|
Видео

Шинэ мэдээ

АНУ-ын ХНС бодлогын хүүгээ огцом буурууллаа

 

АНУ-ын ХНС бодлогын хүүгээ огцом буурууллаа

 

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ буюу Төв банк коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор гуравдугаар сарын 16-наас эхлэн бодлогын хүүгээ 0.25 хувьд хүргэж бууруулснаа мэдэгджээ.


ХНС бодлогын хүүгээ өмнө нь гуравдугаар сарын 3-нд 1.5-1.75 хувиас 1-1.25 хувьд хүргэж бууруулж байв. "Ийм үед айл өрхөөс эхлээд аж ахуйн нэгжүүдийн зээлийн эрэлт хэрэгцээг хангахад туслахын тулд "хөнгөлөлтийн цонх” ашиглахыг ХНС зээл олгогч байгууллагуудад уриалж байна” гэж тус сангийн цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурджээ. Коронавирусний дэгдэлт олон улс орны, тэр дундаа АНУ-ын эдийн засагт ноцтой хохирол учрууллаа. Цар тахал эдийн засгийн үйл ажиллагаа болон эдийн засгийн төлөв байдалд нөлөөлсөөр байх болно гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна.


Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дээд зэргээр дэмжих, үнийг тогтвортой байлгах, мөн инфляцаас зайлсхийхийг хичээж буйгаа АНУ-ын ХНС  тэмдэглээд бодлогын хүүг ийм түвшинд хүргэж бууруулснаар улс орны эдийн засагт сүүлийн үед болж буй үйл явдлын үр дагаврыг даван туулж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа мэдэгджээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ХНС-гийн шийдвэрийг сайшаажээ. "Энэ бол манай орны хувьд үнэхээр гайхамшигтай зүйл юм” гэж тэрбээр хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.


Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт буюу гуравдугаар сарын 12-нд Америкийн индексүүд 9 гаруй хувиар огцом унасан бөгөөд энэ нь сүүлийн 30 жилийн хугацаан дахь хамгийн муу үзүүлэлт болсон юм.


АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 3010 болж нэмэгдэж, 61 хүн нас барсан байна. Өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-д дэгдсэн уг вирусний халдвар цар тахлын хэмжээнд хүрснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өмнө нь мэдэгдсэн билээ. Хамгийн сүүлийн мэдээгээр, вирусний халдвар 140 гаруй улсад бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 157 мянга давсан бол 6000 гаруй хүн нас барж, 75 мянга гаруй хүн эдгэрчээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler