| |
Израильд вакцинжуулалт хурдтай явагдаж байна
Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху коронавирусээс сэргийлэх вакцины хоёр дахь тунг хийлгэжээ. Одоогоос 21 хоногийн өмнө тэрбээр Пфайзер вакцины анхны тунг хийлгэж байсан юм.
Израиль улсад өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр вакцинжуулалт эхэлсэн бөгөөд хоёр сарын туршид 16-аас дээш насны бүх иргэнээ вакцинд хамруулахаар ажиллаж байгаа аж. Нетаньяхугийн өгүүлснээр, иргэдээ вакцинжуулалтад хамруулж дууссаны дараа эдийн засаг, зоогийн газар, театр гээд өдгөө хаалттай байгаа бүх байгууллагаа нээж ажиллах гэнэ. "Энэ бүхнийг ногоон паспортын тусламжтайгаар хийнэ" хэмээн Израилийн Ерөнхий сайд мэдэгдсэн байна. Вакцин хийлгүүлсэн хүнд олгож буй энэ бичиг баримтын анхны эзэмшигч нь Беньямин Нетаньяху болсон юм.
Өнгөрсөн ням гарагт вакцин тээвэрлэсэн онгоц Бен Гурионы нэрэмжит нисэх буудалд газардан, Израиль даяар нээгдсэн вакцинжуулалтын цэгүүд дахин бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлжээ.
Израильд вакцинжуулалтыг нарийн, эмх цэгцтэй зохион байгуулсны ачаар энэ ажил хурдацтай урагшилж байгаа бөгөөд ойрын хоёр сард тахлыг даван гарах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Израильд хоёр сая гаруй хүн вакцины эхний тунгаа хийлгэсэн байна.
Өнгөрсөн баасан гарагаас эхлэн Израильд хатуу хөл хорио үйлчилж байгаа юм. Зарим төрлийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоон, оюутан сурагчид дахин цахимаар хичээллэх болсон бол худалдааны төвүүд дөнгөж нээгдээд удалгүй дахин хаалгаа барьжээ. Иргэдийг нэгнийдээ зочлохгүй, гудамжинд олноор цугларахгүй байхыг сануулсан байна. Энэ нь гуравдугаар сараас хойш авч хэрэгжүүлж буй гурав дахь хатуу хөл хорио бөгөөд сүүлийнх гэдэгт израильчууд найдаж байгаа аж.
Г.Бямбасүрэн