| |
Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгохыг Засгийн газар дэмжжээ
Банкны салбарт эргэн төлөлт өндөртэй, нийгэмд эрэлттэй зээл бол орон сууцны 8 хувийн зээл. МАН УИХ-ын сонгуулийн өмнө ипотекийн зээлийн хүүг бууруулна гэж амлалт өгч сонгогчдоос багагүй санал авсан.
Тэгвэл тэд орон нутгийн сонгуулийн өмнө зээлийн хүүг бууруулахаар буюу Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанд ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгох асуудлыг танилцуулж, Засгийн газар дэмжсэн байна.
Зээлийн хүүг бууруулах ажлын хэсэг өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанд саналаа танилцуулж, Засгийн газар дэмжжээ. Үүнийг ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэх аж. Бууруулах хоёр хувийн нэгийг бусад эх үүсвэрээс гаргах бол нэг хувийг Засгийн газраас гаргах аж. Гэхдээ хүүний бууралтад Цар тахлын нэг удаагийн хуульд хамрагдан зээлийн эргэн төлөлтөө зургаан сараар хойшуулсан иргэд хамрагдахгүй байх зохицуулалтыг хийсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар ипотекийн 8 хувийн зээлтэй 73 мянган иргэн бий. Тэдний зээл 3,4 их наядаар хэмжигдэж байгаа. Өнгөрсөн сард арилжааны банкууд 1077 хүнд 74.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноос 57.3 хувь нь хөтөлбөрийн, 42.7 хувь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл байгаа юм. Өнгөрсөн хугацаанд засгийн газар Монголбанкнаас гарсан ажлын хэсэг хүүг бууруулах боломжийг судлаад 6 хувь болгох боломж бий гэх дүгнэлт хийсэн байдаг юм.