|
Видео

Шинэ мэдээ

С.Баяр: Намайг гэмт бүлэг байгуулсан гэж буруутган 60 хоног хорьсон ч тэр зүйл ангиа одоо хүчингүй болгочихсон

С.Баяр: Намайг гэмт бүлэг байгуулсан гэж буруутган 60 хоног хорьсон ч тэр зүйл ангиа одоо хүчингүй болгочихсон

 


Ерөнхий сайд асан С.Баярын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Түүнийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр буруутгаж буй. 

Энэ үеэр Ерөнхий сайд асан С.Баяр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 


-Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Хүсэлтүүд тавигдаж байгаа гэнэ. Яг ямар ямар хүсэлтүүд тавигдаж байгаа юм бол? 

-Нийтдээ 8 хүн байна. Уг найман хүнээ өмгөөлж, өмгөөлөгч нар нь хүсэлтүүд тавьж байна. Бидний олон хүнийг хууль бус мөнгө тогтмол олох зорилгоор гэмт бүлэг байгуулсан гэж эхэндээ буруутган, намайг 60 хоног саатуулсан. Гэтэл шүүхэд шилжүүлэхээсээ өмнө зүйл ангиа хүчингүй болгосон. Тэгсэн хэрнээ бидний 7-н хүн хамт сууж байна. Олон түмэнд эдгээр хүмүүс нийлж буюу Засгийн газраараа нийлсэн гэсэн ойлголтыг төрүүлсэн. Гэрээ байгуулахад Засгийн газар тэр чигээрээ оролцдог. 2015 онд Дубайн төлөвлөгөө гэдгийг баталсан гэдгийг би дуулсан. Миний оролцоо байхгүй. Учир нь тэр үед би сул иргэн байсан. Гэмт бүлэг байгуулсан гэдэг тогтоолоо хүчингүй болгосон хэрнээ биднийг нэг өрөөнд гэмт бүлэг байгуулсан юм шигээр байлгаад байна гэдэг буруу юм л даа. Энд байгаа хүмүүсийн заримыг нь би танихгүй. Бидний хооронд хамтраад, эсвэл тусдаа гэмт хэрэг хийсэн зүйл байхгүй. Зүйлчлэлээ зөв гаргаач гэсэн үндэслэлийг бүгд хэлж байна. 


-Хурал нээлттэй явагдах уу? 

-Биднээс нээлттэй явуулах уу, хаалттай явуулах уу гэж асууж байна. Бид нээлттэй явуулъя гэдэг саналаа хэлсэн. Ялангуяа биднийг олон түмэнд Засгийн газраараа мафи байгуулсан гэдэг ойлголтыг өгчихсөн учраас нээлттэй ил тод явуулж, биднийг яг юугаар яллаад байгаа юм, ямар гэмт хэрэг хийсэн гэж үзээд байгаа юм гэдгийг нь харуулах үүднээс нээлттэй явуулахаа илэрхийлсэн. Улсад онц их хэмжээний хохирол учруулсан гээд байгаа. Гэтэл хохирлын хэмжээ байхгүй. Улсыг хохируулсан гэж үзэж байгаа бол улсаа төлөөлөөд нэг хүн ирээд ийм хэмжээний хохирол учирсан, би төлөөлж байна гээд хүн байх ёстой биздээ. Гэтэл хохирогчгүй хэрэг яваад байна. Хохирол учирсан гэж үзэж байгаа бол хохирогчоо томилооч ээ. 

Намайг Оюутолгойн гэрээ байгуулахдаа, энгийнээр хэлбэл, "Петровис" компанийн шатахууныг Оюутолгой компанид зах зээлийн үнээс өндөр үнээр шахсан гэж байгаа юм. Энэ хоёр компани хоорондоо байгуулсан гэрээг харах маш амархан. Хэрэв би Ерөнхий сайд байхдаа нөлөө үзүүлсэн бол үр дүн нь Петровис компанид ашигтай болж хувирна. Тэр хаана байгаа юм бэ. Яаж өөрчлөгдсөн юм бэ. Петровис компани ямар давуу байдалтай болсон юм бэ. Оюутолгой компаниас нэг ч мэдүүлэг аваагүй байгаа юм. Намайг аль 2002 онд Москвад Элчин сайдаар ажиллаж байхад л эдгээр хоёр компани бензин шатахуунаа нийлүүлж ажиллаж байсан юм билээ. 

-н.Давааням гэж хүн энэ шүүх хуралд оролцож байгаа юм байна. Энэ ямар учиртай хүн бэ? 

-Петровис компанийн үүсгэн байгуулагч хүн. Миний хар багын найз. Энгийн үгээр хэлбэл, Оюутолгойн гэрээ байгуулах далимандаа Петровис компанид шатахуун шахсан гэж намайг буруутгаад байна. Үүнийгээ нотлох хэрэгтэй. Хэрвээ тийм зүйл байгаа бол би гэм буруугаа үүрээд ял эдлэхэд бэлэн байна. Гэтэл огт гэм зэмгүй хүнийг миний найз байсных нь төлөө нотлох баримтгүйгээр буруутган шалгаж байна. Ерөнхий сайд надтай найз байсныхаа төлөө энэ хүнд давуу тал олгох нь битгий хэл, одоо нэг хэрэгт яллагдагчаар татагдаад явж байна. Хэрэг үнэн зөв шийдэгдэх байх гэж найдаж байна. 

-Тэгээд гэмт бүлэг байгуулсан гэдэг зүйлчлэлээ хүчингүй болгосон юм бол одоо яг ямар зүйл ангиар буруутгаад байгаа юм бэ? 

-Тэр тогтоолоо хүчингүй болгонгуутаа шинэ баахан зүйл анги нэмээд үүсгэсэн. Үүнтэй холбоотойгоор ямар нэгэн гомдол гаргах хугацаа өгөлгүйгээр шууд шүүхэд шилжүүлсэн. Тиймээс урьдчилсан хэлэлцүүлэг дээр хуулийн дагуу хүсэлтүүдээ тавьж байна. 

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler