| |
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрлөө
Үймээн самуунд ард иргэдээ өдөөн турхирсан хэрэгт буруутгагдаж, огцруулах асуудал сөхөгдсөний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрлөө. Тэрбээр 2020 оны 11-р сарын 3-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн.
Дональд Трамп Жо Байдены ялалтыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн, сонгуулийн үр дүнг дахин эсэргүүцэхгүй, төрийн эрх мэдэл шилжүүлэх үйл явц саадгүй хэрэгжих болно гэж мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Конгрессын ордонд үймээн самуун дэгдэж, хүний амь үрэгдсэнд харамсаж байгаагаа илэрхийлэн, Америкийн ардчилалд заналхийлсэн этгээдүүдэд хариуцлага тооцох нь зүйтэйг онцолжээ. Тэрбээр Капитол хиллд үймээн болох үеэр бууж өгөх бодолгүй байгаагаа илэрхийлж, хүний амь нас эрсэдсэний дараа, дэмжигчдээ тайвширч гэртээ харихыг уриалсан бол өчигдөр ялагдлаа хүлээн зөвшөөрлөө.
Дональд Трамп Ерөнхийлөгчийг дэмжигчдээ үймээнд турхирч, дөрвөн хүний амь насыг хохироосон хариуцлагыг хүлээх ёстой гэсэн дотоодын улс төрчдийн эсэргүүцэл, гадны улс орнуудын шүүмжлэл нэмэгдсэн. Үүний зэрэгцээ Дональд Трампын засаг захиргааны Зам тээврийн сайд, Боловсролын сайд, Тэргүүн хатагтайн хэвлэлийн төлөөлөгч, Үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөх тэргүүтэй өндөр албан тушаалтнууд Капитол хиллд болсон үймээнтэй холбогдуулан албан тушаалаасаа огцорцгоож байна.
"Гадны шүүмжлэл, дотоодын улс төрийн шахалт, шаардлагын дунд буулт хийх шиг боллоо. Өөрөө өөртөө өршөөл үзүүлэх асуудал боломжгүйг хуульчдын баг нь зөвлөсөн болов уу" гэж ажиглагчид үйл явцыг таамаглаж байна.
Түүний бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа хуулийн байгууллага шалгах магадлал өндөр юм байна. Лхагва гарагт Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигч иргэд Конгрессын ордон Капитол Хилл рүү дайран орж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены ялалтыг батлахаар цугласан Конгрессын нэгдсэн чуулганыг тасалдуулсан. Капитол хиллд болсон үймээний үеэр дөрвөн хүн амь насаа алдаж, 68 хүнийг үймээн өдөөсөн хэргээр баривчилсан байна.