|
Видео

Шинэ мэдээ

Хаягдсан циркчдийн өмнөөс хашхирах хэдэн шалтгаан

Хаягдсан циркчдийн өмнөөс хашхирах хэдэн шалтгаан 

 

Соёлын яам байгуулагдах боллоо шүү”. "Ашгүй сайдтай ч болоодохлоо”. "Аав”-тай болсон тоох байгаа” гээд соёлын сайдыгаа харуулдсан хэдэн хүн хуучин циркийн хавиар эргэлдэнэ. Хийх ажилгүй, өөр чадваргүйдээ биш цирк гэдэг урлагт бие сэтгэлээ бүрэн зориулчихсан уран бүтээлчид учраас л ингэж хүлээгээ биз.

"ХОЙД ЭЦГИЙН” ГАРТ ӨНГӨРҮҮЛСЭН 13 ОН

 

Улсын циркийг менежментийн гэрээгээр "Аса” багт шилжүүлж, улмаар хувьчилсан цагаас хойш тухайн байгууллагад ажиллаж байсан уран бүтээлчид шат дараатайгаар халагдсаар эдүгээ тэр хөх асарт циркчин үлдсэнгүй. Данстай жүжигчин байгаа бол гарын арван хуруунд л тоологдоно.

"Улсад дараа болоод байгаа урлагийн нэгэн байгууллагыг өөд татна аа” хэмээн алдарт аварга ам гарсан. Гэхдээ түүний худалдаж авсан цирк заавал улсынх шиг ажиллах албагүй л дээ. Шинэ удирдлага зохион байгуулалттайгаар "бужигнуулаад” өгч болохоор хугацаа хэдийн өнгөрчээ. Өөрийнхөө эрх мэдлийг бүрэн хэрэгжүүлээд 13 жилийг ардаа тэр үдсэн. Өдий хүртэл амалснаа биелүүлж, айхтар өөрчлөлт хийсэнгүй. Аливаа ажилд дадлагажиж, салбараа мэдэхэд хангалттай л хугацаа. Гэхдээ түүнээс үүнийг горьдоод ч нэмэргүй нь.

Нэгэн үе циркчид тус байгууллагаас цалин авдаггүй ч нийгмийн даатгалын шимтгэлээ циркийн дансаар төлүүлэхийн тулд гадаадад ажилласан цалингаасаа 10 хувийн татвар төлж аргалдаг байсан. Энэ нь яван явсаар хатуу нөхцөлтэй гэрээ болж, Монголын үндэсний циркт бэлтгэл хийснийхээ төлөө тэдний даалгасан тоглолтод орох хуваарьтай болсон. Нэгэнт орон зай, техник тоног төхөөрөмж шаардлагатай урлагийн төрлөөр авьяас сорьж байгаа уран бүтээлчид арга буюу тэднийг царайчилж, манежиндаа бэлтгэл хийхийн тулд хойно, урд нь орж гүйсээр л...Энэ дүр зураг ч удаан үргэлжлээгүй дээ. Ээлж дараалан "цавчсаар”, бүгдийг нь гадаа гаргачихсан.

Монголын үндэсний циркийнхэн болоод зориг зүрхтэй их аварга Д.Дагвадорж минь хувьчилж авахдаа циркчдийн ур чадварыг ахиулж, тоглолтын тоог нэмж, урын сангаа баяжуулж, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхаарч, гадаад хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа биелүүлдэггүй юм гэхэд байргүй ч гэсэн бүтээн бий болгож, бусдыгаа хошуучилж ажиллаад байгаа жижиг жижиг цирк, студийг гүйцээд нэг ажиллаадхаасай.

Судалж дуусдаггүй ажилдаа түүртэж толгой нь өвдөөд, менежмент хийж чадахгүй мэдлэг нь дутаад байгаа бол наад байшингаа өртгөөр нь улсад өгчихөөд толгойны өвчнөөс салж ч болох мэт. "Монголын циркийн урлагийг мөхөөх бодол надад алга” гэж том дуугарч, сошиалд "шууруулсаар” байтал нас тань арваар нэмэгдэж, наад урлаг чинь таньгүйгээр урагшлах гэж тэмүүлж явааг мэддэг болов уу.  Хувьдаа байшинтай ч жүжигчингүй, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ЦИРК хэмээх их нэртэй газартай холбоотой хэсгийг энэ хүргээд цэглэе.

ХАРАМЧ ЗАСАГ ХОЁР ТӨЛНӨ

 

Улсын циркийг хувьчлахтай зэрэгцүүлээд энэ урлагийн бодлогыг тэр чигт нь мань эзэнд даатгав уу гэлтэй. Хэдэн жүжигчинг нь халлаа, хэн ч ам нээсэнгүй. Хамаг амьтныг нь үгүй хийлээ, хаанаас ч хариуцлага нэхсэнгүй. Хувьдаа цирктэй, бүр улсад ганц байгаа зориулалтын объёктод нь эзэн суусан хүн цирк тоглуулъя гэж бодохгүй байхад "Би цирк үзмээр байна” гэж чарлаад байгаа бид ч гэж мулгуу юмнууд.

Бүр хамгийн эмгэнэлтэй нь, урлагийн хамгийн том сургууль болох Монгол Улсын консерваторитоо циркчдээ бэлтгэдэг, бүр багаас нь сургаж бакалаврын боловсрол олгодог хэрнээ төгсөөд ажиллах газрыг нь байхгүй болгочихдог "лойчихсон” улс шүү манайх. Тэгсэн хэрнээ хүүхдүүддээ бэлтгэл хийх байр алга гээд зарсан байраа түрээсэлнэ, хөөрхий. Айл ч байсан халаасны өрөөнөөс гарч өөрийн гэсэн орон гэртэй болохыг хүсэхээс биш, байснаа зарчихаад түрээсэлж явдаггүй л байх. Агуу их цэцэрхэл гэдэг нь энэ байх даа.

Харамч хүн хоёр төлнө гэдэг дээ. Жилдээ 200 орчим сая төгрөгийн татаастай байсан Улсын циркийг хувьчилж, нэг дараанаасаа саллаа гэтэл бүр яван явсаар тэр байшингаа эргээд сарын 15 сая төгрөгөөр түрээсэлдэг болсон нь бас нэгэн эмгэнэл. Бодлогогүйн л балаг.

Одоо бүр бэлтгэл хийх байр ч үгүй, нүүдлийн майхан циркээ бараадаж байгаа. Аварга циркээ засварлаж байгаа учраас аяыг нь харахаас өөр арга тэдэнд үгүй. Анхны цас унахтай зэрэгцээд майханд бэлтгэл хийх боломжгүй болно. Тэгэхээр сургуульд сурч байгаа хүүхдүүд хаачих бол. Арга мухардахад амь авардаг байсан хуучин цирк нь актлагдчихсан, одоо яалтай вэ?

Соёлын сайдыг хүлээсээр суугаа олны дунд эдгээр оюутан ч багтана. Хойчоо бодож, бодлогоо зангидах түүхч сайдтай болсны хэрэг эдүгээд л гарах учиртай сан.

БОДЛОГОГҮЙН БАЛАГ

 

Монголын соёл урлагт бодлого чиглэл, үзэл баримтлал, алсын хараа байдаг гэдэгт итгэсээр сууна. Соён гэгээрүүлэх их үйлсээ хаанаас эхлүүлэхээ, хэрхэн чиглүүлэхээ "хөх тэнгэр”-т байгаа мяндагтнууд мэддэг л байх даа.

Тэртээ 80 жилийн өмнө Монгол Улсад цирк гэдэг урлаг хэрэгтэй гээд хэдэн хүүхдийг ЗХУ-руу явуулж сургажээ. Эргэж ирээд циркээ ч байгуулж, сургуулиа ч нээж. Яван явсаар гадаадад мэргэжил дээшлүүлэгчдийн тоо олширч, Монголд яармагийн дэнж, хуучин цирк, шинэ циркийн байраар улбаалаад үзэгчдийг байлдан дагуулж, суудлаа дүүргэж шуугиулдаг нэг элдэвтэй газар бат суурьтай оршин тогтножээ.

Үегүй мэт нугарах бүсгүйчүүд, айдасгүй акробатчид, агаарт дүүлэгчид, аль хүний санаанд оромгүйг бүтээгчид хол, ойрд алдраа дуурсгаж, тив алгасан тэмцээн, уралдаанаас медаль шүүрдэх болжээ. Бүр цаашлаад улсдаа валют авчирч, авьяасаа мөнгө болгодог айхтар менежментийг ч тэд харуулж.

Орлого ашигтай байсан энэ салбарыг өөрийнх нь мөрөөр явуул гээд нэг удаа улс данснаасаа хасаж үзжээ. Нэгдсэн бодлого нь алдагдаад нэлээд бүтэлгүйтсэн болохоор эргээд "энгэртээ наасан” ч элдэв санаа цаанаа агуулж. Магадгүй мөнгөтэй эзэнд эднийг даатгаад, мөд чих амар сууя гэж түшээд бодож. Санаснаа амархан биелүүлж, сарвайсан мөнгийг ч түргэн авлаа. Эцэст нь юу болов. Төрийн том МАРШАЛ нь тоож зочилдог байсан цирк нь балгас болж, төр улсын хэмжээнд яригдаж, түнш орноороо бариулсан цирк нь баар болж, хэрэгтэй гээд бэлтгэсэн мэргэжилтнүүд хээр гадаа тарж, авьяас сэтгэлээрээ багш нараа дагасан хүүхдүүд нь алийгаа ч мэдэхгүй төөрч явна.

Бодлогогүйн балаг даанч их юм даа. Хэрэгтэй гэж наашаа нэг чангаана, хэрэггүй ээ гэж цаашаа нэг түлхэнэ. Тэгснээ хариуцлага нэхэж, тив дэлхийд улсаа алдаршуулах нь яав гэж шаардана. Авьяасыг нь хараад бахархдаг шигээ ардах "өргөөг” нь шийдчихэж болохгүй гэж үү. Мундгийг үзэж алга нижигнүүлдэг шигээ муухан ч гэсэн бэлтгэлийн байр өгчихөж болдоггүй юм уу?

Циркчдийн өмнөөс цаас үзэг нийлүүлж, дуугараагүйн өмнөөс дуу хадааж байгаа юм шиг хэрнээ хүүхдүүдийнхээ мөрөөдөх эрхийн төлөө, мөнхийн хүсэл тэмүүллийг нь бадраах гэж бид энд бачуурч сууна. Боломжгүйг бодит болгож, санаанд оромгүйг бүтээж, айдас, баяр жаргалыг нэгэн дор мэдрүүлдэг урлагийн энэ төрөлд олон үзэгч хайртай.

УРЛАГ НЬ МӨХӨЖ, ШАШИН НЬ БАДРАХУЙ

Хуучин цирк хэмээн дээр хэдэнтээ бичигдсэн байшин нь XIX зууны үеийн Эх дагинын цогчин дуган. Ардын зураач Л.Намхайцэрэн гуайн ур ухаанаар голын баганыг гадагш нь тэлж, циркийн тоглолтын байр болгож зассан түүхтэй. 1971 онд Улсын цирк шинэ байртай болоход хуучин цирк агуулах болсон ч хожмоо хувьчлалын дараах хоргодох ганц байр нь энэ байлаа. Өглөөнөөс үдэш болтол циркчид энд ээлж дараалан бэлтгэл хийсээр "Монте Карло”-гоос хүрэл алиалагч, Учао, Уханиас мөнгө, хүрэл цом авсан. Өөр олон тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль зуун дамнасан түүхтэй энэ өргөөнд бий болсон. Харамсалтай нь, 2015 онд гал гарч хуучин цирк шатсан. Балгас шиг болсон энэ байшинг зассан хүмүүс нь ч бас циркчид. Бүр тухайн үед сурч байсан хүүхдүүд багштайгаа хамт хар лак хайлуулж, дээврээ бөглөж, хөө тортгоосоо салжээ.

Үүх түүхтэй байшин гээд өв соёлын чиглэлийнхэн нь хошуу дэвсэх ч хуруу нэмж, тордох нь үгүй. Яван явсаар МХЕГ-аас хоёр ч удаа акт бичиж, энэ барилгад бэлтгэл хийхийг хориод байгаа. Өрөвдөлтэй нь, улс энэ байгууллагыг бүр данснаасаа хасчихсан болохоор цахилгаан, дулааны урсгал зардлыг нь төлдөггүй. Сардаа таван сая төгрөгийн зарлагатай байдаг барилгаа бүлээн дулаан байлгахын тулд бүр арга ядаад циркчид хөрш "баян лам”-аас хормой дэвсэн гуйсан юм шиг байна лээ. Таван жил тасралтгүй тэдний урсгал зардлыг төлсөн Дашчойлин хийдийнхэн өнгөрсөн оны төгсгөлд өнөөх циркийн газрыг өөрийнхөө хамгаалалтын бүс болгон баталгаажуулж, захирамж гаргуулчихсан гэсэн.

Болдог сон бол энэ сууринд шинээр цирк бариад бэлтгэлээ хийнэ гэж мөрөөддөг олон хүнийг би мэднэ. Тэгвэл тэдний мөрөөдөл өнгөрсөн жилийн захирамжтай хамт салхинд хийссэн. Түүх соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсэд барилга баривал хуулийн дагуу мэдээж шийтгүүлнэ. Өөрийнх байсан газраа баталгаажуулж чадахгүй өөр нэгнийх болгон алдаж байгаа энэ гунигт түүхтэйгээ одоо циркчид бүр эвлэрээ биз, хөөрхий. Ядуугийн зовлон их юм даа.

Тулган дахь галаа таслахгүй, туйлдсан ч хичээгээд байгаа хэдэн циркчин таныг харж байгаа шүү, соёлын сайд аа. Одоо л биднийгээ харна даа гээд онгироодуу гэх үү, горьдонгуй гэх үү яамандаа найдсан л хүмүүс яг тэр буурин дээрээ суугаа шүү Соёлын яамныхаан!!!

ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.