|
Видео

Шинэ мэдээ

Генерал Б.Баярмагнай: Улс төрчид Сьерра леонд очоосой, баялгийн балгаас нь суралцаасай

Генерал Б.Баярмагнай: Улс төрчид Сьерра леонд очоосой, баялгийн балгаас нь суралцаасай

 


Түүнтэй би хоёр дахь удаагаа ярилцлага хийж буй нь энэ. Монголын цэргийн багийн эхний ээлж Иракт ажиллахад Багдадын халуун, цаг үеийн хүнд сорилтыг давахаар цэргүүдээ командлан явсан хүн бол Б. Баярмагнай. Анхны бүх сорилт тэрхүү нэгдүгээр ээлжийн нуруун дээр, тэднийг удирдан, зоригжуулж явсан түүнд оногдож байсан болов уу.


tsergiinbag@yahoo.com хаягаар Баярмагнай Монголтой холбогдож, мянган бээрийн цаана түгшүүртэй нөхцөлд алба хааж буй багийнхнаа эх оронтой нь уулзуулж байсан билээ. Тухайн үед "Өнөөдөр” сонинд ажиллаж байхдаа tsergiinbag@yahoo.com хаягаар ирүүлсэн шинэ мэдээлэл, захидал, бодол сэтгэгдлийг "Email news” буландаа хамгийн түрүүнд нийтэлдэг байлаа. Ингэж Баярмагнай дэд хурандаатай анх танилцсан. Эхний баг үүрэг гүйцэтгээд эх нутагтаа хөл тавих мөчид 2004онд дэд хурандаа Баярмагнайгаас ярилцлага авсан юм. Үр хүүхэдтэйгээ хальт уулзаад л ярилцлага өгч суусан нь санаанаас үл гарна. Одоо тэрбээр Монгол улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Дэд дарга, хошууч генерал болтол тушаал дэвшиж, энэ хэрээр Монголын дайчин эрс Энхийг сахиулах үйл ажиллагаанд амжилттай оролцсон гавьяаны хуудас зузаарсан байх юм.

Бямбасүрэнгийн Баярмагнай генералын ажлын өрөөнд очсон хэн боловч багахан хэмжээний цэргийн түүхийн музейд ирсэн мэт сэтгэгдэл төрнө. Орон орны цэргийн командлагчид, байгууллагуудын 700 гаруй медалион, талархал, гэрэл зургуудаас нь сонирхсоор бид яриагаа эхлэв.


Иракт энхийг дэмжих анхны багийг Та ахлан явж байснаас яриагаа эхэлье.

Монгол улс 1999 онд НҮБ-тай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийн дагуу НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн баг, цэргийн албан хаагч оролцуулах эрхзүйн үндсийг бүрдүүлж өгсөн юм. Өөрөөр хэлбэл гадаад талын эрхзүйн орчин бүрдсэн гэсэн үг.

Цэргийн баг, цэргийн албан хаагч гэдэг бол 2 өөр статус юм. Цэргийн баг гэдэг нь аливаа цэргийн үндсэн нэгж бөгөөд салаанаас эхлээд рот, батальон, бригад зэрэг бүх нэгж юм. Цэргийн албан хаагч статуст цэргийн ажиглагч, штабын офицер буюу хувь хүн ордог. Ийм ялгаагаар манайд өөрийн орны хууль эрхзүйн орчин бүрдээгүй байлаа. Харин 2002 онд цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын Энхийг сахиулах болон олон улсын бусад үйл ажиллагаанд оролцуулах тухай хууль батлагдсан. Гадаад, дотоодод эрхзүйн орчин ингэж бүрдсэн учир эхний цэргээ явуулах боломжтой болсон.

Энэ хооронд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох хүсэлтийг удаа дараа манай улсад тавьж байсан. Анхны ажиллагаа болох 2002 оны 8 дугаар сард Бүгд Найрамдах Конго улсад Монгол цэргийн 2 ажиглагч офицер үүрэг гүйцэтгэсэн юм. Хурандаа Ч.Ерөөлцэнгэл, Р.Даваадорж нар ажиглагч офицероор сонгогдож байлаа.

Үүний өмнө яригддаггүй нэг тохиолдол байдаг нь "Зүүн Тимор” гэдэг ажиллагаа юм. Индонези нь салан тусгаарлаж бие даасан улс болоод Зүүн Тиморт НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагаа явагдахад Монгол улсаас цэргийн 3 ажиглагчийг оролцуулах хүсэлт 1999 онд тавьсан байдаг. Тухайн үед манай улс боловсон хүчин цөөтэй, ямар ч байсан гурван хүнийг Батлан хамгаалах яаман дээр дуудаж уулзаж байлаа. Тэдгээр хүмүүс нь генерал Баярсайхан, хурандаа Амарсайхан бид гурав байсан бөгөөд бидний хувийн танилцуулга бүхий материалыг НҮБ-д явуулсан. Тухайн үед бид гурвыг сонгосон гол шалгуур нь АНУ-д Команд штабын боловсрол эзэмшсэн, англи хэлтэй байсан юм.

Англи хэлээр чөлөөтэй ярьдаг, ахмадаас дэд хурандаа цолтой, автомашин жолооддог, цэргийн хэргийн мэдлэгтэй, 10-аас доошгүй жил зэвсэгт хүчинд ажилласан байх ёстой зэрэг анхан шатны шаардлагуудыг нь хангаж байх ёстой. Мэдээж тухайн үед Монгол улсад эрхзүйн орчин бүрдээгүй, бэлэн бус байсан. Ингээд манай улс цэргийн албан хаагчдаа гадаадад бэлтгэж эхэлсэн. 2001 онд миний бие Ч. Баттулга хурандаагийн хамт Швейцарь улсад цэргийн ажиглагчийн дамжаанд суралцсан. Хамгийн сүүлд НҮБ-ын Удирдах албан тушаалтны дамжаанд Японд суралцсан бөгөөд энэ дамжааг төгссөнөөр НҮБ-ын удирдах албан тушаалын эрхийг авна гэсэн үг л дээ. Материалаа бүрдүүлээд НҮБ-д өгсөн. Саяхан Өмнөд Судан улсад Цэргийн хүчний командлагчийн орлогчоор ажиллах ярилцлагад орж, хариугаа хүлээгээд байж байна даа.

Энхийг сахиулах ажиллагаанд Монгол улс хэзээнээс оролцож эхэлсэн бэ?

Манай улсын хувьд гадаад дахь энхийг сахиулах ажиллагаа 2002 оны 8 дугаар сард эхэлсэн байдаг. Харин 2003 онд АНУ-аас манай талд хүсэлт ирснээр бидний ойлголт, бодож санаж, төлөвлөж байсан ажлуудад маш том өөрчлөлт орсон юм. 2001 оны 9 дүгээр сарын 11-нд болсон террорист халдлагын дараа АНУ нь Эвслийн цэргийг бүрдүүлж, 2002 онд Афганистанд, 2003 онд Иракт цэргээ оруулан терроризмын эсрэг цэрэг дайны аян явуулж 2003 оны 5 дугаар сарын 1-ний өдөр дайн албан ёсоор дууссан тухай зарлаж байсан.

Үүний дараа Энхийг дэмжих ажиллагаа явагдах ёстой гээд Эвслийн цэргийн хүчээр явуулна гэж тооцоолон 2003 оны эхээр манайд хүсэлт тавьсан. Тухайн үед Монгол улс АНУ-ыг терроризмын эсрэг дэлхийн дайнд дэмжсэн 33 дахь орон болж байлаа. Тэгэхэд манай хоёр хөрш ямар нэг байр сууриа илэрхийлээгүй байсан юм. Ингээд үзэхээр их л түүхэн шийдвэрийг тухайн үед манай улс гаргаж байж.

АНУ нь дэмжиж байгаа орнууд руугаа хүсэлт тавьсан нь тэр. Цэрэг оруулахаас өөр дэмжих сонголт манай улсад байсангүй. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломж үгүй. Өөрийн улсдаа цэргийн хүчин байрлуулах, дамжин өнгөрүүлэхийг манай улсын хуулиар хориглосон байсан. Усан онгоцны боомт, нисэх онгоцны буудал зэргийг ашиглуулах нөхцөл боломжгүй. Өөрөөр хэлбэл манай улс цэргийн хүч оруулах ганц болзлыг хангаж байв. 2003 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Засгийн газрын 83 дугаар тогтоол гарч Монгол улс Иракийн "Эрх чөлөө ажиллагаа”-нд цэргээ оролцуулсан. Тэгэхдээ энэ нь бидний явуулна гэж төлөвлөж, бэлтгэж байсан ажиллагаа биш байлаа. Тухайн үед бид цэргийн баг оруулна гэсэн статусаа хангахын тулд 150 дугаар ангийг мото буудлагын анхны мэргэжлийн тусгай батальон болгон 1997 онд байгуулснаа 1999 онд үүрэг зориулалтыг нь өөрчлөн "Энхийг сахиулах ажиллагааны чиглэлийн анхны анги” болгосон юм.

Цэргийн 150 дугаар ангийг бэлтгэж 2000 онд Казахстанд "Центразбат 2000” гэсэн сургуулилалт, 2002 онд Бангладешт зохион байгуулагдсан Зүүн Өмнөд Азийн энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургуулилалтад тус тус оролцуулан бэлтгэж байтал Иракт цэрэг оруулах болсон. Үүнээс илүү бэлтгэлтэй анги байхгүй. Цэрэг оруулахад зориулан анхны цэргийн багийг бүрдүүлэх боллоо. Иракийн эрх чөлөө ажиллагаанд бүтээн байгуулалтын ажил хийгдэх учир барилга, инженерийн чиглэлийн бүрэлдэхүүн авч явах ёстой гэлээ. Үүний дагуу анх 174 хүний бүрэлдэхүүнтэй баг бий болсон юм. Мото буудлагын рот, барилга инженерийн 50 хүний бүрэлдэхүүнтэй 1 бүлэг болон эмнэлгийн 6 хүнтэй бүлэг тус тус багтаж Ирак руу явсан.

Монгол цэргүүд дасан зохицох гайхалтай чадвартай хэмээн ярьж байсныг тань санаж байна.

Манай цэргүүд гадныхантай үүрэг гүйцэтгэж, тэдэнтэй өөрсдийгөө харьцуулаад ирэхээр хэн гэдгээ ойлгож байгаа юм. Анх юугаа ч мэдэхгүй Иракт очоод техникээ хараад бид ичиж л байсан. Авч очсон машинаа унахаас ичиж байгаа хэрэг. 1960-аад оны машинтай "давхиад” очтол Иракийн цэргүүд 2000 оны машинтай зогсож байгаа юм. Манай 2 самосвал гэхэд "хөлөөрөө” явж чадахгүй, ачиж авч очсон. Гэтэл гадны цэргүүд "Та нар Иракт музейд машин тавих гэж авчирсан юм уу?” гэж бараг асуух шахсан. Техникууд маань бүгд хоцрогдсон.

Нөгөөтэйгүүр, манай цэргийн алба хаагч нар өөрсдийн бие бялдрын бэлтгэлийг Иракт очоод харьцуулах боломж гарсан. Манай цэргүүд 3 зүйлээр гадныхнаас шууд ялгарсан. Сахилга зохион байгуулалт, дэг журмаар манайх гадныхнаас хавьгүй илүү юм билээ. Архи дарс уухгүй, баазаас гарахгүй, жагсаж нэгдэн үүрэг даалгавар өгнө гээд манай сахилга бат маш өндөр. Гадныхан бол арай л задгай. Монгол цэргүүд 180 хоног маш чанга, хатуу дэглэмтэй байсан. Анхных нь суурийг бид сайн тавьж өгөх учиртай байсан юм. Монголдоо ирсэн хойно би цэргүүдээ тэвэрч аваад "Даргыгаа хатуу хандаж байсанд уучлаарай. Би биш эх орон маань тушааж байсан юм шүү” гээд л хэлдэг юм. Сахилга батаас гадна манай цэргүүд дасан зохицох чадвар сайтай. Өвөлдөө хүйтэн, зундаа халуун салхи, шороон шуургатай гээд Монгол орны байгалийн нөхцөл нь биднийг дасан зохицох чадвартай болгожээ. Гэтэл гадныхан аливаад дасан зохицох чадвар, сэтгэлзүйн бэлтгэл тааруу. Америкууд гэхэд бүх батальон нь ламтай. Лам нь бүтэн сайн болгонд номоо уншина. Нэгийгээ дэргэд нь үхэж үрэгдэх, шархдаад ирэхээр лам нь хүртэл сэтгэлзүйн гүн хямралд орно. Тэр бүхнээс айж, цочирдог болно. Бөмбөг байнга дэлбэрнэ, буун дуу тасрахгүй. Тийм нөхцөлд байдаг учир нэг удаа 400 сэтгэлзүйч Иракт очиж байсан тохиолдол бий. Гэтэл манай Монголын салаан дарга бүр бараг өөрсдөө сэтгэлзүйчийн үүрэгтэй. Багийн ахлагч нар чинь яг л хүүхдээ халамжилж байгаа аав, ээж шиг л байна шүү дээ.

Юмхнаар юм хийх тал дээр манай Монголыг гүйцэх орон дэлхийд байхгүй. Иракт 23 орны 24 мянган цэрэг очсон байсан. Хоорондоо 17 хэлээр ярина. Уг нь бол зөвхөн англи хэлээр л ярих ёстой. Хамтарч ажиллах туршлага байхгүй. Ийм л нөхцөлд бид анх Иракт очиж байлаа.

Америкийн Тэнгисийн явган цэргийн дивиз 2003 оны 9 дүгээр сарын 11-нд Энхийн ажиллагааны олон үндэстний дивизэд үүргээ хүлээлгэж өгөөд гарахад маргааш нь нэг л эзгүй, хүйт даасан санагдаж билээ. Америкчууд зам болгон дээр шалган нэвтрүүлэх цэг ажиллуулж, байнга эргүүлтэй байдаг байсан нь гэнэт үгүй болчихоор их эвгүй санагдсан болов уу. Америкийн цэргүүд Иракаас гарсны дараа буун дуу, дэлбэрэлт ихсэх нөхцөл байдал үүссэн. Тэгээд баазаа яаралтай тохижуул гэсэн тушаал иртэл инженерийн хэрэгслүүд нь цаанаасаа ирдэггүй. Тэгээд л бид нар эхний өдрөөс шороо түрж далан босгоод, тор татаж ямар ч байсан гаднаас хүн нэвтрэхээргүй болгосон. Бөмбөгдүүлсэн машинуудын сэгийг нэг бүрчлэн салгаж, хооронд нь гагнан, будаж янзлаад харуулын цэг байгуулсан. Тэгсэн гадны зарим баазынхан ирээд "Та нар чинь хэдийдээ барилгын материалаа татаад авчихдаг байна аа” гээд гайхаж байсан. Юугаар юу хийж босгосноо зургийг нь авч баримтжуулахгүй бол цаанаас бэлэн материал өгсөн байна гээд итгэхгүй.

2003 оны 9 дүгээр сараас 2004 оны 2 дугаар сар хүртэл баазаа битүү хашаатай болгох гэж зүтгэсээр 2 дахь ээлждээ бэлэн болгоод хүлээлгэж өгсөн юмдаг. 1600 цэргийн бааз гэдэг маш том обьект шүү дээ. Иракийн хоёрдугаар ээлж "баатарлаг гавьяа” байгуулсан гээд л Монголдоо бол ярьцгаадаг л юм. Гэхдээ хоёрдугаар ээлжийн бэлтгэл нэгдүгээр ээлжтэй харьцуулахад 100 гаруй шинэ цэрэгтэй, ердөө 7 хоног бэлтгэгдсэн ээлж байсан юм. Гэтэл Иракийн нэгдүгээр ээлж маань 1997 оноос хойш зөвхөн мото буудлагын чиглэлээр бэлтгэгдсэн, юуг ч зогсоож чадах жинхэнэ элит шилмэлүүд очсон. Их туршлагатай цэргүүд байсан учир баазын халдлагын эмзэг цэг зэрэг хоёрдугаар ээлждээ хэрэгтэй чухал мэдээллийг захиж үлдээсэн. Манай нэгдүгээр ээлжийг буцсанаас хойш 7 хоногийн дараа халдлага болсон. Шинэ цэргүүд очих үеэр гадагшаа мэдээлэл алдах эрсдэлтэй болдог. Баазын үйлчилгээнийхэн дандаа орон нутгийнхан. Манайхан буутай араас нь дагаж хамгаалаад явдаг юм. Тэд нараар мэдээлэл дамжина, алдагдана, халдлага их болдог байлаа.

"Энхийг сахиулах ажиллагаа”, "Иракийн эрх чөлөө ажиллагаа” хоёр зарчмын хувьд өөр шүү дээ. 2002 оны хуулиар зохицуулагдах боломжтой байсан уу?

Огт өөр ажиллагаа юм. Хуулийн хувьд зөрчилдөж байсан. "НҮБ-ын Энхийг сахиулах болон олон улсын бусад үйл ажиллагаанд оролцох” гэж заасан байсан учир хуулийн хүрээнд хамаарч байгаа юм. Гэтэл "цэргийн аливаа эвсэл холбоонд нэгдэхгүй” гэдэг дээр зөрчилдөж байсан. Энэ залруулгыг 2010 онд Л. Болд сайдын үед хийж Энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцох тухайшинэ хуулийг батлуулсан. Уг хуульдаа албан ёсоор "НҮБ-ын мандаттай цэргийн хүчний энхийг сахиулах үйл ажиллагаа болон НҮБ-ын зөвшөөрсөн ажиллагаанд” оролцох эрхийг заасан. Тэгэхээр Иракийн эрх чөлөө ажиллагаа, Афганистаны ажиллагаа нь НҮБ-ын зөвшөөрсөн ажиллагаа биш. Афганистанд НҮБ-ээр зөвшөөрөгдсөн нэг ажиллагаа байгаа нь ISAF буюуInternational Security Assistant Force олон улсын аюулгүй байдлыг хангах хүчний ажиллагаа юм. Өнөөдөр Афганистанд 3 ажиллагаа явагдаж байна. НҮБ-ын зөвшөөрсөн ISAF буюу НАТО-гийн ажиллагаа, НҮБ-ын ЮНАМА улс төрийн ажиллагаа, АНУ-ын тэргүүлсэн Тогтвортой эрх чөлөө ажиллагаа явагдаж байгаа.

НҮБ дотор SASбуюу цэргийн хүчнийг бүрдүүлэх алба гэж байдаг. Цэрэг хандивлагч орнууд гэсэн үг. Өнөөдөр цэрэг хандивлагч 120 орон бий. Тухайн үед 113 орон байсан юм. Монгол улс албан ёсоор цэрэг хандивлагч орны статустай болсноор гадаад дахь эрхзүйн орчин бүрдсэн. Дотоодод бол цэрэг, цагдаагийн албан хаагчийг энхийг сахиулах болон олон улсын бусад үйл ажиллагаанд оролцуулах Монгол улсын хууль батлагдсан.

Мөн 2002 онд Зэвсэгт хүчний тухай хуулийг баталсан. Энэхүү хуульд "Монгол улсын зэвсэгт хүчний үндсэн чиг үүрэг бол Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах” гэж зааснаас гадна "Тайван цагт дараах үүргийг гүйцэтгэнэ” гэж 10 гаруй үүрэг оруулсны дотор "энхийг сахиулах” тухай багтаасан юм. Өөрөөр хэлбэл зэвсэгт хүчин тайван цагт энхийг сахиулах ажиллагаанд оролцоно гэсэн үүргийг хуульчилснаар дотоод эрхзүйн орчин бүрдэж, манай улс цэргээ оруулж эхэлсэн. Иракийн ажиллагаа тухайн үедээ хууль эрхзүйн орчны зөрчилтэй байсан ч төр, засгийн шийдвэр гарч манай цэргүүд явсан.

Одоо манай улс Иракаас цэргээ гаргасан, дахиж тийм ажиллагаанд оролцохгүй. Афганистаны ажиллагааны хувьд 2015 онд сүүлийн рот оролцоод явж байна. АНУ-ын тэргүүлсэн ажиллагаанд оролцоод үндсэндээ дуусч байгаа. Артиллерийн засвар сургалтын хөдөлгөөнт баг оролцож байсан нь мөн дууссан. Энхийг сахиулах ажиллагаа нь хэд хэдэн шат дамжлагатай. Ер нь бол энхийн ажиллагаа дотроо 5 хэлбэрээс бүрдэж байгаа юм. Үүнд урьдчилан сэргийлэх дипломат арга багтдаг. Энхийг хүчээр тогтоох ажиллагаа, энхийг сахиулах ажиллагаа гэж бас бий. НҮБ-ын дүрмийн 6 дугаар бүлэгт "Энхийг сахиулах ажиллагаа”-ны талаар зааж өгсөн байдаг. Хоёр тал буюу сөргөлдөгч талууд гал зогсоох гэрээ байгуулж, энхийн хэлэлцээрт хүрсэн тохиолдолд оруулж байгааг нь "Энхийг сахиулах ажиллагаа” гэж тодорхойлж байгаа юм. Талуудын аль нэг нь энхийн хэлэлцээрт хүрээгүй, хүний эрх зөрчигдсөн, зөрчилдөөнийг намжаах нь энхийг хүчээр тогтоох ажиллагаа юм. Иргэний чиглэлийн, улс орны бүтээн байгуулалтын ажиллагаа гэж бас бий. Энэ таван ажиллагаанаас Монгол улс аюулгүй байдал талаасаа ч "Энхийг сахиулах” ажиллагаанд оролцдог, цаашид ч оролцох болно.

Афганистан дахь артиллерийн манай засвар сургалтын анги нь ямар ажиллагаанд хамаарч байсан юм бол?

Энхийг дэмжих ажиллагааг аль нэг гүрэн, улс, эсвэл бүс нутгийн байгууллага /Европын холбоо, НАТО/ тэргүүлж ордог Эвслийн ажиллагаа юм. Тэгэхээр Афганистан дахь артиллерийн анги нь АНУ-ын тэргүүлсэн, НҮБ-ын зөвшөөрөлтэй ажиллагаа байсан.

Одоо хэд дэх ээлж яваад байна?

Ирак руу Монгол улс цэргээ явуулах шийдвэр гаргахад маш хүндрэлтэй байсан. Эхний ээлж яваад л 2 дахь ээлжийг явуулах эсэх талаар шийдвэр гаргах нь хүндрэлтэй болсон юм. Үндэсний аюулгүй байдал, Засгийн газар зэрэг улс төрийн шийдвэр нь хожуу гарсны улмаас 2 дахь ээлжийн бүрэлдэхүүн ердөө 7 хоногийн бэлтгэлтэй явж байлаа. Гэтэл анхны ээлж маань 100 гаруй хоногийн бэлтгэл хангагдсан шүү дээ. Үргэлжлээд 3, 4 дүгээр ээлж гайгүй явж байтал 5 дугаар ээлжээс дахиад улс төрийн шийдвэр гаргахгүй удан, 7 дугаар ээлж гэхэд хугацаа нь хоёр сараар сунахад хүрсэн нь бий. Улс төрийн шийдвэр гарах их төвөгтэй. Ийм бэрхшээлтэй асуудлууд Иракийн эрх чөлөө ажиллагаанд оролцоход гарч байлаа.

Жанжин штабт энхийг сахиулах чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг Энхийг сахиулах хэлтсийг 1999 онд байгуулсан. Г. Рагчаа генералаар ахлуулсан 3 хүний бүрэлдэхүүнтэй хэлтэс байсан юм. Иракийн эрх чөлөө ажиллагаанд оролцох болсноор 2003 онд хоёр хэлтэс бүхий Энхийг сахиулах ажиллагааны газар болгож өөрчилсөн юм. Ингэхдээ тус газрын дарга нь Жанжин штабын орлогчийн түвшнийх болгож өргөжүүлсэн.

Энхийг сахиулах ажиллагааны Сургалтын үндэсний төвийг 2002 онд байгуулсан. Энэ төвийн анхны даргаар би томилогдон ажиллаж байлаа. НҮБ-д Монгол улсын Байнгын төлөөлөгчийн газар гэж бий шүү дээ. Байнгын төлөөлөгчийн газартаа Цэргийн зөвлөх гэдэг албан тушаалтныг суулгадаг болсноор Г. Рагчаа генерал маань томилогдсон юм. Тэрбээр тухайн албанд байхдаа хөөцөлдөн байж хийсэн гол ажил бол НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн баг оролцуулах явдал. Гэхдээ эхний үед манай улсыг хэн ч тоодоггүй, Монгол улсыг энхийг сахиулах ажиллагаанд сонгодоггүй, хүсэлт тавьдаггүй байв.

Ингэж явсаар Сьерра Леон улсад 2000 онд эхэлсэн Энхийг сахиулах ажиллагаа 2005 оны сүүлчээр дуусч, 24.500 цэрэг тэндээс гарахаар болж ирлээ. Сьерра Леоны Тусгай шүүх хэмээх олон улсын байгууллага үлдэж, үүнийг хамгаалах НҮБ-ын 250 цэргийн албан хаагч хэрэгтэй болов. Энэ хүсэлтийг ихэнх орнуудад тавьсан ч хүлээж аваагүй. Харин Монгол улс уг хүсэлтийг хүлээн авсан. НҮБ-ын журмаар эхлээд тэр ажиллагааны талаар туршуул явуулж, туршуулын үр дүнг ирж улсдаа мэдэгдэх ёстой. Үүний дагуу улс шийдвэр гаргаснаар НҮБ-аас тухайн ажиллагаанд оролцох зөвшөөрлийг олгодог. Ингээд 2005 оны 9 дүгээр сард туршуулаар Рагчаа генерал бид 2 томилогдсон. Г. Рагчаа генерал НҮБ-д сууж байсан учир Нью-Йоркоос, би Монголоос гараад Брюссельд уулзаж, цаашаа Либерид анх очлоо. Тухайн үед Сьерра Леон дахь ажиллагаа дууссан учир олон улсын байгууллагыг хамгаалах ажиллагаа нь Либерээс хамаарч, Сьерра Леоныг дэд сектор болгон хариуцах болсон юм. Бид Либерид очиж цэргийн хүчний командлагч нартай нь уулзаад, туршуулын үүрэг гүйцэтгэж буйгаа танилцуулсан. Бидэнд онгоц гарган өгч Сьерра Леонд анх очин танилцсан. Тухайн үед бид хоёрт ямар ч ойлголт байсангүй. Ядаж байхад уух ёстой хумхааны эсрэг эмийг ч уугаагүй гарсан даа. Халуун орны хумхаа өвчин тусах их эрсдэлтэй бүс нутагт нь очсон шүү дээ. Ийм эмийг явахаас 14 хоногийн өмнө, ирсний дараа 14 хоног, ажиллагааны туршид долоо хоног тутам уух зориулалттай байдаг. Агаарын хэм хэд хүрч байсныг ч мэдээгүй. Лав л Монголд байхгүй халуун байсан юмдаг.

Монголын цэргүүд бидэнд харьцангуй тохь тухтай байр оногдсон. Учир нь Сьерра Леоноос 24.500 цэрэг гарч явсан болохоор Цэргийн хүчний штаб нь байрлаж байсан, тохижсон байр бидэнд ногдсон. Бид эх орондоо буцаж ирээд төдөлгүй ҮАБЗ-ийн шийдвэр гарч энэ ажиллагаанд манай улс оролцох нь зүйтэй гэж үзсэн. Тухайн үед би Энхийг сахиулах ажиллагааны газартаа Орлогч даргын алба хааж байлаа. Гэхдээ багийн даргаар явна гэсэн төсөөлөл надад ерөөсөө байгаагүй. Багийн даргаар ажиллах 4-5 хүний нэрийг сонгож байтал нэг л өдөр Жанжин штабын дарга Тогоо генерал дуудаад "Иракийн ажиллагааг анх эхлүүлсэн хүн, одоо Сьерра Леоныг дахин чи хариуц” гэсэн. Цэргийн хүн тушаал дагадаг учир би цэргийн багаа авч шууд л Тавантолгой руу бэлтгэлд гарч байлаа.

Өмнөх Иракийн ажиллагаа бидэнд харьцангуй туршлага болж өгсөн юм. НҮБ-ын цэнхэр далбаан дор Сьерра Леоны ажиллагаанд анхны 10 цэргээ Монгол улсаас иргэний онгоцоор авч явж байв. Тухайн үед Нигер улсын багаас үүргээ хүлээж авсан даа. Ингээд Сьерра Леоны ажиллагаанд 250 цэрэгтэй 10 ээлж гэж тооцохоор нийт 2300 цэрэг үүрэг гүйцэтгэжээ.

Энхийг сахиулах ажиллагааны гол ач холбогдол нь юу вэ?

Монгол улс 1961 онд НҮБ-ын гишүүн улс болоод ямар ажил хийж, үүрэг хариуцлага хүлээсэн бэ? Татвар төллөө гэхэд тухайн орны эдийн засаг, ДНБ-д харьцуулж татвар ногдуулахад Монгол улсын хувьд НҮБ-ын нийт зардлын 0.001% байсан юм. Дөнгөж саяхан, хэдхэн жилийн өмнө 0.02%-ын татвар болгосон. Гэтэл АНУ 20%, Япон, Герман, Франц, Их Британи, БНХАУ зэрэг татвар төлөлтөөр тэргүүлдэг орнууд байна. Харин цэрэг хандивладаг 110 гаруй улсын тоонд Монгол улс багтдаг.

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргээ оруулснаар НҮБ-ын бүрэн эрхт гишүүний хувьд хүлээсэн үүргээ биелүүлж эхэлсэн гэсэн үг. Үүний үр дүнд ч манай улсын нэр хүнд маш хурдан өссөн. Сьерра Леоны ажиллагаанд оролцсон эхний жилдээ Монгол улс НҮБ-д маш их үнэлэгдсэн. Биднийг анх очиход тус улсад НҮБ-ын Цэрэггүй ажиллагааны хэсэг үлдсэн. Тэрхүү газраас сахилгын байдалд хяналт тавьдаг байлаа. Ер нь бол НҮБ-ын аль ч цэргийн ажиллагаанд сахилгын асуудал хариуцсан алба гэж бий. Бэлгийн дарамт, харьцааны зөрчил, авто техникийн осол зэрэг их хөндөгддөг эмзэг асуудлууд байдаг. Монгол цэргүүд тэнд очоод 1 сар болоод сахилгын мэдээгээ өгч, хэрэг зөрчил гараагүй гэхэд гайхаж байсан. Анх цэргээ хүлээж авахад Нигерийн багийн дарга надад их сонин зөвлөмжүүд өгч байсан. Шөнө 12 цагаас хойш цэргүүдээ баазаас битгий гаргаарай гэх мэт, цэргийн баазаас гарч болохгүй журамтай байтал санаанд оромгүй ийм зүйл, зарим нь бүр мэдээжийн зөвлөгөөнүүдийг ч өгч байлаа. Өмнөх багаас гурван цэрэг малер, гурав нь ДОХ өвчнөөр амь насаа алдсан гэж дараа нь сонссон. Монгол цэргийн сахилга, дэг журам хатуу чанга байж Энхийг сахиулах үйл ажиллагаанд цэргүүдээ үргэлжлүүлэн явуулах учиртай. Ингээд гурван сар өнгөрөхөд манай цэргүүдийн сахилга баттайд итгэж эхэлсэн. НҮБ-ын хүсээд байгаа сайн бэлтгэгдсэн цэргүүд мөн юм байна гэж итгэсэн. НҮБ-ын цэнхэр малгайг өмсөнө гэдэг НҮБ-ыг төлөөлж байгаа илэрхийлэл, эх орны нэр давхар гарч байгаа явдал. Бид үүнийг хатуу ойлгож үүргээ гүйцэтгэсэн.

2006 оны 7 дугаар сарын эхээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан Африкийн 6 оронд айлчлах болсны нэгд Сьерра Леон багтаж байв. Тус улсад айлчлах хөтөлбөрийн цаг нь маш богино буюу 2 цаг л байсан. Тэгтэл НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга "Надад сар бүр ирдэг энхийг сахиулах ажиллагааны илтгэлд Монголын цэргийн албан хаагчдыг их сайшаан магтсан байна. Сьерра Леон дахь Монгол цэргүүдтэй уулзаж болох уу” гэсэн. Монгол цэргүүдтэй уулзах ердөө 30 минутын хугацаа түүнд байсан. Кофи Аннаны айлчлалын маш богино цагийн 30 минут нь Монгол цэргүүдтэй уулзахад зориулагдсанд Сьерра Леоны Засгийн газар их бухимдсан гэдэг. Ингээд НҮБ-ын ЕНБД-ын айлчлалын цагийг 2 цаг 30 минут болгож сунгасан. Кофи Аннан манай ажиллагааг өндрөөр үнэлээд, цэргийн албан хаагчидтай хамт дурсгалын зураг авахуулсан. Түүний бидэнд үлдээсэн дурсгалын бичээсийг нь музейдээ өгсөн байгаа. Үүний дараа манай цэргүүдийн нэр хүнд ч маш их өсч, Сьерра Леоны дараа Чад улсад ажиллах эхний 5 улсын сонгон шалгаруулалтад уригдсан юм шүү дээ. Дараа нь өмнөд Суданд үүрэг гүйцэтгүүлэхээр 120 улсаас Монголыг сонгон урина гэдэг ч бахархалтай байсан.

Манай улсын бие бүрэлдэхүүн одоо хэдэн улсад Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод байна вэ?

Өмнөд Судан улсад 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг Мото буудлагын анги алба хааж байна. Косовод 36 хүнтэй салаа албан үүрэг гүйцэтгэж байсан бол одоо 850 хүнтэй батальонд үүрэг гүйцэтгэж байгаа. Монгол улсын энхийг сахиулах олон улсын үйл ажиллагаа богино хугацаанд ийм болтлоо өсчээ. Дээр нь Судан улсад манайхаас Эмнэлгийн баг орж ажиллаж байгаа бөгөөд одоо 6 дугаар ээлж нь явж байна. Эдгээр нь Энхийг сахиулах ажиллагаанууд юм. Үүнээс гадна Афганистанд НАТО-гийн ажиллагаанд 1 баг оролцож байна. 2003 оноос эхлээд артиллерийн сургалтын хөдөлгөөнт баг оролцож байгаад 2013 оноос түүнээ өргөжүүлсэн. Хамгийн оргил үедээ манайхаас 5 баг оролцож байсан. Одоогийн байдлаар 2 баг үүрэг гүйцэтгэж байна. Нэг нь Кабулд, нөгөө нь Германы хариуцдаг хойд секторт юм. Нэг удаад 1200 гаруй цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Өнөөдрийн байдлаар 2002 оноос хойш 12 мянган цэргийн албан хаагч энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байна. Энэ тоог манай улсын хүн амын тоо, зэвсэгт хүчний байдалдаа харьцуулах юм бол маш өндөр үзүүлэлт юм.


Олон улсын энхийг сахиулах төрөл бүрийн ажиллагаанд оролцсон, өндөр түвшинд бэлтгэгдсэн хүмүүстэй болсоор байна. Эдгээр боловсон хүчин дотоодын батлан хамгаалах салбарын хөгжилд ямар нөлөө үзүүлэх вэ?

Ач холбогдлыг бид хэд хэдэн янзаар авч үздэг. Нэгдүгээрт, улс төрийн ач холбогдолтой. НҮБ-ын хэмжээнд Монгол улсын эзлэх байр суурь, нэр хүндийн хувьд асар өндөр болсон. Олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагуудын хүрээнд Монгол улсын нэр хүнд өслөө. Манай цэргийн албан хаагчдыг Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан болон өнөөгийн ЕНБД Пан Ги Мун нар Монгол улсад ирэхдээ талархал илэрхийлж баяр хүргэсэн. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Монгол улсад айлчлахдаа хоёр улсын харилцааны түүхэнд анх удаа манай цэргийн албан хаагч нарт баяр хүргэлээ. Германы канцлер Ангела Меркель Монгол цэргүүдэд баяр хүргэсэн. Энэ бүхнээс харахад Монгол цэргүүдээр дамжин, олон улсын байгууллагуудын хүрээнд манай улсын нэр хүнд их өсч байна. Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэллээ. Манай Батлан хамгаалах яамыг бага Гадаад хэргийн яам гэж нэрлэх болж. Гадаад явдаг, суралцдаг хүний тоогоороо бусад Яамыг дагуулахгүй өндөр болж. Батлан хамгаалах яамны ажилтнууд, мэргэжилтнүүдийн гадаад хэлний түвшин эрс сайжирсан. Гадаадад мэргэжил эзэмшсэн боловсон хүчний тоо өссөөр байгаа.

Эдийн засгийн хувьд ч өндөр ач холбогдолтой. НҮБ-ын ажиллагаанд оролцохоор манай улс нөхөн төлбөр авдаг. Нөхөн төлбөрийг 3 хэлбэрээр авна. Үндсэн төрлийн тоног төхөөрөмж авах нөхөн төлбөр гэж бий. Энэ нь оруулж байгаа техник, тоног төхөөрөмжүүдээсээ бид нөхөн төлбөр авна гэсэн үг. Нэг хуягт тээвэрлэгч оруулахад ангилал, загвараасаа хамаарч стандартын дагуу бүх хэрэглээ нь нийцэж байвал сардаа 6800 ам.доллар нөхөн төлбөрт авах жишээтэй. 6-8 сарын хугацаанд үүрэг гүйцэтгэсний дараа техник анх худалдан авсан үнээ олоод авна. Ингээд үзэхээр техникийн шинэчлэл хийх боломжтой. Цэргийн ажиллаагаанд оруулсан техник бүрээсээ нөхөн төлбөр авдаг. Хамгийн гол нь тэдгээр техник нь НҮБ-ын шаардлагыг хангаж байх ёстой. НҮБ-тай "хуурай, нойтон” гэсэн 2 төрлийн түрээсийн гэрээ байгуулдаг. Нойтон гэрээ гэдэг нь техникээ оруулна, засвар үйлчилгээг нь давхар хариуцна гэсэн үг. Тэгэхээр нөхөн төлбөрөөс гадна засвар үйлчилгээний төлбөр мөнгө авах юм.

Хуурай гэрээгээр бол бид зөвхөн техникээ оруулна, засвар үйлчилгээг НҮБ хариуцна. Үүнээс харахад нэгэнт бид техникээ оруулж байгаа учир засвар үйлчилгээгээ өөрсдөө хариуцсан нь дээр юм. НҮБ ч гэсэн үүнийг санал болгодог. Хоёрдугаар нөхөн төлбөр нь өөрийгөө хангах хангалт гэж бий. Хоол хүнс, эмнэлэг ариутгал гээд хангалтын үйлчилгээгээ өөрсдөө хариуцна, үүндээ нөхөн төлбөр авна. Гэхдээ бид заавал зуун хувь бүгдийг хариуцах албагүй. НҮБ-тай тохиролцдог. Жишээ нь угаалга цэвэрлэгээг НҮБ-д хариуцуулах шаардлагагүй өөрсдөө хийгээд, харин эмнэлгийн тал дээр цус, цусан бүтээгдэхүүнийг хангуулах нь илүү хэрэгтэй юм.

Гуравдугаар нөхөн төлбөр нь цэрэгт олгогддог. Сар бүр 1028 ам.доллар олгож байсан, одоо 1300 болж нэмэгдээд л яваа юм. Африкийн ихэнх орнууд энэ төлбөрийн 40 хувийг цэрэгтээ олгож, үлдсэн 60 хувийг улсдаа авдаг. Пакистан, Энэтхэг улсын жишээгээр харахад 60 хувь нь цэрэгт, 40 хувийг нь улс авдаг байна. Йорданы хувьд 100 хувь цэрэгтээ уг мөнгийг олгодог жишээ бий. Манай улс цэрэгтээ 60хувийг нь олгохоор шийдвэрлэсэн. Харин цалинг бол бүтнээр нь цэргийн албан хаагч нар өөрсдөө авна. Дээр дурдсан гурван төрлийн нөхөн төлбөртэй ажиллагаа. Энхийг сахиулагчид маань 2006 оноос НҮБ-д үүрэг гүйцэтгэснээс хойш ойролцоогоор 80 мянга гаруй ам.доллар олсон. Тухайн үед байгуулсан Зэвсэгт хүчний Хөгжлийн санд энэхүү хөрөнгө ордог. Уг хөрөнгөөр Батлан хамгаалахын салбарт хийсэн ажлууд олон бий. Энхийг сахиулах ажиллагааны бригад байгуулах, Үндэсний сургалтын төвийг Бүс нутгийн төв болгох ажлууд үүнд багтаж буй. Төрөөс ямар ч хөрөнгө гаргуулахгүйгээр бид Хөгжлийн сангаараа олон сургуулилалт зохион байгуулж байна. 50 айлын орон сууц барьсан. Энхийг сахиулах ажиллагаанаас манай салбарт эдийн засгийн том хөшүүрэг болохуйц хөрөнгө орж ирж байгаа.

Нийгмийн ач холбогдол бас бий. 1990-ээд оны дунд үед Монгол улс зэвсэгт хүчинтэй байх хэрэгтэй, хэрэггүй талаар маргаж байлаа. Боловсон хүчнийг маш ихээр цомхотгож, цэргийн алба байлгах гээд ч байгаа юм шиг, нэг бол байлгахгүй гээд ч байгаа юм шиг байсан. УИХ дээр, иргэд ч зэвсэгт хүчнийг маш их шүүмжилдэг байв. Тэгвэл өнөөдөр манай улсын зэвсэгт хүчний нэр хүнд гадаад, дотоодод ч маш өндөр байна. Энэ бол нийгмийн маш том ач холбогдол гэж би үздэг.

Энэ бүхнээс хамгийн гол ач холбогдол нь цэрэг эрсээр дамжин эх оронч үзэл маш ихээр бий болж, нийгэм даяар яригдах болсон байна. Хэт үндсэрхэх үзэлтэй харьцуулахад манай цэргүүдийн эх оронч үзэл бол цэрэг армиар дамжин нийгэмд үнэт зүйл нь болж байна. Хилийн дээс алхаад л манай цэргүүд эх орноо хайрлах үнэлэх үнэлэмж нь асар нэмэгддэг. 11 жил иргэний дайнд оролцож, 6 сая хүнээ алдсан, хэдэн саяараа иргэд нь тахир дутуу болсон, идэх хоолгүй, цахилгаан гэрэлгүй Сьерра Леонд очоод манай цэргүүдийн нүдэнд огт өөр зүйл харагдаж, бодогддог. Монгол нутагтаа төрсөндөө баярлаж, бахархаж байна гэж манай цэргүүд их ярьдаг. Эргэж ирэхдээ сэтгэл санаа нь ондоо болчихсон эх нутгаа хайрлаж хамгаалах, албандаа хандах хандлага нь ч өөрчлөгддөг.

Өнөөдөр манай улстөрчид гадаадын өндөр хөгжилтэй орнууд руу явж уул уурхайн туршлага судлаад л байдаг. Манай улстөрчдийг Африкийн Сьерра Леонд очоод үзээсэй гэж боддог шүү. Алмазын тэр их баялгаа үрэн таран хийж, тэрний төлөө хоорондоо байлдаж, иргэний дайн хүртлээ явсан байгаа юм. Ашигт малтмалаа буруу зарцуулбал юунд хүргэдгийг тэнд очоод нүдээр нэг удаа харах хэрэгтэй л байгаа юм.

Жишээ нь өнөөдөр АНУ-д стратегийн орд, манай улсын стратегийн орд гэдэг ойлголт хоорондоо огт өөр юм шүү дээ. Намайг АНУ-д сурч байхад стратегийн орд гэдгийг ганц л зүйлээр тайлбарлаж байсан нь АНУ-ын газрын тосны нөөцийг боловсруулаад хадгалж буйгаа стратегийн нөөц гэж байсан юм. Энэ нөөцөөсөө хоёрхон удаа ашигласан нь дайн гарахад Сомалид, Ирак руу АНУ цэргээ оруулахад нөөцөөсөө гаргасан гэж тайлбарласан. Гэтэл манай улс ашиглаагүй нөөцөө "стратегийн” гэж нэрлээд, хэн нь эзэмшихээ хоорондоо маргаад байдаг. Ашиглаж олборлохын тулд наана нь асар их хөрөнгө хэрэгтэй шүү дээ. Жишээ нь манай улсын олборлосон, боловсруулсан нүүрсийг худалдаж аваад л Хятад хадгалаад байгаа нь тэдний хувьд стратегийн нөөц нь болж байна. Улс орон хүнд байдалд орсон тохиолдолд бэлэн нөөцөө шууд худалдахад л мөнгө нь орж ирнэ. Тиймээс манай удирдлагууд байгалийн баялгаа барчихсан, буруу зарцуулчихсан орнууд руу очиж үзэх хэрэгтэй. Африкийн орнуудад очиж үзсэн улстөрч бараг л байхгүй болов уу. Ярьж байгаа жишээ ч тэдэнд байхгүй.

Улс орноо хайрлахгүй, гаргуунд нь хаях юм бол ийм байдалд хүрэх юм байна, иргэний дайн гэдэг аймшигтай зүйл юм гэдгийг манай цэргүүд яс махаараа мэдэрч ирж байна.

Ярилцсанд баярлалаа. Монгол улс НҮБ-ын D2 түвшний албан тушаалтан буюу Энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагч, орлогчийн хэмжээнд ажиллах шаардлага хангасан улам олон боловсон хүчинтэй болсоор байгаа юм байна. Танд ажлын амжилт хүсье.

2015.8.10. (Архив)

 

Фотог Б. Рэнцэндорж, ГАММА

Л.Болормаа

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.