|
Видео

Шинэ мэдээ

"Шүүгчдийг томилдог, хариуцлага тооцдог механизмаас Ерөнхийлөгч татгалзаж байна"

"Шүүгчдийг томилдог, хариуцлага тооцдог механизмаас Ерөнхийлөгч татгалзаж байна"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас шүүхийн хараат бус, бие даасан байдлын талаар мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар "Өнөөдөр бид өмнөх Ерөнхийлөгчийн үед Үндсэн хуулийн цэцэд хандсан хоёр хүсэлтээс бүхэлд нь татгалзах саналыг Үндсэн хуулийн цэцэд хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн 30 жилийн турш Ерөнхийлөгчийн эрхэнд байсан хоёр эрхээс татгалзаж байна.

Нэгдүгээрт, шүүхийн томилгоо, шүүгчдэд хариуцлага тооцох механизмыг бий болгох чиглэлээр шинэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр хоёр чухал зүйл бий болсон. Тодруулбал, шүүхийн ерөнхий зөвлөлийг хэрхэн бүрдүүлэх үү, шүүгчдийн сахилгын хорооны гишүүдийг хэрхэн томилох вэ гэдэг асуудлаар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр тодорхой заалтууд орсон. Үүний дагуу шүүхийн тухай хууль батлагдан гарсан. Үүн дээр өмнөх Ерөнхийлөгчийн үед хориг тавьсан байсан.

Хоёрдугаарт, Авилгатай тэмцэх газрын даргыг өмнө нь Ерөнхийлөгч УИХ-д санал болгодог байсан бол одоо Ерөнхий сайд санал болгоод УИХ томилно гэсэн үг.

Ийнхүү өнөөдөр хоёр хүсэлтээс бүрэн татгалзах саналыг Үндсэн хуулийн цэцэд хүргүүлж байна. 

Шүүх эрх мэдлийг хараат бус байлгах, нийгэмд шударга ёс тогтоох, бэхжүүлэх чиглэлд баримталж байгаа томоохон шинэчлэл өнөөдөр эхэлж байна.

Бид 2021 оны нэгдүгээр сард баталсан шүүхийн хуулийг цааш нь явуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, шүүгчдийг томилдог, шүүгчдэд хариуцлага тооцдог механизмаас ерөнхийлөгч татгалзаж байна" гэлээ. 

Ерөнхийлөгч  Үндсэн хуульд заасан дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

  1. Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ;
  2. Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно;
  3. Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;
  4. Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах;
  5. Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах;
  6. Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах;
  7. Уучлал үзүүлэх;
  8. Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;
  9. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;
  10. Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;
  11. Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler