|
Видео

Шинэ мэдээ

Улс орнууд дельта вирусийн эсрэг ямар арга хэмжээ авч байна вэ

Улс орнууд дельта вирусийн эсрэг ямар арга хэмжээ авч байна вэ

Цар тахлын халдвар дэлхийг хамарч, өдгөө хоёр жил орчмын хугацаанд дэлхийн улс орнууд уг өвчинтэй тэмцэж байна. Энэ аюулт тахал нь улс орнуудад нийтийн эрүүл мэндийн болоод түүнээс улбаалах эдийн засгийн хямрал, сорилтыг бий болгоод байна.

Хэдий вакцин гарган авч, хөгжлөөр тэргүүлэх орнууд дархлаажуулалтыг эрчимтэй хийж байгаа боловч КОВИД-19 цар тахлын вирусийн мутацид орсон хувилбарууд ч нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор цар тахлын давлагаа нэгээр тогтохгүй байгаа юм.

Иймээс улс орнууд халдварын өсөлт бууралтаас шалтгаалан хариу арга хэмжээгээ олон хувилбартай, тухайн үеийн нөхцөл байдлын өөрчлөлтийг харгалзан богино хугацааны зайгаар төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм. Эдгээрийн жишээ болгон, Ази Номхон далайн бүсийн зарим орны туршлагыг сонирхуулъя. 

АВСТРАЛИЙН ЗАРИМ ХОТ, МУЖИД ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Австралийн засгийн газраас хөл хориог дуусгаж, хэвийн амьдралд орох A, B, C, D гэсэн дөрвөн үе шаттай төлөвлөгөө зарласан бөгөөд одоогоор А шатанд байгаа юм. Энэ үед халдвар идэвхжсэн тохиолдолд богино хугацааны хатуу хөл хорио тогтооно.

Харин хүн амын 70 хувь нь хоёр тунгаа хийлгэсний дараа Б үе рүү шилжиж, хөл хорихгүй бөгөөд бусад хязгаарлалтыг суллах юм. Хүн амын 80 хувийг бүрэн вакцинжуулалт хийсний дараа C шатанд шилжих бөгөөд аяллыг сэргээж, вакцин хийлгэсэн иргэд дотоодын бүх хязгаарлалтаас чөлөөлөгдөнө. D шатанд шилжиснээр вакцин хийлгэсэн аялагчид тусгаарлалтад орохгүйгээр улсын хилээр нэвтрэх боломжтой юм. Вакцин хийлгээгүй зорчигчдын хувьд аялахаас өмнө болон ирснийхээ дараа тест өгөх шаардлагатай байна. 

Улс орны бүс нутагт бүрт хязгаарлалтай ялгаатай байна. Дельта хувилбарын халдвар өссөнтэй холбогдуулан Мельбурн хотыг оруулаад Викториа мужийн хөл хориог сунгасан. Хөл хориог дуусгавар болгох хугацааг зарлаагүй байна. Мөн Сиднейн ихэнх хэсэгт хөл хоргийг сунгасан. Гэртээ байхыг сануулсан шийдвэрийн дагуу оршин суугчид зайлшгүй шаардлагатай нөхцөлд л гарахыг зөвшөөрөх бөгөөд цугларахыг хориглосон билээ. 

Автралийн хил одоохондоо хаалттай байх бөгөөд Шинэ Зеландтай байгуулсан тусгаарлалтгүй аяллын тохиролцоогоо мөн дор хаяж есдүгээр сар хүртэл түдгэлзүүлээд байна. Харин зөвхөн Шинэ Зеландаас ирэх, тэнд 14-өөс доошгүй хоног байсан Австралийн иргэд, байнгын оршин суугчид, тэдгээрийн гэр бүлийн хүмүүсийг Австралид нэвтрэхийг зөвшөөрөх аж. Зорчигчид аялалд гарахаас өмнө 72 цагийн дотор өгсөн Ковид-19-ийн сөрөг хариутай шинжилгээний үр дүнг үзүүлэх ёстой юм. 

БНХАУ: ИХ БРИТАНИ РУУ ЗОРЧСОН ИРГЭДИЙГ ХОНКОНГИЙН НИСЛЭГТ ОРУУЛАХГҮЙ

Энэ оны долоодугаар сарын 1-нээс эхлэн Их Британиас ирэх нислэгийг зогсоосон. Дельта хувилбарын халдвар тархсантай холбогдуулан Их Британийг онцгой эрсдэлтэй бүс гэж үзэж буй юм. Иймд Их Британид хоёр болон түүнээс дээш цагаар байсан зорчигчдыг Хонконгийн нислэгт оруулахыг зөвшөөрөхгүй.

