|
Видео

Шинэ мэдээ

Хуучин бүхэн "ул" болох учиргүй ээ

 

Хуучин бүхэн "ул" болох учиргүй ээ

 

Малын гаралтай бүтээгдэхүүн үнэгүйдэж байна. Хонины нэхий ганц боодол бохины ч үнэ хүрэхгүй байна гэж хүн бүхэн халаглан ярилцах болоод, хэдэн жилийг ардаа орхилоо. Нүүдэлчин Монгол Улс үүсэл хөгжлөөсөө л мал аж ахуйгаа эрхлэн, аж төрж ирсэн орон. Энэ нь эдийн засгийн голлох салбар нь байсаар ирсэн, одоо ч байна. Цаашид ч мөнх байна. Манай улс сүүлийн хорь, гучаад жилд дан ганц уул уурхайг дэндүү дагнан шүтэж ирснээс нутаг орныг арай дэндүү ухаж төнхөж, унаган байгаль дэлхийгээ даанч дэндүү өрөвдөлтэй болгож, насаараа, удам угсаагаараа эзэмшиж ирсэн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаагаа эзэмших эрхгүй болгож, нутаг орноо ухуулж төнхүүлэн, хөрсөөр нь эргүүлж хаяуулаад мал билчээрлэх газаргүй, ус гол, булаг, шандыг ширгээж, уул, мод ургамал цэцэгсийг хяргаж буух буурьгүй болгож байгаль дэлхийг сүйтгээд лус савдгийг хилэгнүүлж байгааг хөдөөгийн малчид хоолой нь зангирч, нулимсаа дуслуулан ярьж байгааг төв, суурингийн бид бүхэн телевизийн цэнхэр дэлгэцээс харсаар байна.
 
 Сүүлийн 30-аад жилд төрийн зарим алдаатай бодлогоос болж, гадна дотнын пүүс, компаниудад газрын лиценз гээчийг хэдэн мянгаар нь хяналтгүй олгож, Монгол хэмээх их сайхан үзэмж төгс орноо дэндэнэ дэндэнэ гэхэд арай ч дэндүү самарсныг энэ эх орондоо азаар монгол хүн болж төрснөөрөө бахархан, бардамнаж явдаг жирийн иргэн бүхэн харамсан харж, өөр хоорондоо ярилцахаас цаашгүй байна. Уул уурхайгаас эрдэнэ баялгаа зохих ёсоор нь зөв зүйтэй хүртэлгүй л яахав, харин хөрсөөр нь эргүүлээд хаясан говь, хангайгаа харахад нүд халтирмаар болсон. 
 
Зөвхөн энэ цаг үед амьдарч байгаа хүн ард хэрэглэж дуусгаад амьдрал дуусчих гэж байгаа юм шиг, үр хойч, залгамж үедээ хоосон газар овоолсон шороо, ухсан хар нүхнүүд үлдээх хэмжээнд хүргэж, тэр бүү хэл төрийн хамгаалалтад авсан онгон дагшин газар орон луугаа хүртэл өдөр шөнөгүй дайрцгааж, дайны дараах талбар адил орон нутгаа сүйрүүлэв. Ганцхан уул уурхайг хэт шүтэж, эдийн засгаа хөгжүүлэх гэсэн алдаатай буруу бодлогын муу үр дагавар гадаадын зарим оронд яаж нөлөөлсөн жишээг эрдэмтэн мэргэд, энгийн ард түмэн ярьсаар ирлээ. Харин барагдаж дуусашгүй мал аж ахуйгаа зөв бодлого зохицуулалтаар өсгөн үржүүлж ашиг шимийг нь үйлдвэрийн аргаар бүрэн дүүрэн боловсруулж, ашиглах талаар бас нэг хэсэг нь ярьдаг шүү дээ. Монгол орны эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй гэдгийг олон зууны туршид баталж ирсэн. Өнгөрсөн нийгмийн үед төр засгийн удирдах хүмүүс малын амьсгалаас бусдыг ашиглах ёстой гэж л лоозогнон энэ талаар хатуу зорилго, зорилттой байж, малын гаралтай арьс шир, ноос ноолуур, хөөвөр хялгасыг бүрэн ашиглаад зогсохгүй бод малын эвэр туурай, үхрийн духны ширийг хүртэл байсан. Энэ яам нь ч одоо хаачсан юм. Монгол Улс мал аж ахуйгаа хэзээ ямагт өсгөн үржүүлж, чанарыг нь сайжруулж, малын гаралтай бүтээгдэхүүнийг бүрэн дүүрэн 100 хувь ашиглаж чадсан цагт манай улсын эдийн засаг тогтвортой өсч дэвжих нь маргаангүй үнэн билээ. Өнөөдөр Монголын мал сүрэг 60-70 сая толгойд хүрлээ гэсэн статистик мэдээ, жилийн эцэст тооллогоор гардаг ч энэ тоонд нилээдгүй хүмүүс итгэдэггүй юм билээ. Учир нь, сүүлийн жилүүдэд мал хувьчлагдсанаас хойш улсын тооллого үнэн зөв явагдахаа больсон, малыг нүд үзэж, толгой дараалан тоолдоггүй, эзнийх нь амаар тоолдог болсон, тэр ч бүү хэл аймаг, улсын аварга малчин болж байгаа хүмүүс ах, дүү, нарынхаа малыг нийлүүлж тоолуулаад "Аварга” малчин болдог. Мөн "Алтан” төл”-ийн эзэд ч ялгаагүй ингэж болдог хүмүүс ч адилхан гэх зэргээр үнэн худал нь үл мэдэгдэхгүй үг яриа гаргацгааж л байх юм билээ.
 
Дээр үед хочины ноосыг "цагаан алт” гэж аян хүртэл зарлаж малчин ардууд Харганы ноосыг хүртэл түүх, хээр хаягдсан бутны ноосыг хүртэл түүж хоршоонд тушааж, төлөвлөгөө нормоо биелүүлдэг их аж ахуйч байсан юм.
 
Худалдаа бэлтгэлийн анги пресслээд л гадагш Орос руу тээвэрлэдэг байлаа гэж ярьцгаах. Одоо арьс ширийг ашиглахгүй нядалгаанаас гарсан арьс шир, нэхийг уул овоо шиг хаяж өмхийрүүлэн өт хорхойд идүүлж илжрүүлж, ялзруулж хаядаг боллоо гэж харамсан ярьж байна. Бид ч гэсэн чихээр сонсох төдий биш нүдээр харсаар явахад хонины нэхийг хаа сайгүй л хог дээр хаядаг болжээ. Үнэ хямдхан ч гэсэн хэдэн жилийн өмнө Хятад руу гаргадаг байсан арьс шир коронавирус эхэлснээс хойш хил хаагдсаны улмаас улаан мөнгөний ч үнэгүй газар хаягдаж байна. Манай улс мөн ч их валютаа хог дээр хаяж байна даа. Ойрын үед харин Дархан, Эмээлт, Налайх зэрэг газарт малын гаралтай бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар бүрэн боловсруулах гэж иж бүрэн цогцолбор барьж байгуулах тогтоол шийдвэр гарч, зөв бодлого явагдаж байгаа нь бахархан баярлаж дэмжүүстэй байна. Энэ цогцолборууд ашиглалтад орсноор гарч байгаа арьс ширнийхээ дёнгөж 40-60 хувийг ашиглах юм дуулдана лээ. Энэ бас л чамлалттай санагдана. Барьж байгаа үйлдвэр цогцолборуудыг маш шуурхай, түргэн ашиглалтад оруулж, малынхаа түүхий эдийг 100 хувь үнэт бүтээгдэхүүн болгодог болоосой гэж жирийн олон ард түмэн хүсч хүлээж харж, сонирхож байна. ХАА-н нэгдэл гэдэг их айл байх үед мал аж ахуйн талаар дорвитой зөв бодлого, шийдвэр гаргаж, ахмад туршлагатай малчдын халааг бэлтгэхэд анхаарч, залуу малчдыг эвлэлийн илгээлтээр мал аж ахуй дээр гаргадаг байв. Жишээ дурдвал, Завхан аймгийн Түдэвтэй сумын "Бадрал” нэгдэл 1972 онд сумынхаа 8 жилийн дунд сургуулийг төгссөн хүүхдүүдээр Илгээлтийн эзэн малчин залуучуудын улсын анхны гавшгайч бригадыг байгуулж, ахлагчаар нь намын ахмад гишүүн Я.Гүндсамбуу ажиллуулж, багагүй амжилтад хүрч байсан түүх ном сонинд гарч байв. Тухайлбал, Д.Далхжав Улсын залуу аварга” малчин болж урилгаар” дээд сургуульд орж байсан бол, Я.Дэнсмаа, Я.Долгорсүрэн, Н.Аюушжав нарын зэрэг олон залуу малчин МХЗЭ-ийн Төв хорооны "Тэргүүний малчин залуу” алтан медаль, бригадын ахлагч Я.Гүндсамбуу Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж нэр бүхий хорь шахам малчин илгээлтийн эзэн малчин залуучууд хөдөлмөрөөрөө шалгарч, урилгаар дээд сургуульд орж байжээ. Түүний дараагаар МХЗЭ-ийн илгээлтээр анги хамт олноороо мал аж ахуйн үйлдвэрлэлд гарч үйлдвэр-сургалттай мал аж ахуйн хэсгийг шинээр зохион байгуулж ажиллахаар санаачилга гарган Түдэвтэй сумын 8 жилийн дунд сургуулийн багш Н.Шоопор өөрийн хариуцсан 8б ангийн хамт олноороо 30 шахам сурагчийг ахлан зохион байгуулж ХАА-н үйлдвэрлэлд илгээлтээр гарч 16 мянга гаруй нэг настай малыг гурван жил хорогдолгүй сайн малласан, сайхан санаачилгыг аймгийн намын хороо, АДХГЗ, ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн хороо дэмжиж хамтарсан тогтоол гаргаж байсан удаа бий. Н.Шоопор өөрийн даасан анги хамт олонтойгоо ид ажиллан, хийсэн бүтээснээрээ мандаж  телевиз, радио, сонин хэвлэлд нийтлэгдэж байх цэцэглэлтийн үед Ардчилал гэдэг шинэ нийгэм гарч нэгдэл тарж, зорьсон ажил бутарваа. Мөнөөх багш Н.Шоопор одоо Дархан хотод бичиж, туурвиж буй зохиолч бөлгөө.
 
Тэр үеийн Түдэвтэй суманд идэвхтэй өрнөсөн илгээлтийн эзэн малчин залуучуудын хийж бүтээсэн ажил, хөдөлмөр, цалин хөлсний тооцоог хурдан морь уядаг, дуу хууранд эвлэгхэн нутагтаа "жаахан Гоёо” гэж авгайлагдсан Гончигийн Гочоо гэдэг тоо бүртгэгч хятад санпингийн эрхэн дээр арван цагаан хуруугаа ёстой нэг бүжиглүүлэн гаршсан ажилдаа ганц ч улаан мөнгөний зөрүүгүй брдож чаддаг нэгэн байв даа. Нийгэм 360 градус эргэсний улмаас дээрх ажил бүр мөсөн үгүй болж мал хувьчлагдсанаар залуу малчдыг бодлогоор бэлтгэх уламжлалт ажил мартагдаж үлгэр болов. Зах зээлийн нийгэмд малчдын хийдэг ажил нэхий элдэх, эсгийг гараар зулж, мориор татаж, бодын шир зүсч сур бугуйл, хазаар ногт, чөдөр. гэрийн оосор бүслүүр, хошлон томох, гэрийн бүслүүр, ханын боолт, тоононы чагтага, өрхний оосор гээд ахуйгаа малын гаралтай бүтээгдэхүүнээр бүрэн хангадаг ажил хаягдаж мартагдаж, бэлэнчлэх сэтгэлгээнд шилжжээ. Сураа элдээд хазаар ногт, чөдөр, тушаа хийдэг байсан бол одоо ремен, олс, мяндсаар хийх, гялгар уутаар гэрээ битүү ороож байгаа нь агаар салхи орохгүй, эрүүл мэндэд хортой байж таарна. Ийнхүү бүхнийг орлуулж байгаа нь малд ч нэг л зохимжгүй бөгөөд халтай байна. Тухайлбал, ременээр чөдөр хийж хэрэглэж байгаа нь малын хөл толгойд зохихгүй харагдахын дээр малын үс халцарч, эрүүл ахуйн талаасаа тун халтай байгааг амьдрал дээр нотолсоор байгаа юм. Саяхан үндэсний телевизээр Дөргөн сумын нэг малчин Дандар гэдэг хүн гэртээ хүүхдээ тойруулан суулгачихаад нэг нэг сур бариулж өөрөө бугуйлан сур элдэж байхыг хараад үзэгч бид бахархаж ярилцаж суув. Цөөн боловч хөдөөд ажилсаг нэг нь сураа элдээд үр хүүхдэдээ өвлүүлж, сургаж байгаа нь яамайдаа. Бас өвгөн бичээч би бээр саяхан таксийнд суутал жолооч нь өвөө нэг сайхан зөв шийдвэр гаргаж байгаа юм байна. Малчны анги нээж байна гэж сая ярилаа. Овоо шүү дээ гээд баярлаж байна. Тэр жолоочийн баярлаж байгааг баталсан юм шиг маргааш нь хайрцагнаас хэвлэлээ аваад уншиж байтал "Өдрийн сонин”-ы 2020 оны есдүгээр сарын 4-ний өдрийн 12 дугаар нүүрт мэдээ, мэдээлэл буланд "МСҮТ, политехник коллежид малчин бэлдэх анги нээнэ” гэсэн гарчиг доорхийг уншвал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежид малчин бэлтгэх мэргэжлийн анги нээх асуудлаар Швейцарын хамтын ажиллагааны агентлагтай хамтран ажиллахаар болжээ гээд мөн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, цаашлаад Швейцарын сүү, бяслагийн үйлдвэрээс жишээ авч хамтран ажиллах талаар бичжээ. Энэ сайхан санаа санаачилгыг дэмжин ХХААХҮЯ, Засгийн газар бодит ажил болгон хэвшүүлбэл мал аж ахуйгаа монгол орны залуу малчдаараа үе уламжлалаа үргэлжлүүлж, малчдын хүүхдээс малчны анги нээвэл мөн ч нүдээ олсон ажил болох бизээ.
 
Үеэ өнгөрөөж яваа өвгөн бичээч би бээр эрэмбэ, дараалал, муутайхан, сэтгэлдээ орсныг системгүй нурших шиг боллоо. Улс, нийгэмд болохгүй бүтэхгүй зүйлүүд ундарч гараад байхаар өндөр настан бид бүхэн бухимдаж, уур хилэн ундарч, урам зориг мохох юм.
 
Дэлгэр Монгол орноо
Магтаж бид нар дуулахдаа 
Тэнэгэр сайхан жаргалаа 
Бахдаж заавал оруулдаг
Амьдралын хамаг жаргал нь 
Эрх чөлөөндөө байдаг аа 
Аливаа тэр бүхнийг 
Ард бид нар эдэлдэг
Хөдөө тал минь малаар дүүрэн
Хөвчийн ой минь ангаар дүүрэн 
Хөрсөн доороо эрдэнээр арвин 
Хүний хэрэгцээ цөм багтсан
Яндаж болдоггүй далай шиг 
Яасан баян нутаг вэ 
Ямар их хувь заяагаар 
Бид нар эзэн болж төрөв өө.
 
Эрдэнэт хот. Өндөр настан, ахмад сэтгүүлч Л.СҮХБААТАР

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.