|
Видео

Шинэ мэдээ

Их Британид 18-аас доош насны охид гоо сайхны мэс хийлгэхийг хуулиар хориглолоо


Их Британий засгийн газраас гоо сайхны мэс ажилбарыг 18-аас доош насны хүүхдүүд хийлгэхийг хориглох шийдвэр, хуулийн зүйл заалт гаргажээ. 

Сүүлийн үед өсвөр насны охид, залуус нүүр царайгаа эмчилгээний журмаар бус дүр төрхөө өөрчлөх зорилгоор хийлгэх нь ихсэссэнээс ийнхүү насны хязгаар тогтоожээ.

Түүнчлэн, гоо сайхны мэс засалтай холбоотой зар сурталчилгаа, видео тоглоом зэрэг нь өсвөр насны охидыг мэс заслын аргаар гадаад төрхөө өөрчлөхөд нөлөөлж байна гэж үзэж байгаа аж.

Иймд, тус улс гоо сайхны мэс заслын зар сурталчилгаанд ч тодорхой хэмжээнд хориг тавихаа мэдэгджээ. 

Тухайлбал, тураах мэс заслын зар сурталчилгааг өдрийн цагаар зурагтаар гаргахыг хэдийн хориглоод байгаа юм. Мөн гоо сайхны мэс заслын зар сурталчилгаанд зохицуулалт хийж, бага насны хүүхдүүдэд үзүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Энэ сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн уг шийдвэрт хөх томруулах, лазераар биеийн үс ургалтыг зогсоох, уруул томруулах, ботокс, силкон шахуулах, хамар засах зэрэг мэс ажилбарууд багтжээ.

Дэлхийн зарим улс орнууд ч гоо сайхны мэс ажилбарт хязгаарлалт тавиад буй. 

Тухайлбал Тайван улс 2014 онд 18-аас доош насны хүүхдүүд эрүүл мэндийн шаардлагагүй гоо сайхны мэс засалд орохыг хориглосон байдаг.

Хэрэв эмч нарыг хууль зөрчсөн гэж үзвэл 500 мянга хүртэлх тайван доллараар торгож, ажиллах эрхийг нь нэг жил хасахаа мэдэгдэж байсан юм. 

Австрали улс ч 2008 онд гоо сайхны мэс засалд насны хязгаарлалт тогтоож, хараа хяналтыг сайжруулсан. Мөн Нидерланд улсын Эрүүл мэнд, нийгэм хагааллын сайд гоо сайхны мэс заслын үйл ажиллагаанд хяналт тавьж насны хязгаар тогтоосон байдаг.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.