|
Видео

Шинэ мэдээ

Цэгмидийн Дониддагва сурахад хэзээ ч оройтохгүй

 

Цэгмидийн Дониддагва сурахад хэзээ ч оройтохгүй

 

Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг. "Олдох гурван эрдэнэ” жолооны курсийн захирал Цэгмидийн Дониддагватай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Энэ үеэр шинэхэн төгсөгчид нь үнэмлэхээ гардан авч байгаатай таарсан юм. 

Сайн байна уу? Сайхан өвөлжиж байна уу? Та "Олдох гурван эрдэнэ" жолооны курс маань үйл ажиллагаагаа явуулж эхлээд хэдэн жилийн нүүр үзэж байна бэ ? 

За анх 2004 онд байгуулсан. 16 дах жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна даа... Аймгийн Цагдаагийн газраасаа зөвшөөрөл авч дүрмийн багшаар Баатарцогт, би өөрөө жолооны багшаар ажиллаж байсан. Одоо дүрмийн багш 3-той, жолооны багш 5-тайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Өдөр бүр танихм дээрээ бүртгэлээ явуулж байдаг. Тэгээд л анги хүмүүс маань бүрдэхээр хичээлээ эхэлдэг. Хөтөлбөр хангагдсан нөхцөлд аймгийнхаа замын цагдаа дээр очиж онлайнаар шалгалтаа өгч төгсөж байна даа.  

Таны хувьд хэдэн жил жолоо барьж байна бэ? Таныг залуу байхад одоогийнх шиг жолооны курсууд байв уу?

Би чинь тавин нэгэн жил жолоо мушгиж байна даа. Анх 1969 онд жолооч болж байлаа. Тухайн үед аймаг бүрд Батлан хамгаалах нийгэмлэгийн жолооны курс гэж байсан тэнд төгссөн дөө. Төгсөөд л шууд Хулд сумын "Талын цэцэг”-ийн нэгдэлд жолоочоор очсон. Тэгээд л жолооч болсон доо.

50 гаруй жил жолоо мушгиад олон л шагнал, одон медаль авч байв уу?

Өө яах залуу байхад ч одоо таван жилийн гавшгайч, хөдөлмөрийн медаль гээд авалгүй дээ. Би чинь "Онц тээвэрчин", "Осолгүй манлай"-гээд жолооч болгоны хүсдэг хоёрыгоо авчихсан байгаа.

Таныг бас нэлээд олон жил цэргийн алба хаасан гэж сонссон армид хэдэн жил алба хаасан бэ?

Нэгдэлдээ 2 жил болоод цэрэгт явсан юм. Батлан хамгаалах яамны 150-р анги Жанжин штабын гражд 8 жил алба хаасан цэргийн алба хаана гэдэг чинь эр хүнийг жинхэнэ эр хүн болгодог эд шүү дээ. Би ар гэрийн гачигдлаар чөлөөлөгдсөн юм. Тэгээд барилга триестэд тээвэрчин жолоочоор орсон доо.

Нийгмийн байдал өөрчлөгдөж зах зээлд шилжих үеэр ямар ажил хийж байсан бэ?

За тэгээд төр үймж түмэн бужигнах цагаар албан газрууд тарж бутраад мужаан цех "Жинчин” пүүсд очиж, тэндээсээ ахуй үйлчилгээнд нярав жолоочоор ажиллаж байгаад 1992 онд Замын цагдаагийн газраас жолооны багшийн эрхийн бичиг аваад л ажиллаж эхэлсэн дээ. Энэ хугацаанд 2 жил хөдөө мал малласан. Бусад үед нь тасралтгүй жолооны курсэд ажилласан шүү.

Та ер нь хэдэн жолооч бэлтгэсэн бол?

За одоо тоолоогүй юм байна. Олон олон... /инээв/ Машинаасаа буугаад явахаар... Хүүе багш сайн уу л гээд л... Гадаадаас ирсэн юм шиг л болдог юм.  

Та тэгэхээр явган алхадгүй бололтой юм аа даа

Өө яах бэ? Өглөөдөө хүүхдүүдээ аваад жолоондоо гарчихна. Ойр зуурын ажлаа муу тэргээрээ амжуулна тэгэхээр нээх явган явдаггүй юм шиг байна шүү.

Олон шавь нартаа юу гэж захиж байна бэ?

Хамгийн түрүүнд хууль, замын хөдөлгөөний дүрмээ яг цээжил хэн ч ирээд хөөе гэхэд энэ чинь дүрмэдээ ингэж заасан байдаг аа гээд зогсож байх хэрэгтэй, дараагийн нэг зүйл бол анхаарал бүү сарниул, техникийн бүрэн бүтэн байдлыг маш сайн хангах хэрэгтэй л гэж хэлдэг дээ ... За тэгээд мөр цагаан яваг ээ л гэж ерөөдөг дөө /Инээв/

Замын хөдөлгөөний дүрмийн өөрчлөлт их ордог үүний дагуу сургалт хийгддэг үү?

Хуулийн өөрчлөлт яах бэ нийгмийн шинэчлэлээ дагаад хийгдэж л байна. Жолооч нар маань ч дүрмээ тухай бүрд нь биелүүлж, хэрэгжүүлж хэвшээд байна.  Хууль дүрэмд өөрчлөлт орвол манай замын цагдаагаас сургалт сурталчилгааны ажлыг их сайн хийдэг. Харин ангилал ахиулах гэж хүүхдүүд их ирдэг шүү.

Ер нь жолооны курсэд суралцаж байгаа хүмүүсийн насны байдлаар нь авч үзвэл хэдэн насныхан зонхилж байна бэ?

Залуу голдуу шүү. Эрэгтэй хүүхдүүд ихэвчлэн, 18-тайгаасаа эхэлж суралцдаг. Эмэгтэйчүүдийн хувьд одоо бол 30 орчим насныхан байдаг шүү. Өө бүр настай ч хүмүүс ирдэг л юм. Одоо л гэхэд 64 настай хүн суралцаж байна жолоо барина гэдэг чинь эв дүй мэдрэмж их шаарддаг эд шүү дээ. Хэзээ ч сурсан оройтохгүй.

 

Цэгмидийн Дониддагва сурахад хэзээ ч оройтохгүй

 

Цэгмидийн Дониддагва сурахад хэзээ ч оройтохгүй

 

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.