|
Видео

Шинэ мэдээ

Д.Жигжиднямаа гадаадад эмчлүүлж, УБТЗ нэгдсэн удирдлагагүй, олон осол гарсныг нууцалж эхлэв үү

 

 

Энэ сарын 12-ны өдөр буюу Шинийн нэгний өглөө "Айраг” өртөөнд ачааны гурван вагон мөргөлдсөн ноцтой осол гарсан тухай бид өмнө мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар вагонуудыг сэлгэхдээ ийнхүү алдаа гаргасан байж болзошгүй байгаа юм.

Ямартай ч Зам тээврийн хөгжлийн яам, хуулийн байгууллагаас гарсан хамтарсан ажлын хэсэг ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж буй бөгөөд хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй нь аврал юм. 

-УБТЗ ХХН-ЫН ДАРГА Д.ЖИГЖИГНЯМАА ЭЗГҮЙ ХОЙГУУР ТӨМӨР ЗАМД ХЭД, ХЭДЭН ОСОЛ ГАРСНЫГ НУУЦАЛЖ БАЙГАА ЮУ-

Хамгийн ноцтой нь Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ тус ослыг маш их нууцалж, одоог хүртэл ямар нэгэн тайлбар, мэдээлэл өгөхөөс татгалзсаар байна. Ажлын уялдаа холбоо алдагдаж ажилтны буруутай үйл ажиллагаанаас болсон уу, техникийн бүрэн бүтэн байдал эвдэгдсэн үү эсвэл эсрэгээр "нэгдсэн удирдлагаар хангах менежмент байхгүй байв уу” гэх мэт уг осолтой холбоотой олон асуулт хариултгүй байна. Шалгалтын дүнд энэ бүхэн тодорхой болгох биз. 

Гэхдээ уг осол гарахад цаашлаад УБТЗ-ын хөл, толгой нь мэдэгдэхгүй өнөөдрийн нөхцөл байдалд хүрэхэд тус байгууллагын дарга Д.Жигжиднямаа эзэнгүй байгаа нь нөлөөлсөн байж болзошгүй байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр "УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа нь эрүүл мэндийн шалтгаанаар олон сарын турш гадаадад эмчлүүлж, өнөөдрийн байдлаар тус байгууллага нэгдсэн удирдлагагүй байгаа аж. Түүний эмчилгээ удаан хугацаанд үргэлжлэх гэнэ. Тэгэхээр тус байгууллагыг ойрын хугацаанд удирдлагатай болгож, үйл ажиллагааг нь жигдлэх шаардлагатай гэж ажилчид нь үзэж байгаа аж. Д.Жигжиднямаа даргын хувьд эрүүл мэндийн шалтгаанаас үүдэлтэйгээр ажиллахгүй байгаагаас гадна АТГ-т хэд, хэдэн асуудлаар шалгагдаж байгаа гэх мэдээлэл бий. Тухайбал, энэ сарын 09-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Богдхан төмөр зам”-ын  зөрлөг болон УБТЗ ХХН дээр ажиллах үеэр Д.Жигжиднямаа дарга харагдаагүй юм. 

Тиймээс энэ удаа УБТЗ-д шинэ удирдлага томилох замаар үйл ажиллагааг нь нэг мөр шинэчлэх, менежментийн өөрчлөлт хийх шаардлага бий аж. 

 

Л.Оюун-Эрдэнэ
Л.Оюун-Эрдэнэ "Богдхан төмөр зам"-ын зөрлөг дээр ажиллах үеийн зураг. 2021.02,09

 

-АЙРАГ ӨРТӨӨНД ВАГОН ДАХИН УНАХ ДӨХСӨН ҮҮ -

Вагоны осол бол төмөр замд хамгийн ноцтойд тооцогддог. Шалтгаан, нөхцөлийг тогтоож буруутай хүмүүс хатуу хариуцлага хүлээдэг. Гэтэл УБТЗ-ынхан вагоны хэд, хэдэн ийм ослыг нуун дарагдуулж байх магадлалтай байна. Учир нь "Айраг" өртөөний дээрх ослын маргааш /2021.02.13/ нь тус өртөөн дээр вагон дахин унах шахсан, удалгүй нэг вагон улаан гэрлээр дайрсан хэргүүд ч гарсан байж болзошгүй байна. Гэтэл Д.Жигжиднямаа даргыг орлож үлдсэн Г.Ганболд нарын удирдлагууд тээвэр зохицуулалтаа анхаарахаас илүү вагоны зохиомол хомсдол үүсгэж татварын барьцаагүй вагон түрээсээр оруулж ирж ажиллуулж байна гэх яриа байна. 

Улмаар энэ хугацаанд зарим өртөөний дарга нарыг сольж өөрсдийн хүрээллийн хүмүүсийг томилж алдаа дутагдал гаргасан байж болзошгүй байгаа ажээ. 

Тиймээс УБТЗ-ыг нэгдсэн удирдлагатай болгож, үйл ажиллагааг нь цэгцлэх шаардлага байгааг тус салбарынхан Зам тээврийн сайд Л.Халтарт дуулгаж эхэлжээ. Харин Л.Халтар сайд сонсоогүй, мэдээгүй мэт өнгөрч буй бөгөөд түүний шийдвэр нь төмөр замын салбарт хүлээлт үүсгээд байгаа гэх. Л.Халтарын шийдвэр улсын экспорт, импортын ажлыг нугалдаг чухал салбартай түүнд ажилладаг 16000 ажилтны хувь заяатай холбогдоно.

 
 
iSee.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.