоёр сарын дараа төслийн гүйцэтгэгч компани болох Пома групп рүү 16.2 тэрбум төгрөг Эжис рэйл ХХК-руу 6.1 тэрбум төгрөгийг эхний урьдчилгаа болгон тус тус шилжүүлсэн байдаг ч тэр мөнгөөр ямар ажил хийгдсэн нь өнөөг хүртэл тодорхойгүй байна.

Мөн оны наймдугаар сарын 31-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/1080 дугаар захирамжаар Дүүжин тээврийн Ашиглалтын өмнөх захиргаа ОНӨТҮГ-ын бүтэц, орон тоог есөн хүний бүрэлдэхүүнтэй байхаар баталсан.

Гэсэн хэдий ч тус газар одоогоор ямар үйл ажиллагаа, хаана явуулдаг нь ч тодорхой бус байгааг энд дурдах нь зүйтэй.

ТЭНГЭРИЙН ТОЙРОГ ЮУ БОЛОВ ОО?
 


Мөн тухайн үед буюу 2020 онд нийслэлийн дээрх төслүүдээс гадна "Тэнгэрийн тойрог” төсөл хэрэгжүүлнэ гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан танилцуулж байв.

Гэхдээ тус төсөл нь нийслэлээс санаачилсан Агаарын дүүжин тээврийн төслөөр өөр бөгөөд төслийн хүрээнд Улаанбаатар хот бүтэн нэг тойрог замтай болгоно. Энэ бол авто замын төсөл гэдгийг тэрбээр хэлж байв.

Тухайн зам нь Сансарын аюулгүйн тойрог - Зүүн дөрвөн зам – Нарантуул – Дүнжингарав – Үндэсний цэцэрлэгт хүрээлэн - Хан-Уул дүүрэг - Нарны гүүр - Баруун дөрвөн зам - Гэсэр сүм – 100 айл гэсэн тойргоор холбогдохоор төлөвлөж байжээ.

Харамсалтай нь энэхүү төсөл ч ажил болоогүй үлдсэн.

Өөрөөр хэлбэл, 2011 оноос хойш яригдсан дээрх төслүүдийн нэг нь ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй байгаа юм.

ОДООГИЙН ХОТЫН ДАРГА БАГАНАН ТУЛГУУРТ ХӨНГӨН ГАЛТ ТЭРГЭЭР ЗОРЧИХ САНААЧИЛГА ГАРГАВ
 


Гэтэл одоогийн нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар дээрх төслүүдээс алийг нь ч үргэлжлүүлэх бодолгүй бололтой.

Учир нь тэрбээр дээрх төслүүдээс огт өөр, шинэ буюу нийслэлд баганан тулгуурт хөнгөн галт тэрэг, хурдны замын төсөл хэрэгжүүлнэ гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ.

Д.Сумъяабазар "Улаанбаатар хотын тойрог зам, хурдны зам буюу нэг талдаа гурван эгнээтэй, нийт зургаан эгнээтэй хурдны замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөнд орсон.

Түүнчлэн хурдны замын төсөл хэрэгжинэ. Босоо болон хэвтээ тэнхлэгийн 70.2, 82.3 км авто замуудыг төсвийн болон бусад санхүүгийн эх үүсвэрээр тавихаар төлөвлөсөн” хэмээн мэдээлсэн юм.

Энэ талаар нийслэлээс өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулахаар төлөвлөсөн байсан ч хойшилсон аж.

Энэ мэтчилэн биелэх хувь нь дутсан бүтээн байгуулалт манай улсад олон бий. Магадгүй зөвхөн нийтийн тээврийн шинэчлэлтийн энэ олон жишээ л манай төрд залгамж чанар огт байхгүйг харуулж байна.

Хатуухан хэлэхэд, энэ мэтээр нийтийн тээврийг хөгжүүлэх тухай эрх бүхий албан тушаалтнуудын шинэлэг төслүүдийг иргэд сонсохын зэрэгцээ биелэхийг нь хүлээж, мөрөөдсөөр зам дээрээ түгжирсээр өдөр хоногийг үдсээр...

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зориулж 2022 оны улсын төсөвт анх удаа 420 тэрбум төгрөг тусгаад байгаа. Тиймээс энэ асуудалд илүү буурьтай хандаж, "үлгэр” ярилгүй бодит ажил болгож нийслэл дэх замын түгжрэлээсээ салмаар байна, эрх баригчид аа!!!

source: сэтгүүлч Г.Өлзийхутаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler