|
Видео

Шинэ мэдээ

28-05-2020, 09:50

КОРОНАВИРУС: Гадаадын баячууд хандив өргөж, Монголын баячууд ашиг хайж байна

КОРОНАВИРУС: Гадаадын баячууд хандив өргөж, Монголын баячууд ашиг хайж байна

 


Шинэ төрлийн коронавирусийн халдвар улам л нэмэгдэж, дэлхий нийтэд тархаад байна. Манай улс ч энэ аймшигт цар тахлаас тойрсонгүй. Аль хэдийнээ 12 тохиолдол бүртгэгдчихээд байгаа.  Цар тахалтай тэмцэх ажилд УОК-ынхон, эрүүл мэндийн байгууллагын ажилчид сэтгэл зүрх, оюун бодол, бие махбодио зориулж байна. Тэдний ажлыг ард иргэд дэмжиж, чадахаараа хандив өргөсөөр. Өчигдөр Ардын жүжигчин, гавьяатууд тэргүүтэй 70-96 насны ахмадууд нэгдэж, УОК-т 5 сая төгрөгийн хандив өргөв. Тэд телевиз хараад зүгээр суугаад байхыг хүсэхгүй, эх орныхоо сайн сайхны төлөө зүтгэж байгаа хүмүүст зориулж хандив өргөхийг хүссэнээ илэрхийлнэ билээ.  

Ямар их сэтгэл, хайр вэ.  Ерөөс урлагийнхан, спортынхон, эгэл ард эх орондоо чадахаараа л хандив өргөж байна. Ерөнхийлөгч БНХАУ-д айлчлахдаа 30 мянган хонь хандивлаж, мөнхийн хөршдөө сэтгэлийн дэм өгөөд ирсэн. Ирснийх нь дараа малчид 30 мянган хонийг нь цуглуулж өгөхөөр хандив өргөцгөөсөн. ГХЯ, БОАЖЯ, Сангийн яам хамтраад "Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" хандивын аян өрнүүлэхэд иргэд чадах чинээгээрээ оролцож, 303 сая төгрөгийг цуглуулж, Хятадын Элчинд гардуулсан. "Хурд" хамтлаг тоглолт хийхэд 240 сая төгрөгийг иргэд хандивласан. ЭМЯ-д маш олон хүн ирж, өөр өөрсдийнхөө чадлаар хандив өргөсөн. Нийт хандив тэрбум хол давсан. 

Гэтэл манай баячууд, эрх мэдэлтнүүд, эд хөрөнгөтнүүд хаана байна аа. Хэдэн арван тэрбумаар тоологдох хадгаламжтай гишүүд хаана байна. Ганц ч төгрөг хялайлгасангүй. Сонгуулийн жил болохоор хуулиараа болдоггүй л гээд байгаа, үнэн ч биз, шалтаг ч биз. Хуулийг өөрт ашигтай тайлбарлахаараа гаргалгаа олчихдог эрхмүүдэд өглөгийн гараа эх орондоо сунгахад гарц олдохгүй л байв гэж. Эрхэм гишүүд нь хуулиа сайтар дагаж мөрдөхөөс өөр аргагүй байж. Гэтэл гадаадад хэд хэдээр нь хаус худалдаж авсан, оффшор дансанд мөнгөө мартсан ч бил үү улстөрчид яагаад ганц ч төгрөг хялайлгахгүй байна. 

Жил болгон топ 100 аж ахуйн нэгжээр шалгардаг компанитай, томоохон бизнестэй, оройн хоолоо гадаадаас захиалж идэх нь холгүй байдаг баячуудын маань өглөгийн үүдийг далан цоожоор цоожилчихсон байдаг бололтой юм. Гэтэл гадаадын баячууд яаж байна.  Оросын том баячууд коронавирусийн эсрэг тэмцэж, энэ нь хөдөлгөөн болж эхэллээ. В.Зигман, В.Потанин нар нэг тэрбум рубль хандивласан бол М.Гуцеревич зочид буудлын аварга сүлжээгээ үнэгүй ажиллуулах, О.Дерипаска 500 ортой шинэ эмнэлэг барихаар болсон талаар мэдээлэл гарч байна. Спортын алдартнууд, хөлбөмбөгчид, холливудын жүжигчид сая евро, ам.долларыг харамгүй хандивлаж, эмнэлгүүдэд хөрөнгө оруулалт хийсээр. Энэ мэт жишээг дурдвал маш урт дараалал гарна. Харин манайд ганц ч баян сохор зоос ч хялайлгасангүй гээд хэлчихэд буруудахгүй. 

Харин ч эсрэгээрээ ажиллуулдаг сүлжээ дэлгүүрийнхээ бараа бүтээгдэхүүний үнийг нэмж,  ашиг олж байх жишээтэй. Тэгээд олсон ашгийнхаа багахан хэсгээр торгуулсан болоод л өнгөрсөн. Улсдаа хандив өргөдөггүй юм гэхэд иргэдээ шулахгүй байж болохгүй юу, хөрөнгөтнүүд ээ. Тэгээд нэг зүйлийг уриалъя. Хэн нэг нь хандивын аян өрнүүлж, бусдыгаа уриалж, их, бага ч гэсэн хандив өргөөч. Монголын бүх баян хүмүүс хүн чанараа гээчихээгүй гэдэгт итгэлтэй байна. Харин хэн нь эхлүүлэхийг харж л сууя. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.