| |
Д.Нямхүү: 520 хүний шинжилгээний хариу бүгд сөрөг гарлаа
Одоогоор 2616 хүн ажиглалт, тусгаарлалтад байна.
ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархаж, 16 сая 858 мянган хүн өвчилж, 665 мянган хүн нас баржээ. 10 сая хүн эдгэрcэн байна. Сүүлийн 24 цагийн дотор дэлхий дахинд 215 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авч, 5000 гаруй хүн нас барсан байна.
ДЭМБ-ын ерөнхий захирал хэлэхдээ энэ зургаан сарын хугацаанд дэлхийн улс орнууд цар тахалтай тэмцэх чиглэлээр идэвхтэй ажилласан боловч төдий хэмжээний гарз хохирол бидэнд учирлаа. Энэ вирусийн талаар бидний мэдэхгүй судалж байгаа зүйл их байна гэсэн юм.
АНУ-ын халдварт өвчин, харшил судлалын захирал хэлэхдээ ковид 19-өөс сэргийлэх дараах үндсэн таван зарчим нь тархалтын зогсооход тодорхой үүрэг гүйцэтгэж байна. Үүнд, амны хаалт зүүх, хүн ихээр цугларсан газар очихгүй байх, хүн хоорондын зай барих, гараа тогтмол савандаж угаах, баар цэнгээний газраар үйлчлүүлэхгүй байх зэрэг таван зарчмыг тодотгожээ.
Манай орны хувьд ажиглалтад шинээр 198 хүн орж, 277 хүн гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор 2616 хүн ажиглалтад байна. Үүргийн онгоцоор ирсэн 50 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 2 хүний биеийн байдал хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт байна.
24 цагийн хугацаанд 119 дугаарт 158 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын ОХУ, Чех, Швед зэрэг улсуудаас манай иргэд холбогдож, зөвлөгөө авсан" хэмээлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны долдугаар сарын 29-ний өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Дархан-Уул аймгийн салбар, ЗӨСҮТ-ийн лабораторид нийтдээ 520 хүний сорьцоос шинжилгээ авахад бүгдийнх нь сорьцод коронавирус илрээгүй. Бусад шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг дэлгэрэнгүй танилцуулъя.
-2020 оны долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 439 хүний хоёр дахь удаагийн давтан шинжилгээ
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ,
-Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 33 жолоочийн шинжилгээ,
-Идэвхтэй тандалтын 3 хүний шинжилгээ,
-Найман эмч ажилтны шинжилгээ,
-Дархан-уул аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ,
-Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 32 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй байна.
Монголд батлагдсан тохиолдол 291, эдгэрсэн хүн 225, одоо 66 хүн эмчлүүлж байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл 62 хүн хөнгөн, 3 хүн хүндэвтэр, нэг хүн хүнд байна. ХӨСҮТ-д 93 хүн ажиглалт, тандалтад байна.
Урин дулааны улирлыг ашиглан хөдөө хээр, гол усны дэргэд амарч, өөрийн сэтгэл санаагаа сэргээж, биеэ эрүүлжүүлж, дархлаагаа дэмжиж байгаа боловч хогоо маш их хаяж байна. Энэ нь дараагийн ирсэн аялагдад хүндрэлтэй байдлыг бий болгох юм. Аялагчид маань өөрийнхөө хогийг өөрсдөө цэвэрлэх хэрэгтэй" хэмээлээ.