| |
Жо Байден Израилийн Ерөнхий сайдтай утсаар ярилаа
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилийн Ерөнхий сайд Бениамин Нетаньяхутай өчигдөр утсаар ярьжээ. Яриандаа тэрээр Нэгдсэн улс Газад өрнөсөөр буй байлдааныг зогсоохын төлөө байгаа гээд энэ асуудлаар Египет болон бусад улстай ажиллаж байна хэмээн өгүүлжээ. Жо Байден хэдий Бениамин Нетаньяхутай ингэж ярьсан ч Газын зурвас дахь хүчирхийллийг нэн даруй таслан зогсоох НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд хориг тавьсан байна. Одоогоор Газын зурваст байлдааны ажиллагаа хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж, зогсох ямар ч найдвар харагдахгүй хэвээр байгаа юм.
Байлдааны ажиллагаа эхэлснээс хойш Газад багадаа 212 хүн түүний дотор 64 хүүхэд, Израильд 10 /хоёр хүүхэд/ хүн амь насаа алджээ. Израилийн эрх баригчид Газад амиа алдсан палестинчуудын ихэнх нь ХАМАС бүлэглэлийн гишүүд, энгийн номхон иргэд маш бага хэмээн мэдэгдэж байгаа бол ХАМАС үүнийг үгүйсгэж байгаа юм.
Жо Байдены тухайд Бениамин Нетаньяхутай
ярихдаа Израилийн явуулж буй цэргийн ажиллагааг "Энгийн иргэдийг
хүчирхийлэгч, алан хядагчдаас хамгаалах ажиллагаа” гэж нэрлэсэн
төдийгүй утсаар ярьсан талаар Цагаан ордноос гаргасан албан мэдээлэлд
"Хоёр удирдагч Газа дахь террорист бүлэглэлийн эсрэг Израилийн явуулж
буй цэргийн ажиллагааны талаар ярилцав” хэмээн бичсэн нь АНУ одоо ч
Палестины тусгаар тогтнолын асуудалд урьдын адил хатуу байр суурь
баримталсаар байгааг харуулж байгаа юм.