![]() |
Дундговь аймгийн Онцгой байдлын газарт найман дуудлага бүртгэгдсэн байна
Энэ сарын 12-13-нд тус аймгийн нийт нутгаар цас орж, салхи хойноос секундэд 9-14 метр хүрч, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарсан.
Шуурганаар аймгийн Онцгой байдлын газарт найман дуудлага иржээ. Албаныхан эрэн хайх, авран хамгаалах үйл ажиллагааг цаг алдалгүй зохион байгуулж, дуудлагын дагуу эрэн хайх, авран хамгаалах үйл ажиллагааг явуулсан бөгөөд хэн нэгний амь нас эрсдээгүй ч гэсэн дахин ийм байдал гаргахгүй байхыг нийт иргэддээ онцгойлон анхааруулсан юм.
Цаг агаарын аюулт үзэгдэл болох, хүндрэх тохиолдолд УЦУОШТ, Онцгой байдлын газраас гаргасан мэдээллийн хэд хэдэн сувгийг ашиглан иргэдэд мэдээлэл хүргэж, сэрэмжлүүлж байгаа боловч иргэд үл хайхран өөрийн болон үр хүүхэд, ойрдотныхныхоо амь нас эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэлтэй алхам хийсээр байна.
Дээр ирсэн 8 дуудлагаас харвал Улаанбаатараас 1-4 насны гурван хүүхэд, өндөр настай нэг хүний хамтаар, эмэгтэй жолооч гарч төөрсөн, Бэр гуйх гэж явсан ах дүүс сураггүй болсон зэрэг дуудлагууд байсан байна. Иймд ард иргэд цаг агаарын аюулт үзэгдлийн талаарх мэдээлэл авсан бол болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж аль болох холын замд гарахгүй байхыг санууллаа.
