|
Видео

Шинэ мэдээ

У.Хүрэлсүх: Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтыг жил бүр уламжлал болгон явуулж байх болно

У.Хүрэлсүх: Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтыг жил бүр уламжлал болгон явуулж байх болно

"Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь" сэдэвт төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт” өнөөдөр эхэллээ. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байна. Тэрээр уулзалтыг нээж хэлсэн үгэндээ "Төр засгаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд эдийн засагт тодорхой эерэг үр дүнгүүд ажиглагдаж байна. Энэ үед төрөөс гаргаж байгаа шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, улстөржүүлэхгүй байх нь чухал байна. Цар тахал хэзээ дуусах нь мэдэгдэхгүй хэвээр байгаа энэ үед төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол нэн чухал”  хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Тэрээр цааш нь "Бидэнд иргэдийнхээ бодит орлогыг өсгөх, хэрэглээг нь дэмжих, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, хил гаалийн асуудлыг шийдвэрлэх, экспортыг богино хугацаанд сэргээх, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, төрийн албаны дунд, доод шатны хүнд суртал, авилгал, хээл хахуулийг таслан зогсоох, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, хүртээмжийг нь сайжруулах, баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдээ дэмжих зэрэг тулгамдсан олон асуудлууд шил шилээ даран хүлээж байна.

Тийм учраас улс орны эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эрх зүйн шинэ орчныг бий болгож, халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих стратегийн зорилтыг хэрэгжүүлэх явдал чухал байна. 

Энэ зорилтын хүрээнд стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэхийн зэрэгцээ экспортын чиглэлтэй боловсруулах үйлдвэрүүдийг шинээр барьж байгуулан, ажлын байрыг олноор бий болгож, үйлдвэрлэгч, экспортлогч улс болох шаардлагатай байна.

Дээрх зорилтуудыг бодит ажил хэрэг болгож, үр дүн авчрахад төсөв, мөнгөний бодлогын оновчтой хослол, макро эдийн засгийн тогтвортой байдлыг чанд хадгалж, түүн дотроо гадаад валютын хангалттай нөөц бүрдүүлэх, өрийн тогтвортой байдлыг тууштай мөрдөх зэрэг эдийн засгийн суурь зарчмуудыг төр, хувийн хэвшил хөрөнгө оруулагчид үйл ажиллагаандаа онцгой анхаарч ажиллах ёстой. 

Хэчнээн том бүтээн байгуулалт, үр дүнтэй шинэчлэлүүд хийсэн ч макро эдийн засгийн тогтворгүй байдал байсаар байвал бидний хүрэх амжилтыг агшин зуур салхинд хийсгэх эрсдэлтэйг бид байнга санах хэрэгтэй. 

Судалгаанаас харахад сүүлийн 10 гаруй жилд манай орны ядуурлын түвшин харьцангуй хурдтай буурсан хэдий ч нийт хүн амын гуравны нэг нь ядуу хэвээр байгаа. 

Энэ утгаараа Монголчууд бид ядуурлыг бууруулахад онцгой анхаарч, ойрын 10 жилийн дотор нэн ядууралгүй орон болъё. 

Тиймээс бид ядуурлын тухай өдөр бүр санаж, ялангуяа цар тахлын үед орлого багатай иргэдийн амьжиргааг хамгаалах, ажлын байрыг хадгалах, шинээр бий болгоход онцгой анхаарч ажиллах нь зүйтэй" гэлээ. Мөн төр хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтыг Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүрийн есдүгээр сард уламжлал болгон зохион байгуулах шийдвэрийг гаргаснаа сонордуулсан. Уулзалт үргэлжилж байгаа бөгөөд яг одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж байна.   


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler