|
Видео

Шинэ мэдээ

Улс төржих биш урагшаа харах учиртайг “уртын харайлт”-ын жишээ харууллаа

Улс төржих биш урагшаа харах учиртайг “уртын харайлт”-ын жишээ харууллаа

Улаанбаатарт усархаг бороо орж урьд жилүүдийн адил "уртын харайлт”-ын улирал эхэллээ. Хагас цагийн ширүүн борооны дараар хотын хаа сайгүй усанд автдаг байдал давтагдаж, иргэд ч шүүмжилсээр өдий хүрлээ. Цаашид ч гэсэн энэ шүүмжлэл хэр удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй.

Улаанбаатар урсчих шахдаг асуудал үе, үеийн хотын захирагчдын чихнээс хонх уяж ирсэн. Харин санаж байгаа бол урьд жил борооны ус хуримтлуулах хоолойтой болох боломж байлаа, нийслэлчүүдэд. Харин тэр боломжийг үгүй гэсэн хэсэг хүмүүсийн ачаар өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг боллоо.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард С.Амарсайхан хотыг удирдаж байхдаа авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлж орлогоор нь иргэдийн аюулгүй байдлыг хангах хэд хэдэн ажлыг төлөвлөж НИТХ-аар батлуулж байв. Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр өмнө жил 14 тэрбум төгрөг улсын төсөвт цуглардаг байсан бол 2020 онд 74 тэрбумыг төвлөрүүлж 45 км авто зам шинэчлэх, хотын төв хэсгээр 60 км дугуйн зам, дөрвөн гүүрэн гарц, борооны ус зайлуулах шугам сүлжээ 10 км барихаар төлөвлөснөө танилцуулж байв.
Гэтэл иргэд зөвхөн "Автозам ашигласны төлбөрийг нэмлээ” гэдэг үгэнд акцент өгч эсэргүүцэж жагссаар цуцлуулж байлаа. Хэрэв тухайн үед авто зам ашигласны төлбөрийг нэмж байгаа нь ямар учиртайг ухаарсан бол өдийд усандаа живж, уур бухимдлаа барахгүй байсан биз. Харин тухайн үед иргэдийг турхирч, жагсч байсан хүмүүс усандаа живэх шахам байгаа иргэдийн аюулгүй байдалд санаа зовж, хариуцлага хүлээв үү. Олон нийтийн эрх ашгийг уландаа гишгэсний горыг нь нийтээрээр амсч байна. Эндээс харахад нэг ажил хийх гэхээр л улстөржиж босч ирдэг. Утга учрыг нь олохгүй муйхарлаж дайрдаг байдал эцэстээ ямар зүйлд хүргэхийг ус хуримтлуулах хоолойн жишээнээс харж болно.
С.Амарсайхан хотыг удирдаж байхдаа хотын соёл, нийслэлийн хот тохижилтод багагүй өөрчлөлт авчирсны нэг нь ТҮК-ийн ажилчдын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхааран, цэвэрлэгээ үйлчилгээний зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хотын тохижилтын үйлчилгээнд нэвтрүүлнэ гэдгээ илэрхийлж байсан. Тэгвэл Хотын захирагчийн хэлсэн дээрх үг ажил хэрэг болж гудамж талбайн цэвэрлэгээнд зориулан тусгайлан үйлдвэрлэгдсэн бага оврын машинууд явж эхэлсэн.
Гудамж талбайг шүүрдэх, усаар чийгшүүлэх, хог соруулах үйлчилгээтэй машинууд өнөөгийн цар тахлын үед ч хэргээ гаргаж байна. Мөн ангилсан хог хаягдлыг тээвэрлэх тусгай зориулалтын автомашиныг дүүргүүдэд гардуулж өглөө. Тиймээс хойшид ажлаа хийе, асуудлаа шийдвэрлэе гэхэд нь улстөрждөг. Түүнийх нь горыг нийтээрээ амсдаг муу жишгийг болих хэрэгтэй. Зоригтой, зорилготой ажиллаж хийе гэснээр хийдэг, бусад нь  ч гэсэн хуруугаа хөдөлгөхгүй байж хошуу нэмэрлэдэг байдлаа больё.
 
 
Ө.Насантогтох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.