|
Видео

Шинэ мэдээ

Коронавирусийн монголчуудад өгсөн “хичээл”

 
 

Коронавирусийн монголчуудад өгсөн “хичээл”

 

  • "Юм яаж ч муудсан сайжрах талруугаа явж байдаг” гэх үг биелэлээ олно
  • Нэг нь нийтийн төлөө гэх нийгэм хамгаалалын системийн ашиг тусыг монголчууд одоо л ойлгож эхэлж байна.
  • Монголын уламжлалт анагаах ухааны нууц, эмчилгээний арга барилыг дэлхий нийт илт сонирхож байгаа нь өнөөх л гайт COVID-19-ийн Монгол үндэстэнд зориулсан "Хаялга"

"Юм яаж ч муудсан сайжрах талруугаа явж байдаг” гэх үгийг дэлхийн утга зохиолын сод туурвилуудын нэг "Эрэлхэг цэрэг Швейк” зохиолд өгүүлсэн байдаг. Чехийн алдарт зохиолч Ярослав Хашекийн амьдралын хүнд хэцүү ямар ч тохиолдолд сэтгэлээр унаж гуньж гутардаггүй, үргэлж болно, бүтнэ гэсэн гэгээлэг үзлээр хорвоог харж буй цэрэг Швейкээр дамжуулан нийгмийн сэтгэлзүй, хүний мөн чанарыг өөрчилж болохыг харуулсан бүтээл юм. Үүний адил монголчуудад коронавирус түвэг удаж байгаа ч нийгмийн сэтгэлзүйг сайн талруу өөрчилж буй олон жишээ байна. Коронавирус монголчуудад олон зүйлийг ойлгуулж, олон сайн дадалд сургаж байгаа нь өдөр бүр анзаарагдах боллоо. Ялангуяа хувийн ариун цэврээр маруухан байсан нийтлэг жишиг арилж, монгол хүн дор бүрнээ гараа угааж сурсан нь нийтийг хамарсан эрүүл ахуйн "кампанит ажил” болов. Өмнө нь гэртээ ороод гараа угаадаггүй хүн олон байсан гэдэг эргэлзээгүй. Гадуур хооллохдоо ч гарын ариун цэврийг ингэж их чухалчилдаг байсан гэж үү. Бие зассаны дараа гараа эрх биш угаадгийг эс тооцвол үндсэндээ бид заваан үндэстэн байжээ. Харин одоо байдал эрс өөрчлөгдөж гарсан, орсон тоолонгоор, хооллох бүртээ гараа угааж сурч буй нь коронавирусийн ач тус гэх нь юу юм. Гэхдээ сайн сургамж зөв дадал боллоо. Мөн гудамж талбайд ил задгай шүлс, ялгадсаа хаяж явдаг бүдүүлэг монголчуудын тухай гаднынхан баримтат кино хүртэл, монгол тамирчны "байгаа оносон” нулималтын талаар япончууд жигшин шагшдаг цаг өнгөрсөнд үлдэж байгаа нь сайшаалтай. Хэдэн жилийн турш гудамж талбайг бохирдуулж байсан явдал үгүй болж цэвэр, эрүүл орчинд амьдрах боломж ч нэгээр нэмэгдлээ. Энэ бас яах аргагүй коронавирусын "ач тус” юм. Үүнээс гадна чөлөөтэй сэлгүүлцэх эрх чөлөө хумигдсан ч хувийн эрх чөлөөнд халддаг байдлыг ч титэмт вирусийн "ачаар” халж байна. Хэдхэн сарын өмнөх бэлэн мөнгөний машинд хэрхэн дугаарладаг үзэгдлийг өнөөдрийнхтэй харьцуулахад л хувийн эрх чөлөө илүүтэй мэдрэгдэнэ. Хойноос тэврэх нь холгүй, нууц үг хулгайлах гэж байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлдэг байсан бол өнөөдөр миний орон зайд бусдын "нүд бэлчихгүй” сайхан жишиг ч тогтож байна. Өвчин тусахаас айсандаа бус бусдын биед халдах, хувийн орон зайд нэвтэрч байснаа ойлгосон гэдэгт эргэлзэхгүй байна. Түүнчлэн миний эрх хүний эрхээр хязгаарлагддаг ардчилсан нийгмийн үнэт зарчим ч бодит утгаараа хэрэгжих нөхцөл бүрдэж эхэллээ. Үг авдаггүй, хэдэрлэдэг монгол залуус бусдын шаардлагыг биелүүлдэг, дутагдлаасаа ичиж, эмээдэг болсон нь сайны ерөөл шүү. Макскаа зүүгээгүй нэгэндээ шаардлага тавих нь хэнээ, сүржигнэл биш өөрийнх нь хийгээд нийтийн төлөө гэдгийг ухамсарлаж байгаа нь бас л нэг сайн чанар. Нэг хүний хариуцлагагүй явдал бусдад их хохирол учруулж болохыг франц эрийн явдлаас баттай мэдэж авсан бид саяхан Баян-Өлгий дэх тусгаарлалтаас оргосон эмэгтэйг "барьж идэхээ” шахсан нь үүний нотолгоо. Өөрөөр хэлбэл нэг нь нийтийн төлөө гэх нийгэм хамгаалалын системийн ашиг тусыг ойлгож эхэлж байна. Коронавирус нийгмийн сэтгэлзүйг сайжрах талруу нь чиглүүлсний зэрэгцээ монгол үндэстний үнэлэмжийг дэлхий нийтэд өргөсөн нь сайнаар барахгүй ашигтай нөхцлийг "бэлэглэлээ”. Саяхны нэг жишээ дурдахад Испанид амьдардаг монгол залуу хүнсээ цуглуулахаар гарахад ази гэдгээр гадуурхаж, элдэв ааш гаргаж байсан бол маргааш нь монгол дээлээ өмсөн, алтан соёмботой маск зүүгээд л испаничуудын хүндлэлийг олсон талаараа цахим хуудастаа нийтэлжээ. Энэ бол дэлхий нийт монгол үндэстнийг бусдаас сайнаар үздэг болсны нэг жишээ юм. Монгол хүний өвчин тэсвэрлэх чадварыг дагаад хэрэглэдэг хоол, хүнс нь ч олон орны иргэдийн сонирхлыг зүй ёсоор татаж байгаа. Онгон байгалиас эмийн ургамлыг сорчлон иддэг монгол малын махаа дэлхийн хэрэглээ болгох эдийн засгийн үр ашиг ч харагдаж л байна. Мөн дорнын төдийгүй монголын уламжлалт анагаах ухааны нууц, эмчилгээний арга барилыг дэлхий нийт илт сонирхож байгаа талаар шинжлэх ухааны байгууллагуудын мэдээлэл хангалттай харуулж байна. Энэ өнөөх л гайт COVID-19-ийн монгол үндэстэнд зориулсан "хаялга”. Коронавирус манай гадаад харилцааны түүхэнд сайнаар дурсагдах үйл явдлыг ч авчирсан гэдэгтэй маргахгүй биз. Өвчинд нэрвэгдсэн хятадуудаас бүгд дөлж байхад манайх өвөрмөц тактик хэрэглэж дипломат харилцаагаа нэг шатаар ахиулсан нь яах аргагүй үнэн юм. "Алтан аргамж” болсон өмнөд хөрштэй өнө мөнх зэрэгцэн оршихоос хойш мууг сайнаар эргүүлэх боломжийг ашигласан нь монголчуудын мэргэн ухаан билээ. Мууг сайнаар эргүүлэх нь овжин үйлдэл болохын хувьд бид хүнд байдлаас сайныг олох нь "суусан газраасаа шороо атгасан” лугаа тул нийгмээ цэвэрлэж авах ашиг тустай хэрэг. Цаашдаа ч карантины муухайг сайхнаар өөрчлөх олон боломжийг олгох вий. "Юм яаж ч муудсан сайжрах талруугаа явж байдаг" гэх өөдрөг үзлээр боломж бүхнийг ашигтайгаар эргүүлэх нь чухал. Мөн сайжруулсан ололтоо муутайгаа эргэн хутгахгүйн төлөө ололт, дадал бүрээ өнгөлөн зүлгэж, омогшлоо эмгэгшүүлэхгүй байх даалгаврыг амжилттай биелүүлэх нь хамгаас чухал юм. 

Засгийн газрын мэдээ
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler