| |
Вена хотын төвд болсон халдлагын ДҮРС БИЧЛЭГ цацагджээ
Даваа гарагт Австрийн нийслэл Вена хотын төвд хэсэг үл мэдэгдэх этгээд зургаан газар цуврал халдлага үйлджээ.
Халдлагад өртсөн объектуудын нэг нь Жүүдийн сүм болжээ. Австрийн Канцлер Себастьян Курц халдлагыг алан хядах ажиллагаа гэж мэдэгдсэн байна.
Хууль хүчнийхний мэдээллээр, халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, долоон хүн хүнд шархдаж, дор хаяж 15 хүн хөнгөн хэлбэрийн шарх авчээ. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээллээр, амиа алдсан хүний тоо долоод хүрээд байна. Австрийн Дотоод хэргийн сайд Карл Нераммерийн мэдэгдсэнээр, халдлагын улмаас хэд хэдэн хүн амиа алдаж, халдлага үйлдсэн дор хаяж нэг этгээд оргон зугтаасан байна. Одоогийн байдлаар, дөрвөн алан хядагчийг саатуулаад байна. Олон нийтийн сүлжээнд халдлагын дүрс бичлэг цацагджээ.
АНУ-ын хэт даврагчдын мэдээллийн идэвхэд мониторинг хийдэг "SITE Intelligence Group” компани Вена дахь халдлагад жихадууд оролцсон гэж мэдээлжээ. Энэхүү халдлага нь "Исламын улс” алан хядах бүлэглэлтэй тэмцэх АНУ тэргүүтэй эвсэлд Австри улс нэгдэн оролцож буйн "төлөөс” гэж тус компани онцолсон байна.
Австрийн Канцлер Себастьян Курц Вена хотын захирагчтай мягмар гарагт /2020.11.03/ Вена дахь сургуулиудыг хаах тохиролцоонд хүрсэн гэж Дотоод хэргийн сайд Карл Нехаммер мэдэгджээ. Тэрбээр ард иргэдийг боломжтой тохиолдолд гэртээ үлдэж, хотын төвөөр очихгүй байхыг уриалсан байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Вена дахь халдлагыг хатуу буруушааж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгджээ. Антониу Гутерриш амиа алдсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд мөн эмгэнэл илэрхийлжээ.