| |
Видео
Шинэ мэдээ
Нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг СЕХ-нд хүргүүлэв
Улс төрийн нам, эвслээс нэр дэвшигчид болон бие даан нэр дэвших хүмүүс СЕХ-нд холбогдох баримт бичгээ хүргүүлэх хуулийн хугацаа өчигдөр дууслаа.
Ингэснээр СЕХ ирэх мягмар гаригт хууль, тогтоомжид нийцсэн нэр дэвшигчдийг зарлах юм. Улмаар ирэх зургадугаар сарын 2-ны өдөр нэр дэвшигчдэд албан ёсоор батламжийг нь гардуулна. Үүний дараа сонгуулийн сурталчилгааны ажил эхлэх юм.
Н.Энхбаяр: Төрд илгээж буй бидний төлөөлөл мэдлэг чадвартай, нэр цэвэр хүмүүс байгаа
МАХН, ИЗНН, МУНН-ын хамтарсан "Та бидний эвсэл” нэр дэвшигчдийнхээ материалыг хүлээлгэж өглөө. Энэ үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр "Ард түмэнтэйгээ хамтран байгуулсан "Та бидний эвсэл” маань нэр дэвшигчдийн материалыг хуульд заасан хугацаандаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ. Төрд илгээж буй бидний төлөөлөл мэдлэг чадвартай, нэр цэвэр хүмүүс байгаа. Сонгогч түмэн минь мэргэн сонголт хийнэ гэдэгт найдаж байна. Бид нэр дэвшигчидтэйгээ олон удаа уулзаж, нам намын шилдэг гэсэн төлөөллийг дэвшүүлсэн. Залуу, дунд үеийн эрдэм, боловсролтой төлөөлөл болон туршлагатай хүмүүс ч бий. Ард түмэн маань энэ сонгуулиар үзгээрээ хувьсгал хийх ёстой” гэсэн юм.
Я.Содбаатар: Ёс суртахуун, мэдлэг боловсролтой хүмүүсээ нэр дэвшүүллээ
Түүнчлэн өчигдөр үдээс өмнө МАН-аас УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. Сонгуулийн хуульд зааснаар нам, эвслээс нэр дэвшигчдийн материалыг СЕХ хүлээн авч хянаад, нэр дэвшигчээр бүртгэх эсэхийг шийдэх юм. Энэ үеэр МАН-ын Сонгуулийн штабын дарга, УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Сонгуулийн хуулийн дагуу МАН-аас нэр дэвшиж байгаа 76 хүний материалыг бүрдүүлж, СЕХ-нд хүлээлгэж өгч байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвшигчдэд гурван шаардлага тавьсан. Тодруулбал, Монгол төрөө гэсэн сэтгэлтэй, өндөр ёс суртахуунтай, мэдлэг боловсролтой, ажлын дадлага туршлагатай гэсэн шаардлага тавьсан. Ингээд шаардлага хангасан 76 нэр дэвшигчийг тодруулж, материалыг нь СЕХ-нд өглөө. Материал бүрдүүлэх нэрс дунд ямар нэг өөрчлөлт ороогүй" гэлээ.
С.Эрдэнэ: ҮБХ-ноос баталсан нэрсийг гардууллаа, өөрчлөлт ороогүй
Мөн АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү нар нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ "Сонгуулийн хуулийн дагуу АН-аас нэр дэвшиж байгаа 76 нэр дэвшигчийнхээ материалыг СЕХ-нд албан ёсоор хүргүүлж, бүртгүүллээ.
76 нэр дэвшигчийн материалыг судалж үзсэний үндсэн дээр манай намыг сонгуульд оролцуулах эсэхээ СЕХ шийднэ. Бид шаардлагатай бүх материалаа хуулийн хугацаанд бүрдүүлж өгсөн. АН-ын Үндэсний бодлогын хуралдааны шийдвэрийн дагуу нэр дэвшсэн хүн нэр дэвшигч хэвээрээ байгаа. Ямар нэгэн өөрчлөлт ороогүй” гэсэн юм.
Т.Доржханд: Гуравдагч хүчин л өөрчилж чадна
Мөн "Зөв хүн электорат" эвсэл болох Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын социал демократ нам, Зүй ёс намуудаас бүрдсэн эвсэл СЕХ-д нэр дэвшигчдийнхээ холбогдох материалуудыг хүлээлгэн өгөв. Энэ үеэр намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд"Бид нэр дэвших 60 хүнийхээ материалыг СЕХ-нд хүлээлгэж өглөө. Нэлээд олон нэр дэвшигчид маань гадаадаас ирж амжаагүй саатсан. Гэхдээ тэр хүмүүс сонгуульдаа оролцохоор материалуудаа хүлээлгэж өгсөн. Манай 60 хүн бүгдээрээ цоо шинэ. Улс төрд огт байгаагүй.
Монгол Улсын сүүлийн 30 жилийн зовлон хулгай, авлига. Энэ их хулгайг хэн засах юм бэ. Энэ хоёр нам засч чадахгүй. Үүнийг гуравдагч хүчин л өөрчилж чадна. Хулгайтай холбоогүй, хулгайч нартай холбогдоогүй гуравдагч хүчин л өөрчилнө" гэлээ.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг ирэх зургадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл болон бие даагчид гээд нийт 647 нэр дэвшигч өрсөлдөхөө мэдэгдээд байгаа билээ.
Т.Батсайхан
Эхсурвалж: "Зууны мэдээ” сонин