Түүнчлэн Сингапуртай хийх тусгаарлалт шаардахгүй нислэгийн хөтөлбөрийг эхлүүлэхээ түр азнаад байна. Энэ хөтөлбөрийг эхлүүлэх шинэ хугацааг зарлаагүй байгаа юм. 

Хонконг зай барих арга хэмжээг сулруулалгүй дөрөвдүгээр сарын 29-нээс эхлэн хоолны үйлчилгээний газруудыг 50 хувийн хүчин чадлаар ажиллаж зөвхөн вакцинаа бүрэн хийлгэсэнд хүнд үйлчлэхийг зөвшөөрсөн. Дөрвөөс дээш хүн цуглахыг хязгаарласан хэвээр байна. 

ЯПОНД ЗООГИЙН ГАЗРУУД 20:00 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА

Японы Ерөнхий сайд Иошихиде Суга хэд хэдэн хотод наймдугаар сарын сүүл хүртэл онцгой байдал зарласан. Одоогоор Токио, Окинава, Сайтама, Канагава, Чиба, Осака зэрэг хотууд орж байна. Зөвхөн согтууруулах ундаагаар үйлчилдэг баарыг хаасан. Харин хоолоор үйлчилдэг ресторан, бааруудыг согтууруулах ундаагаар үйлчлэхийг зогсоож, 20:00 цагт хаадаг болгосон байна. Оршин суугчид зайлшгүй шаардлагатай шалтгаанаар л гэрээсээ гарахыг зөвлөж байгаа бөгөөд олуулаа цуглахаас зайлсхийхийг уриалж байна 

СИНГАПУРТ 100 ХҮНИЙ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХДАА ОРОЛЦОГЧ БҮРЭЭС ШИНЖИЛГЭЭ АВНА

Сингапурт халдварын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан КОВИД-19 цар тахлын эсрэг арга хэмжээг чангатгасан. Өнгөрөгч долдугаар сарын 22-ноос энэ сарын 18-ны хооронд хоёрдугаар шатны хязгаарлалтыг сэргээн мөрдөж байна.

Хурал, уулзалт, үзэсгэлэн, чуулганы арга хэмжээг 100 хүнээр хязгаарлаж, арга хэмжээний өмнө шинжилгээ өгсөн байх эсвэл шинжилгээ өгөөгүй тохиолдолд 50 хүртэл хүнээр хязгаарлаж байна. Арга хэмжээнд үг хэлэх, тоглолт хийх хүмүүсийн хувьд амны хаалтаа тайлахыг зөвшөөрөхгүй аж. Зохион байгуулагчид нь Сингапурын аялал жуулчлалын зөвлөлд төлөвлөгөө танилцуулж, батлуулах бөгөөд эрсдэлийг бууруулах тусгай арга хэмжээг мөрдөж ажиллах ёстой. 

Мөн Сингапурын аялал жуулчлалын зөвлөлөөс бүхий л үйлчилгээ, олон нийтийн зорчих газруудын ариун цэврийг хангах зорилготой Цэвэр Сингапур хэмээх аян өрнүүлж, хангалттай үнэлгээ авсан газруудад тус зөвлөлөөс гэрчилгээ олгож байгаа юм. 

БНСУ-Д 18:00 ЦАГААС ХОЙШ ХОЁРООС ДЭЭШ ХҮН ГАДУУР ХАМТ ЯВЖ БОЛОХГҮЙ 

Шинэ халдварын тохиолдол буурч байсан үеэс буюу тавдугаар сарын 6-наас хойш зай барих хатуу журмыг сулруулсан. Гэвч халдварын шинэ тохиолдлууд дахин ихэссэн үед Сөүл, Инчон, мөн ойролцоох Гионги дүүрэгт зай барих хязгаарлалтыг чангатгаж 4-р зэрэглэлийг энэ сарын 8-ныг хүртэл баримтлах юм. Оройн 18.00 цагаас хойш дөрвөөс дээшгүй групп, хоёроос дээшгүй хувь хүн хамт гадуур явахыг тогтоожээ. Ямар нэгэн олон нийтийн цуглаан, арга хэмжээг цуцалсан байна. 

Вакцин хийлгэснээс үл хамааран амны хаалт зүүхийг шаардаж байна. Сөүл хотод үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэлийн салбараас бусад бизнесүүдийг ажиллах хүчний 30 хувийн хүчин чадалтай ажиллахыг зөвшөөрч байгаа аж. Эрсдэл өндөртэй газрууд болох шөнийн клуб, караоке, компьютер тоглоомын газруудыг хаасан байна. Хоолны үйлчилгээний газруудыг оройн 10 цагаас хойш үйл ажиллагаагаа зогсоох чиглэл өгчээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.