|
Видео

Шинэ мэдээ

60 жил шинэчлээгүй ус зайлуулах төв шугамаа засахгүй бол усанбаатар хотдоо хөвөхөөс өөр сонголт алга

60 жил шинэчлээгүй ус зайлуулах төв шугамаа засахгүй бол усанбаатар хотдоо хөвөхөөс өөр сонголт алга

 

"5-хан минутын бороо хотын замын чанарыг таниуллаа" гэсэн гарчигтай нийтлэл уншаад хэдэн жил болж байна вэ. 20 уу, 30 уу.  Зун болгон л ширүүн борооны дараа Улаанбаатар хотын зам усан "далай" болж, хошин мэдрэмжтэй нэг нь хотын даргаа завин дээр суулгаж эвлүүлээд удаж байна.  Энэ жил бид ус зайлуулах систем ярьсныхаа хэдэн жилийн ойг тэмдэглэх гэж байгаа ч юм, бүү мэд.  Дахиад л 20 хүрэхгүй минутын аадар бороо, хаа сайгүй усанд автсан зам. "Өргөө" кино театраас 25 дугаар эмийн сан руу уруудсан замын асфальт нь хуураад, дээврийн хар цаас шиг л хөвж байх жишээтэй.  Нэг үе зам усан автаж, хайрга чулуугаар дүүрдэг байсан бол одоо хуураад урсаж байна.  Өнгөрсөн хугацаанд гарсан өөрчлөлт энэ. 

2012 онд Улаанбаатар хотын хэмжээнд 63.8 км гадаргуугийн ус зайлуулах систем байсан аж. Харин 2019 оны арваннэгдүгээр сард Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн Ус зайлуулах барилга байгууламж хариуцсан мэргэжилтэн М.Балдандорж "Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар зам талбайн борооны ус зайлуулах чиглэлээр 85 км орчим шугам сүлжээ байдаг. 10 мянган метр кубын хүчин чадалтай нэг насостой. Үерийн хамгаалалтын чиглэлээр 180 гаруй км 24 байгууламж байгаа" хэмээн ярьж.  Үндсэндээ 8 жилийн хугацаанд 12 орчим км ус зайлуулах систем л нэмэгдсэн болж таарлаа.  Жаахан эмгэнэлтэй л юм. Э.Бат-Үүл, Су.Батболд, С.Амарсайхан гэсэн 3 Засаг даргын нүүрийг үзсэн 8 жилд замын усаа зайлуулах системийг ийм л хэмжээтэй хийж дээ.  

Ерөөс нийслэл хотын ус зайлуулах байгууламжийн систем хүчин чадлын хувьд ачааллаа дийлэхээргүй хэмжээнд хүрсэн юм байна.  1960-аад онд барьсан байгууламж учраас ашиглалтын хугацаа дууссан гэдгийг ч албаныхан ярьсан байх юм.  Ерөөс нийслэл хотын борооны усыг зайлуулах төв  шугамын өргөтгөл шинэчлэлийн ажлыг 1960-аад оноос хойш огт хийгээгүй. Салбар шугамуудын шинэчлэлийг  хийж байгаа ч ачааллаа дийлэхгүй болжээ. Тиймээс борооны ус 20-30 минутын дараа шингэж алга болдог юм байна. Уг нь нийслэлийн Захирагчийн Ажлын Албанаас ашиглалтыг сайжруулахын тулд шаардлага тавьж, 2020 он хүртэлх Ус зайлуулах байгууламжийг сайжруулах хөтөлбөрийг гаргасан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 373 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа гэдгийг ч албаны хүмүүс ярьж.  

Энэ жил Улаанбаатар хотод 52.5 км авто замыг шинээр хийхээр төлөвлөсөн бөгөөд  17.5 км уулзварыг өргөтгөж, 178.6 метр урт гүүрэнд засвар хийх аж. Мөн хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины 4 нүхэн гарц хийхээр төлөвлөжээ. Шинээр барих замаа олигтойхон тавихгүй бол дараа жилийн, магадгүй тэрний дараа жил ч юм уу, 5, 10-хан минутын бороонд урсаад алга болчих вий дээ.  Нэгэнт л 373 тэрбум төгрөг гаргаад, ус зайлуулах төв шугамаа шинэчлээд, засчихаж чадахгүй юм чинь ядаж чанартай зам тавьсан дээр байх.  Гурван зуны борооны усанд урсахааргүй шүү. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler