|
Видео

Шинэ мэдээ

Хабибийн аав: Конор 100 сая ам.долларын үнэ хүрэхгүй

 

Өнгөрсөн сарын холимог тулааны ертөнцийн хамгийн гол мэдээ нь Ирландын Конор МакГрегор эргэн ирсэн явдал байлаа. Конор ердөө 40 секундийн дотор Дональд Серронег нам цохиж, 2016 оноос хойших анхны ялалтаа байгуулсан. Өрсөлдөгчдөө нэг ч цохиулалгүй ялсан Конор тулааны дараа  Хорхе Масвидаль, Камару Усман нарыг ирүүл тулаанд дуудсан билээ.

UFC холбооноос дээрх хоёр тулаанчийг Конортой үзэлцүүлэхэд дургүйцэх зүйл үгүй ч холимог тулаан сонирхогчид Конор, Хабибийн даагаа нэхэх тулааныг үзэхийг хамгийн их хүсэж байгаа нь ойлгомжтой. Хэрэв энэ хоёр дахин тулалдах юм бол холбооны түүхэнд хамгийн их орлоготой тэмцээн болох нь гарцаагүй.
 


Харин энэ үеэр Хабибийн аав, дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов "Бидэнд ч Конортой хийх тулаан хэрэгтэй байна. 100 сая ам.доллар өгчих. Фергюсонтой хийх тулааны дараа 100 саяыг аваад ирвэл хариу тоглолт хийхэд бэлэн байна” гэж "Р-Спорт”-д ярилцлага өгөхдөө хэлсэн юм. Үнэхээр их мөнгө өгөхөд Хабибийн баг Конортой тулалдах уу гэдгийг тодруулахаар ОХУ-ын "Чемпионат” цахим хуудас Абдулманап Нурмагомедовтой уулзан ярилцжээ.

-100 сая ам.доллар амлавал Конорт даагаа нэхэх боломж өгнө гэж та хэлсэн. Үнэнээсээ хэлсэн юм уу?

-Би МакГрегорыг манай Ислам Махачевтай үзэлцүүлэх сонирхолтой байгаа. Ямар ч мөнгөөр хамаагүй. Үнэгүй байсан ч ялгаагүй. Бид түүнийг нам цохиж унагаах болно.

-Гэхдээ 100 саяыг санал болговол Хабиб Конортой тулалдах уу гэдэг сонирхолтой байна. Конор өнгөрсөн тулаанд 80 сая ам.доллар авсан мэдээ байгаа.

-Ямар ч гэсэн дөрөвдүгээр сарыг хүлээе. 4-р сарын 18-нд Хабиб хэнтэй өрсөлдөхийг та нар мэдэж байгаа юу?
 


-Мэдэлгүй яах вэ, Тони Фергюсон.

-Сайн байна. Бүгд л мэдэж байгаа. Тэр үед нь ярихгүй бол одоо юм хэлэхээр ус үзээгүй байж, өмдөө шуусан хэрэг болох гээд байна. UFC-ийн энэ жилийн хамгийн гол тулаан бол Хабиб, Тони Фергюсон хоёрын тулаан. Түүхэнд үлдэх агуу тулаан. Хоёулаа тус бүр 12 ялалттай тамирчид. Конор ямар ч хамаа байхгүй. Та нар л Конор гээд байгаа болохоос Хабиб, Тонигийн тулаан "Зууны шилдэг тулаан” болох болно.

-МакГрегор саяхан рингэнд гарсан болохоор бүгд түүнийг ярьж байгаа. Дональд Серронетэй хийсэн тулааныг найраа байсан гэж шүүмжилж байна.

-Та нарт тэгж бодогдохгүй байна уу?

-Хэлэхэд хэцүү байна. Үнэхээр том мэргэжилтэн, шинжээч л ингэж буруутгаж чадах байх.

-Энэ бол тулаан биш найруулсан жүжиг байлаа. Серроне жинхэнээрээ хэрхэн зодолддог болохыг бид мэднэ шүү дээ.

-Конор, Альварес хоёрын тулааныг хүмүүс бас найраа гэж байсан. Тэр үед та тэр тулааныг задлан шинжилж байсан. Харин Конор, Ковбой хоёрын тулааны юу нь сэжигтэй байна вэ?

-Тулаан гэхэд хэцүү байсан шүү дээ. UFC холбоонд "мөнгөний уурхай” Конорыг эргүүлэн авчрах шаардлага байсан. Тэгэхээр түүнийг заавал ялуулах шаардлагатай. Харин бид яагаад Конорт даагаа нэхэх эрх өгөх ёстой гэж? Аварга хүн олон дараалан ялсан болон хүнд тулаанд сайхан ялалт байгуулсан цол горилогчид л даагаа нэхэх боломж олгодог. Тэгвэл Конорт таван үе зодолдох хэрэг ч гараагүй. Хабиб Конорын тулаан дээр шүүгчид санал хурааж, ялагчийг тодруулсан бол бас ярьж болох юм. Гэтэл Конор навсартлаа зодуулаад, бууж өгсөн шүү дээ. Юуны чинь даагаа нэхэх? Даагаа нэхэх гэдэг үгийг хэрэглэх ч хэрэг байхгүй. Конорын талаар байнга ярих нь Хабиб, Тони хоёрыг доромжилж байгаа хэрэг.
 


-Гэхдээ энэ даагаа нэхэх тулааны талаар АНУ-д ч их ярьж байна. Таны хэлсэн 100 сая ам.долларын талаар ч гэсэн.

-Ярьж л байг. Их мөнгө байхгүй бол ямар ч тулаан болохгүй. Гэхдээ миний хувьд мөнгө гол биш, спорт чухал. Хүн болгон олон сая долларын талаар яриад, асуугаад байхаар л би тэгж хэлсэн юм.

-Тэгвэл 100 биш 300 сая ам.доллар гэж хэлэхгүй дээ. Мейвейдер Конортой тоглоод 300 сая ам.доллар олсон шүү дээ.

-Конор энэ их мөнгөний үнэ хүрэхгүй. Ер нь энэ талаар дахиж яримааргүй байна.
 


-За сэдвээ өөрчилье. Хабибаар сонин юу байна?

-Бүх юм хэвийн, бэлтгэлээ хийгээд л. Тулаанаас 70 хоногийн өмнө АНУ-д очно. Эхлээд барилдааны бэлтгэл хийж, дараа нь жингээ хасан, боксын дасгалд орно.

-Тони Фергюсон Хабиб хоёр дөрвөн удаа тулалдах байсан ч тухай бүр хойшилж байлаа. Тэр үеэс хойш Тони илүү хүчтэй болсон гэж боддог уу?

-Гол нь Хабиб хэзээ ч Тонигоос сул байгаагүй. Хабиб Тони шиг олон цохилт алддаггүй. Илүү хүчтэй, илүү дайчин. Сүүлийн хэдэн жил Тони муудсан гэж хэлж болохгүй. Гэхдээ бид түүнийг ялах болно.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler