| |
“LUX”, “ZU” шөнийн цэнгээний газрын согтууруулах ундаа худалдах зөвшөөрлийг цуцалжээ
НЗДТГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газраас Сүхбаатар дүүргийн I хороонд байрладаг "Мөнх тэнгэрийн ивээл” компанийн "LUX” болон Сүхбаатар дүүргийн III хороонд байрладаг "Драгон Дэн” компанийн "ZU” шөнийн цэнгээний газрын согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох болжээ.
Тодруулбал, "COVID-19” халдвараас сэргийлэх зорилгоор цөнийн цэнгээний газруудыг 22.00 цаг хүртэл ажиллуулж байсныг энэ сарын 2-ноос эхлэн Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 23.59 цаг хүртэл ажиллуулах болсон. Гэвч цэнгээний газрууд дээрх цагийн хуваарийг баримталж ажиллахгүй байгаагийн зэрэгцээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахиагүй, нийт талбайныхаа 50 хувийг ашиглах ёстой байтал олон хүний бөөгнөрөл үүсгэж, зай хоорондын дэглэмийг бариагүй, амны хаалтыг ажилтан болгон зүүгээгүй, үймээн үүсгэсэн зэрэг зөрчил илэрчээ. Иймээс дээрх хоёр шөнийн цэнгээний газрын тусгай зөвшөөрлийг цуцлахаар Улаанбаатар хотын Ерөнхий менежрийн зөвлөлийн хурлаас шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн энэ оны нэгдүгээр сарын 27-ноос хойш Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийг удаа дараа зөрчсөн 31 аж ахуй нэгжийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болжээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчилдэг бөөний төв, хүнсний дэлгүүр 5756, баар, ресторан, караоке 3488 байна. Эдгээр байгууллагад цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж байгаа юм.