|
Видео

Шинэ мэдээ

Монголын боксчид Армийн дэлхийн аваргаас хос мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ

Монголын боксчид Армийн дэлхийн аваргаас хос мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ

 

ОХУ-ын Москва хотноо 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 25-ны өдрийг дуустал Дэлхийн Цэргийн албан хаагчдын боксын аварга шалгаруулах 58 дахь удаагийн тэмцээн үргэлжиллээ. Энэхүү тэмцээнд Алжир, Ангол, Армен, Азербайжан, Бангладеш, Беларусь, Бразил, Кабо-Верде, Колумб, Доминиканы БНУ, БНАСАУ, Конго, Франц, Габон, Гвиней, Энэтхэг, Иран, Ирланд, Итали, Иордан, Казахстан, Кени, Ливи, Люксембург, Монгол, Мозамбик, Балбын вант улс, Пакистан, Польш, Конго, ОХУ, Серби, Шри-Ланка, Швейцар, Сири, Тунис, Венесуэл зэрэг 36 орны 300 гаруй боксчин эрэгтэй 10, эмэгтэй /49 боксчин/ 5 жинд тулалдан, шүүгч, зохион байгуулах арын албаны 200 гаруй ажилтан оролцон, хүчин зүтгэсэн байна.

Монгол улсаас 5 эрэгтэй, 3 эмэгтэй тамирчин, мөн AIBA-н 2 одтой, МУГДасгалжуулагч Аабатын Гантулга, AIBA-н 1 одтой дасгалжуулагч ОУХМ Жигжидын Отгонбаяр нар дасгалжуулагчаар, шүүгчээр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, АИБА-ын 3 одтой шүүгч Цэвэгсүрэнгийн Нандигжав нар ажиллажээ.

Эрэгтэй:

  • 52кг-д Дэлхийн Зэвсэгт хүчний спортын Наадмын хүрэл медальт, ОУХМ Хархүүгийн Энхмандах,
  • 56кг-д Дэлхийн Универсиад наадмын аварга, Дэлхийн Зэвсэгт хүчний спортын Наадмын мөнгөн медальт, Азийн АШТ-ний алт, хүрэл медальт ОУХМ Хархүүгийн Энх-Амар,
  • 60кг-д Азийн Залуучуудын аваргын хүрэл медальт СМ Оюунбаатарын Тулга,
  • 64кг-д Дэлхийн цэргийн албан хаагчдын тэмцээний аварга, Азийн Наадмын мөнгө, Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, "Чайна Опен” ОУТ-ний аварга, Унгарын ОУТ-ний аварга, Индонезийн ОУТ-ний аварга, "Химийн Цом”-ын алт, мөнгөн медальт, Тайваны Нээлттэй тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Баатарсүхийн Чинзориг,
  • 69кг-д СДМ Сайнчулууны Жавхланбаяр,

Эмэгтэй:

  • 51кг-д СМ Мөнгөнцэцэгийн Энхжаргал,
  • 57кг-д Азийн АШТ-ний аварга, Дэлхийн Оюутны аваргын хүрэл медальт ОУХМ Т.Болортуул,
  • 60кг-д Азийн Залуучуудын аваргын хүрэл медальт СМ Ганзоригийн Бадмаараг нар хүч үзлээ.

Тэмцээний эхний өдөр:

51кг-д Спортын мастер Мөнгөнцэцэгийн Энхжаргал 19-ний өдөр Бразилийн Жесус де Соуза Гразиелетэй хийн ялагдал хүлээлээ.

60кг-д Азийн Залуучуудын аваргын хүрэл медальт СМ Ганзоригийн Бадмаараг 19-ний өдөр Узбекстаны Райхона Кодироватай тулалдан хожигдлоо.

69кг-д Спортын дэд мастер Сайнчулууны Жавхланбаяр 19-ний өдөр Беларусийн Мелюша Дмитрийтэй тоглон ялагдлаа.

64кг-д Дэлхийн цэргийн албан хаагчдын тэмцээний аварга, Азийн Наадмын мөнгө, Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, "Чайна Опен” ОУТ-ний аварга, Унгарын ОУТ-ний аварга, Индонезийн ОУТ-ний аварга, "Химийн Цом”-ын алт, мөнгөн медальт, Тайваны Нээлттэй тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Баатарсүхийн Чинзориг 19-ний өдөр эхний тулаанаа Азийн өсвөрийн аварга Казахстаны Аширхан Айтжантай хийж шүүгчдийн 2-3 гэсэн саналаар ялагдлаа. Манай мастер хоёрдугаар раундад зүүн баруун гэсэн хоёр цохилтоор оноо түүж илүүрхсээр шууд дамжуулалтын оросын тайлбарлагч манай боксчны ур чадвар сайтайг сайшаан магтсаар тулаан өндөрлөхөд шүүгчдийн шийдвэр казакийн залуу боксчны талд гарч байна. Эхний үеэс гурван үе дуустал илт давамгай тулааныг харуулахгүй бол манай аль ч боксчдын хувьд ялалтаа өрсөлдөгчдөө алдах эрсдэл байгааг энэхүү тулаанаас харж болохоор байв.

Тэмцээний хоёр дахь өдөр:

56кг-д Дэлхийн Универсиад наадмын аварга, Дэлхийн Зэвсэгт хүчний спортын Наадмын мөнгөн медальт, Азийн АШТ-ний алт, хүрэл медальт ОУХМ Хархүүгийн Энх-Амар эхний тулаанаа Бразилын Ду Наскименто Чалоттой хийж, уг тэмцээний анхны тулаан байсан тул аль аль нь хичээн үзэлцэж, манай хашир мастер арай урт чацтай бразил боксчинд хоёрдугаар үеэс өөрийн тулааны хэв маягийг харуулсаар яллаа. Улмаар дэлхийн медалийн төлөө Замбийн боксчин, Токио-2020-н утаа үнэртсэн, Африк тивийн наадмын хүрэл медальтантай тулалдах боллоо. Муленга Еверисто мөнөөхөн бразил боксчин лугаа адил нуруулаг, чацархаг, солгой босоо өрөлттэй, гэхдээ олимпын үеийн хурдан шаламгай ажиллагаа нь энэ өдрийн тулаанаар лав харагдаагүй. Ингээд Азийн аварга уу, аль Африк тивийн тамирчин уу, чухам хэн нь энэхүү тэмцээний медальтан болох вэ гэдэг чухал тоглолт болох ажээ.

60кг-д Азийн Залуучуудын аваргын хүрэл медальт СМ Оюунбаатарын Тулга эхний даваанд хийлснээр, дараагийн даваанд Шри-Ланкийн Нисшанка Бамунутай тулалдлаа. Манай залуу мастер холын, дундын зайнаас чөлөөтэй ажиллаж оноо түүсээр эхний тулааны ялалтаа авлаа. О.Тулга медалийн төлөө Алжирын Бенлариби Абделнасертай тулалдана, битүү өрж, биеэрээ шахаж ордог, нэлээн дайчин ажиллагаатай өрсөлдөгчтэй тулалдана.

Тэмцээний гурав дахь өдөр:

52кг-д Дэлхийн Зэвсэгт хүчний спортын Наадмын хүрэл медальт, ОУХМ Хархүүгийн Энхмандах эхний даваанд гоц мөргөж, удаад нь Балбын вант улсын Чаудхари Премтэй тоглон эхний раундад хүнд цохилтоор тоолуулж, өрсөлдөгчийн дасгалжуулагч татгалзсанаар манай мастер ялалтаа авлаа. Х.Энхмандах медалийн төлөө Азербайжаны Масуд Юсифзадетэй тулахаар боллоо. Азерийн боксчны хувьд бас л бяралхаж, тулж, савж ажилладаг нэгэн. Хоёр боксчин 2019 онд Санкт-Петербургийн Захирагчийн Цом олон улсын тэмцээний финалд шалгарч Азербайжаны тамирчин ялж байсан. Манай мастер тив, дэлхийн аваргын болон бусад тэмцээнээр жингийнхээ олимп, дэлхийн медальтан шилдгүүдтэй ана мана тулалдаж, шүүгчдийн тун ойрхон саналаар "ялалтын дайтай” ялагдал амсаж, туршлага суусан тул энэ удаа Азербайжаны боксчноос даагаа нэхэх боломж гарч байгаа юм.

Тэмцээний дөрөв дэх өдөр:

57кг-д Азийн АШТ-ний аварга, Дэлхийн Оюутны аваргын хүрэл медальт ОУХМ Төмөрхуягийн Болортуул эхний даваанд гоц мөргөсөн, дараагийн даваанд медалийн төлөө Кенийн Чеге Паулинетэй тулалдан урамтай сайхан тоглолт гарган эхний үед Кенийн боксчин хүчтэй эсэргүүцэн тулсан ч манай мастер орж гарсан, угсраа цохилтоор оноо авсаар улмаар тоолуулж, ялалт байгуулж, Дэлхийн Цэргийн албан хаагчдын боксын аварга шалгаруулах 58 дахь удаагийн тэмцээний медалийн болзол хангаж байна. Манай боксчин хагас шигшээд Беларусийн Галина Бруевичтэй 23-ны үдэш тулалдана.

56кг-д Дэлхийн Универсиад наадмын аварга, Дэлхийн Зэвсэгт хүчний спортын Наадмын мөнгөн медальт, Азийн АШТ-ний алт, хүрэл медальт ОУХМ Хархүүгийн Энх-Амар дэлхийн медалийн төлөө Токио-2020-н утаа үнэртсэн, Африк тивийн наадмын хүрэл медальт, Замбийн боксчин Муленга Еверистотой тулалдаж, ширүүн тулааны эцэст мөн л манай мастер итгэл төгс ялалт авч, Дэлхийн Цэргийн албан хаагчдын боксын аварга шалгаруулах 58 дахь удаагийн тэмцээний медалийн болзол хангаж байна. Манай мастер хагас шигшээд мөнгөн медалийн төлөө мөн л Африк тивийн наадмын хүрэл медальт, Алжирын боксчин Моржан Оуссаматай 24-ний үдэш тулалдана.

52кг-д Дэлхийн Зэвсэгт хүчний спортын Наадмын хүрэл медальт, ОУХМ Хархүүгийн Энхмандах медалийн төлөө Азербайжаны Масуд Юсифзадетэй тулалдлаа. Азербайжаны боксчны хувьд бас л бяралхаж, тулж, савж ажилласаар басхүү дэвжээний шүүгчээс манай боксчинг хүнд цохилт авсан гэж тооллоо. Хоёрдугаар, төгсгөлийн раундад манай боксчин цэвэр техник харуулсан тулааныг гаргаж, өрсөлдөгч азер боксчин арай бохир зуурсан, хэт эрдсэн байдалтай ажиллаж, тулаан ер нь тэнцүүхэн өрнөж, улмаар шүүгчдийн саналаар манай мастер ялалт авч чадлаа. Ингэснээр Монголын боксчин Дэлхийн Цэргийн албан хаагчдын боксын аварга шалгаруулах 58 дахь удаагийн тэмцээний медалийн болзол биелүүлэн басхүү 2019 онд Санкт-Петербургийн Захирагчийн Цом олон улсын тэмцээний финалд ялагдаж байсан "даагаа нэхэж” чадлаа. Манай боксчин хагас шигшээд мөнгөн медалийн төлөө эзэн орны боксчин Дмитрий Двалийтай 24-ний үдэш тулалдана. Манай мастер өмнө нь гаргаж байсан амжилтуудаар оросын боксчноос хувь илүү гэж бодож байна, яагаад гэвэл Монголын боксчин тив дэлхийн тэмцээний утаа үнэртчихсэн туршлагатай нэгэн, харин өрсөлдөгч боксчин Унгарын Иштван Бошкайгийн ОУТ-ний хүрэл зүүж байсан ажээ, гэхдээ орос боксчин гэдгийг мартаж боломгүй.

Ийнхүү Дэлхийн Цэргийн албан хаагчдын боксын аварга шалгаруулах 58 дахь удаагийн тэмцээнээр Монголын гурван боксчин медалийн болзол хангаад цааш медалийн өнгөө хувиргах тулаанд орж байна.

Тэмцээний тав дахь өдөр:

Дэлхийн Цэргийн албан хаагчдын боксын аварга шалгаруулах 58 дахь удаагийн тэмцээний эмэгтэй боксчдын хагас шигшээ тулаанаар үргэлжилж байна.

57кг-д Азийн АШТ-ний аварга, Дэлхийн Оюутны аваргын хүрэл медальт ОУХМ Төмөрхуягийн Болортуул хагас шигшээд Беларусийн Галина Бруевичтэй 23-ны үдэш тулалдахад Европын наадмын мөнгөн медальт Беларусь боксчин айхтар зууралдаж ажилладаг ба энэ нь түүний хожигдлын шалтгаан болсон байх, эсрэгээрээ манай мастер зуурах үед гэдсэн угсраа цохилт хийн ажилласаар ялалт байгуулав. Улмаар манай боксчин Т.Болортуул дэлхийн аваргын тэмцээний финалд дэлхийн аваргын хүрэл, Европын Зуны наадмын хүрэл медальт, Европ тивийн аварга оросын 31 настай Дарья Абрамоватай алтан медалийн төлөө тулалдах боллоо. Орос боксчин баруун өрөлттэй ба зүүн-баруун-зүүн гэсэн хажуу цохилтын тун дадамгай ажиллагаатай нэгэн байна.

Тэмцээний зургаа дахь өдөр:

52кг-д Дэлхийн Зэвсэгт хүчний спортын Наадмын хүрэл медальт, ОУХМ Хархүүгийн Энхмандах хагас шигшээд мөнгөн медалийн төлөө эзэн орны боксчин Дмитрий Двалийтай 24-ний үдэш боломжтой бүхнээ дайчлан гаргаж тулалдсан бөгөөд Оросын залуу боксчинг шүүгчид ялагчаар тодрууллаа. Манай мастер Дэлхийн Цэргийн албан хаагчдын боксын аварга шалгаруулах 58 дахь удаагийн тэмцээний хүрэл медальтан болж байна.

56кг-д Дэлхийн Универсиад наадмын аварга, Дэлхийн Зэвсэгт хүчний спортын Наадмын мөнгөн медальт, Азийн АШТ-ний алт, хүрэл медальт ОУХМ Хархүүгийн Энх-Амар хагас шигшээд мөнгөн медалийн төлөө мөн л Африк тивийн наадмын хүрэл медальт, Алжирын боксчин Моржан Оуссаматай 24-ний үдэш тулалдан, бүх раундад илүүрхэн урамтай сайхан ялалт байгууллаа. 25-ны үдэш УБ-н цагаар 20.00 цагаас шигшээ тулаанд Оросын улсын аварга, Европын АШТ-ний медальтан, 29 настай Овик Оганнисянтай аваргын алтан медалийн төлөө үзнэ. 2019 онд Дэлхийн Зэвсэгт хүчний спортын 7-р Наадам БНХАУ-н Ухань хотод зохиогдоход 57кг-д Хархүүгийн Энх-Амар шигшээ тулаанд солгой өрөлттэй орос боксчинд хожигдож байсан тул энэ удаа "даагаа нэхэх” боломжтой байна. Ингээд 25-ны үдэш алтан медалийн төлөөх шигшээ тулаанд Монголын 2 боксчин алтан медалийн төлөө эзэн орны боксчидтой тулалдах боллоо.

Тэмцээний долоо дахь өдөр:

57кг-д Азийн АШТ-ний аварга, Дэлхийн Оюутны аваргын хүрэл медальт ОУХМ Төмөрхуягийн Болортуул дэлхийн аваргын тэмцээний финалд дэлхийн аваргын хүрэл, Европын Зуны наадмын хүрэл медальт, Европ тивийн аварга оросын 31 настай Дарья Абрамоватай алтан медалийн төлөө тулалдан, эзэн орны боксчин ухарч займран угтуулж цохисоор, манай боксчин урагшаа ажилласаар тулаан өндөрлөж, манай боксчин Дэлхийн Цэргийн албан хаагчдын боксын аварга шалгаруулах 58 дахь удаагийн тэмцээний мөнгөн медалийн тавцанд гарч, Монголын эмэгтэй боксын түүхэнд бас нэгэн шинэ түүхийг үлдээж байна.

56кг-д Дэлхийн Универсиад наадмын аварга, Дэлхийн Зэвсэгт хүчний спортын Наадмын мөнгөн медальт, Азийн АШТ-ний алт, хүрэл медальт ОУХМ Хархүүгийн Энх-Амар 25-ны үдэш УБ-н цагаар 20.00 цагаас шигшээ тулаанд Оросын улсын аварга, Европын АШТ-ний хүрэл медальт, 29 настай Овик Оганнисянтай аваргын алтан медалийн төлөө үзэлцлээ. Орос боксчин ур чадвартай гэхээсээ илүү зуурсан үйлдэл ихээр гаргаж, эсрэгээрээ дэвжээний шүүгчээс манай боксчинг зуурсан гэж үзэж торгон, улмаар шүүгчдийн саналаар эзэн орны боксчин ялалт авснаар манай мастер Дэлхийн Цэргийн албан хаагчдын боксын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийн эзэн боллоо.

Энэхүү Дэлхийн Цэргийн албан хаагчдын боксын аварга шалгаруулах 58 дахь удаагийн тэмцээний тулаанууд нэн ширүүн өрнөсөн бөгөөд аргагүй л зэвсэгт хүчний тамирчдын дайчин, хурц, эрэмгий шинжийг шингээсэн тоглолтоор дүүрэн байлаа. Медалийн тавцанд гарч шагналаа авч буй боксчид цэргийн дүрэмт хувцсаа өмсөж, хүндэтгэл үзүүлж байна.

Тэмцээнийг зохион байгуулагч орон ОХУ-ын зэвсэгт хүчний боксын шигшээ баг бүтэн жилийн өмнөөс эл тэмцээнд бэлтгэн, улмаар 11 боксчин шигшээ тулаанд шалгарч, ялагч болсон боксчид Токио-2020 Зуны олимпын наадмаар мандуулаагүй төрийн далбаа, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тус тэмцээний албан ёсны элч төлөөлөгчөөр олимп, дэлхий, Европ тивийн аварга, дэлхийн зэвсэгт хүчний анхдугаар, хоёрдугаар наадмын аварга, ОХУ-н боксын шигшээ багийн дасгалжуулагч асан, хурандаа Александр Лебзякийн "...сайн хожигдсоноос муу ялсан нь дээр” гэдэг хэлц үгийг баталсан үйл явдал финалын тулааны үеэр боллоо. Учир нь эрэгтэйчүүдийн 52кг-н шигшээ тулаанд Казахстаны Дамир Абдикадир оросын боксчин Дмитрий Двалитай тулалдаж, 3-2 гэсэн саналаар казак боксчин шүүгчдийн саналаар ялсан. Үүний дараа оросын зэвсэгт хүчний шигшээ багаас эсэргүүцэл бичиж, улмаар шүүгчдийн комиссоос тулааны бичлэгийг нягтлан үзэж, эзэн орны багаас гаргасан эсэргүүцлийн дагуу ялалтыг оросын Дмитрий Двалийд өглөө.

Дэлхийн Цэргийн албан хаагчдын боксын аварга шалгаруулах 58 дахь удаагийн тэмцээнд манай тамирчдаас гадна Казахстан, Узбекистан, Бразил, Беларусь, Венесуэл, Алжир, Италийн боксчид шигшээ тулаанд шалгарсан билээ. Мэдээж энэхүү тэмцээн нь олонх боксчны хувьд эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээний өмнөх сорил нь болж байгаагаар онцлог юм. Тухайлбал Бразилын эрэгтэй боксчид сарын дараа Сербийн нийслэл Белград хотноо зохиогдох асар өндөр бай шагналтай, дэлхийн бүх л шилдгүүд оролцохоор бүртгүүлж байгаа ДАШТ-ийг зорих юм.

Дэлхийн Цэргийн албан хаагчдын боксын аварга шалгаруулах 58 дахь удаагийн тэмцээний

Эмэгтэй аваргууд:

  • 51кг. Екатерина Пальцева /ОХУ/
  • 57кг. Дарья Абрамова /ОХУ/, 2. Төмөрхуягийн Болортуул /Монгол/
  • 60кг. Соарес Ферейра Беатрис /Бразил/
  • 69кг. Саадат Далгатова /ОХУ/
  • 75кг. Мавлуда Мавлонова /Узбекистан/

Эрэгтэй аваргууд:

  • 49кг. Темиртас Жусупов /Казахстан/
  • 52кг. Дмитрий Двали /ОХУ/, 3. Хархүүгийн Энхмандах /Монгол/
  • 56кг. Овик Оганесян /ОХУ/, 2. Хархүүгийн Энх-Амар /Монгол/
  • 60кг. Шунхор Абдурасулов /Узбекистан/
  • 64кг.Дмитрий Асанов /Беларусь/
  • 69кг. Иван Ступин /ОХУ/
  • 75кг. Тимур Нурсеитов /Казахстан/
  • 81кг. Раджаб Раджабов /ОХУ/
  • 91кг. Абзал Куттыбеков /Казахстан/
  • 91+кг. Лазизбек Мулложонов /Узбекистан/

Бэлтгэсэн: Хувцагааны Баттулга

https://gogo.mn/r/wvyd5

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.