![]() |
МУГЖ А.ДҮНЖМАА УРТЫН ДУУ ӨӨРӨӨ ХҮНИЙГ ХҮМҮҮЖҮҮЛДЭГ
Монгол улсын гавьяат
жүжигчин Адилбишийн Дүнжмааг урин оролцуулж байна. Тэрээр уртын дууны өв соёлыг
дүгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн үнэтэй хувь нэмэр оруулж яваа эрхэм хүн юм.
Сайн байна уу таньд энэ өдрийн мэнд дэвшүүлье.
Баярлалаа. Сэтгүүлийн нийт уншигчид болон нутгийн олондоо энэ өдрийн мэнд хүргэе.
Уртын дуу хэмээх Монгол түмний бахархалтай хэрхэн хувь заяагаа холбосон талаар яриагаа эхлүүлэе? гэж бодож байна.
Энэ бол миний аавтай салашгүй холбоотой. Аав маань улсын аврага малчин, хөдөлмөрийн хүндэт медальтай, аймгийн сайн малчин, барилддаг, уртын дуу сайхан дуулдаг, хурдан морьдтой ёстой л нөгөө найранд гурван дуутай, наадамд гурван даваатай, уясан хүлэг нь айраг түрүүтэй хүн байсан. Бага байхад бид нар концерт тоглоно гээд орны хөшиг татаад орон дээрээ гараад нэг нь зарлаад дуулж, бүжиглэдэг байлаа. Манай аав, ээж хоёр их хөгжөөнө. Тэр нь сайн дууллаа энэ нь муу дууллаа гэдэг тэгэхлээр нь бид нар нэгнээсээ сайн дуулах гэж хичээдэг байсан. 6 настайдаа анх морь унаж зээ татаж эхэлсэн. Тэр маань уртын дуу дуулах бэлтгэл болж байсан байх.
Урлагийн хүний анхны тайзан дээр гарсан дурсамж их нандин байдаг. Тэр дурасамжаасаа хуваалцаач...
Мэргэжлийн урлагийн тайзан дээр анх 13 настайдаа Өлзийт сумын соёл урлагийн 3 хоног гэж болдог байсан түүнд оролцож хор найрал дуунд дуулж байлаа. Анх аймгийн соёлын ордонд орж үзэж байгаа нь тэр, дотор нь ороод толгой эргээд байж билээ, аймар том тайзтай том байшин санагдаж баясан. Тэгээд 1969 онд бас сумын соёл урлагийн 3 хоног гэж болсон юм. Тэгэхэд нь би гоцлол номер "Намуун байгаль” гэдэг дууг дуулсан юм. Надад сумаас урт саатай цагаан дээл хийлгэж өгсөн байсанюм тэгээд урт цагаан Намуун байгаль гэж нэр авч байлаа /гээд инээмхийлэв/
Хүүхэд ахуй насны хөгжилтэй сайхан дурсамжаасаа
хуваалцаач ...
Манай аав намайг өөрийн төрсөн дүү охин Борын Чулуундаа өргүүлсэн. Өргөж авсан аав Будын Жамъян гэдэг хүн маань залуу насандаа жин тээдэг, тууврын мал туудаг аймгийн аварга тууварчин, шагай сайн харвадаг мундаг ажилсаг хүн байсан. Намайг өргөж авсаны дараа Шура, Отгонбаяр хоёр маань төрсөн. Би чинь дүү дагуулсан охин нь Шура минь бас их сайхан дуулдаг. 4,5 настай байсан байх анх л радио гарч байлаа. Тэр үед хоёр гурван айлыг нэг суурь гэнэ. Би тэмээ унаж сураад нэг сууриас манай суурь руу радио явуулж, тэгээд миний тэмээний бөхнөөс радиогоо зүүгээд за наадах чинь гэнэт дуулаад эхэлнэ шүү гэхэд нь явж байгаад дуугарах болов уу гэж айж байж билээ. Тэгээд манай суурийн ахлагчынд тавьчихаад би орж радио сонсдог байлаа гоё гоё дуулдаг хүмүүс дуулна Норовбанзад гуайн дуу явна. Дуулахыг нь сонсоод сурчихдаг байлаа. Нөгөө айлын хүмүүс намайг цаашлуулаад энэ дотроос дуулж байгаа хүмүүс чинь гарч ирдэг юм гоё гоё торгон дээлтэй хүмүүс гарч ирдэг гэхлээр нь түүнийг гарч ирэхийг хүлээгээд суучихдаг байлаа ш дээ. Аав, ээж дуудаад болохгүй айлын хүмүүс маргааш нь чамайг явсаны дараа гарч ирээд хоол цай идэж уугаад буцаад орчихсон манай шуудайтай гурил бага болсон байгаа биз гээд зовоодог байж билээ. Тэрнээс хойш энэ хүмүүс шиг гоё дуулдаг болох юмсан гэж боддог байлаа. Миний өргөж авсан ээж минь Эр бор харцага дууг сүрхий дуулдаг ардын болон зохиолын дууг сайхан дуулдаг байсан.
Сургуульдаа явахдаа морь тэмээгээр давхидаг байв уу?
Өө тэгэлгүй яах бэ? 1960 онд Нэгдүгээр ангид орж ногоон даалин цэнхэр бүстэй улаан таван таван хошуу ногоон даавуун цүнхтэй цагаан ултай гуталтай сургуульд анх орж байлаа. 3-р ангиас пионерт элсэн дээлэн дээр галстуг зүүдэг байсан. Анх сургуульд ороход Жамьянсан гээд ширүүн юм шиг багш хүлээж авч. 3-р ангиас Бадрах гээд дөнгөж сургууль төгсөөд манайд ирж байсан Спортын гүйлтийн нэгдүгээр зэрэгтэй Биеийн тамирын хичээлийг их сонирхолтой ордог. Манай Бадрах багш одоо энх тунх амьдарч байгаа.
1-р ангид ороод миний анх сурсан дуу
Анхан сургуульд ороход
Аль ч учрыг мэдсэн ч
Ачтай багшийн хүчээр
Аливаа эрдмийг сурлаа би
Сургуульдаа мориор явдаг өвөл нь гэр суман дээр бууж хардаг байсан шинэ жилийн сүлд модны наадам санаанаас ердөө гардаггүй юм. Цаасыг өнгө өнгөөр будаад чимэглэл хийдэг өнгийн цаасаар чимэглэл хийж цасан охидын бүжиг биелгээ маягын юм хийгээд л
Нутгийн хөгшчүүл танайхыг гэр бүлийн концерт хийдэг
байсан гэж хуучилж байхыг сонссон ...
Тийм ээ. Манайх чинь Өвөлжөөн дээрээ улаан булантай байлаа ш дээ 1970-аад оноос гэр бүлийн концерт гэж тоглогддог болсон. Манай аав Улсын сайн малчин болоод сайд дарга нар их очдог байсан. Жишээ нь Майдар, Даш, Молом сайд очиж байсан. Бид нар концертоо тоголж өгнө дөө. Тэгэхэд Майдар сайдыг ер инээдгүй хүн манай тоглолтыг үзээд инээсэн гэсэн яриа хүртэл гарч байсан. Концертонд аав, ээж, ах, эгч, дүү, нар гээд бүгд ордог байсан.
Аймаг, улсын урлаг соёлын ажилд гэр бүлээрээ оролцож байв уу?
1973 онд диптатуудын чуулганд уригдан тоглож их үнэлгээ авсан бид нарыг дангаар нь тогловол гологдох байх гээд аймгийн соёлын ордны жүжигчидээс оруулна гэж байгаад бидний концертыг хянаж үзээд дангаар нь тоглуулж байсан. Бидний тоглолтонд хошин үзэгдэл, хамтлаг, урт богино дуу ер нь бүгд байсан даа манай хамгийн бага Отгонбат 6 настай байсан гэхэд хөөрхөн шүлэг уншдаг бас хөөрхөн зураг зурдаг байсан зургаар нь үзэсгэлэн гаргаж, дан манай хийсэн цагаан идээгээр хүртэл үзэсгэлэн гаргаж байж билээ. Манай ах Цэрэнсамба сайхан дуулж баяан хөгжим, морин хуур тоглоно эгч Цэрэнчимэд Сумьяа хоёр дуулна. Манай Нэргүй гитар, шанз тоглоно би бас гармуун хөгжим тоглож ах дуулдаг байсан. Ер нь бид нарын урлагаар явах зам гэр бүлийн тоглолтоос эхэлсэндээ 1970-аад оноос сайн дурын уран сайханч гэж нэлээд явсан. Суманд тийм дарга сайд ирлээ хурал хуйд дуулуулна гээд нэгдлийн даргын машин ирж аваад л авдаг байлаа.
Сумынхаа соёлын төвд хэдийнээс эхэлж ажилласан бэ?
1974 онд Гавьяат жүжигчин Дагийранз гуай Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж намайг бараг л бүх концертонд дуулуулдаг байлаа. Би ганц 1 уртын дуу сурсан байсан ааваараа заалгаж мөн радиогоор Цэнджав гуайн дуулахыг их сонсож ийм дуучин болох юмсан гэж боддог байлаа. Радиогоор Хэрлэнгийн барьяа гэдэг дууг нь сонсоод сурчсан. Нэг өдөр хонь хариулж байхдаа дуулсан чинь гоё болж байгаа юм шиг санагдаж, цохилго энэ тэр нь орж ирээд л их аятайхан санагдаж байж билээ. Сумын нэг тоглолтонд Дагийранз гуай хуурдаад дуулсан чинь хүмүүс дахиулж байсан юм тэрэнд нь урамшаад Гавьяат жүжигчин Лхамжав гуай радиогоор "Уяхан замба тивийн наран” дууг заахад нь сураад дуулдаг болсон.
Залуу хүн зохиолын дуулж байсан уу?
Дуулалгүй яах бэ би өөрөө богино зохиолын дуу дуулмаар санагдаад дуулья гэхлээр Дагийранз гуай загнаад уртынхаа дууг л дуул гээд байдаг байлаа. Тэгээд уртын дуу дуулдаг болсон доо.
Мэргэжлийн урлагийн байгууллагад хэзээнээс эхэлж ажиллаж эхэлсэн бэ?
Урансайханчаар ажиллаж байгаад 1975 онд манай нөхөр цэргээс ирээд аймгийн захиргаанд ажилд орж, би соёлын ордонд шалгуулж дуучнаар орсон доо. Алдарт дуучин Бальдар гуайн шавиар сурч, хөгжмийн багш Жанцоонов морин хуур тоглож өгдөг байсан. Дууны багш Жаргалсайхан гадаадад хөгжмийн сургууль төгсөөд ирж байлаа. Найруулагч нь Болд гэж хүн байсан орсон дараагаа Бригад яваад дандаа дахиулдаг байлаа. Тэгээд Болд найруулагч манай Дүнжмаа яван чангарнаа гэдэг байж билээ тэр нь ер санаанаас гардаггүй юм.
Багш нараа дурсаач ...
Надад Бальдар гуай хэд хэдэн дуу зааж өгсөн Бударч харагдах хангай, Наранзул хул, Хөвчийн өндөр мод, Дүүрэндэлгэр Хангай зэрэг дуунууд зааж өгч байсан. Бальдар багшийн зааж өгсөн дуунууд маш хэцүү хоолойны цараа шалгасан дуунууд байсан тэгээд багшийн дэргэд дуулахаас зугтаадаг байж билээ. Дэргэд нь дуулахаар энд ч тэгж тэнд нь ч ингэж дуул гээд дахин дахин дуулуулдаг байсан тэрнээс нь хал аваад тэгдэг байсан байх даа
Хамт уран бүтээл туурьвиж байсан. Уран бүтээлчдээ дурсаач ...
Соёлын ордонд ажиллаж байхад мундаг мундаг сайхан хүмүүстэй ажиллаж байлаа. Манай Гавьяат Даринчулуун гуай, Цээдорж гуай, Сүхээ гуай, Алдарт дуучин Бальдир гуай, Миний анхны морин хуурч Гомбын Эрдэнэчулуун одоо "Түмэн эх” чуулга, Цэргийн чуулга, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад ч багшилж байна. Эрдэнэчулуун бид 2 чинь нэг нь уртын дуучин, нөгөөх нь морин хуурчаар орсон доо. Ер нь ихэнх нь багшилж зарим нь гавьяаныхаа амралтанд суусан байна даа.
Уран бүтээлээ олон түмэндээ хүргэж алга ташилтын ниргээн
дунд эрч хүч авах гэдэг бол урлагийн хүний хувьд хамгийн сайхан үе байдаг даа
...
Тэгэлгүй яах бэ? Бас уралдаанд орж түрүүлнэ гэдэг хүнийг их хурцалдаг шүү. Би 1983 онд Бальдар багшийнхаа заасан "Наранзул хул” дуугаар нь язгуур урлагийн анх дугаар наадамд алтан медаль авч байсан энэ надад их хүч өгсөн шүү. 1984 онд Улаанбаатарт болсон Аймгийн соёл урлагийн 10 хоногын тоглолтонд Наранзул хулаа дуулж 10 удаа тоглоход тасралтгүй дахиулж байж билээ. 1983 онд Наранзул хулаа дуулж Болгар, Герман, Орос, Кумба, Польш зэрэг улсаар тоглолт хийж явсан. Наранзул хулыг минь шавь МУСТА Галиндэв, Нарангэрэл нар маань одоо ч сайхан дуулж байгаа. Норвоо багш ч дуулж байсан. /МУАЖ Н.Норовбанзад/
Гэр бүлийн тоглолтын уран сайханчдаас нь хэдэн урлагийн хүн төрөн гарсан бэ?
Манай дүү нар бараг бүгд урлагаар явж Дашпэлжээ, Нэргүй, Оюунбат, Дашжид, Отгонбат, бүгд уртын дуу дуулна. Оюунбат маань аймгийн театр ажиллаж байгаад ойрмог нас барсан, Дашжид маань аймгийн театр нь дуучин байж байгаад Улаанбаатарт язгуур урлагийн "Өнө төв” чуулгад ажиллаж, бага дүү Отгонбат уртын дуу сайхан дуулдаг урансайханчаар явдаг. МУАЖ Дашпэлжээ маань Дуурийн театр Болгар улсад сургууль төгсөж ирээд дуучин театрын дарга, уран сайхны удирдаач гээд урлагийн хүний хийж болох бүхий л ажлыг хийж байна. Бас СУИС-т багш, урлагийн холбооны дарга зэрэг ажил хийж байгаа МУАЖ Нэргүй маань дуу бүжгийн Эрдмийн театрт уртын дуучин СУИС-т багш хийдэг. Би соёлын ордноос Театр, Төв халхын дуулалт жүжгийн театрт 40-өөд жил ажиллаа.
Дундговийн олон хүн таныг Гавьятаа гэхээсээ илүү багш аа гэж дууддаг.
Миний үед уртын дууг бараг л нойрны эм гэж боддог үе байлаа. Тэр үед л ер нь хүүхдүүдэд өөрийнхөө мэддэг дуугаа өвлүүлөх нь дээр юм аа гэж бодсон. Гавьяат гэж дуудуулах сайхан гэхдээ Багш аа гэж дуудуулах хамгийн сайхан. 30 гаруй жил тасралтгүй багшилсан байдаг, 1988 оноос хойш бараг 3000-аад шавьтай болчихож. Өнгөрсөн онд бас нилээн олон хүн нэмэгдсэн шүү...
Шавь нарынхаа тухай яриач
Анхны шавь Цогтсайхан маань Ардын дуу бүжгийн чуулганд уран бүтээлээ туурьвиж МУГЖ боллоо. Байгальмаа нь Цэргийн чуулгат, Галиндэв аймгийн театрт, Оюунсайхан Говьсүмбэрийн чуулгад, Отгондулам, Энхбилэг нар Өмнөговийн театрт, Доржмандах Өмнөговийн Ханхонгор сумын дууны багш, Үүрийнтуяа, Мөнхжаргал, Гантуяа, Хонгорзул, Нандинчимэг, Баярцэцэг,, Нямсүрэн, Батмагнай, Лопилмаа, Жүгдэрдэмид, Цэнгэлсүрэн, Төмөрбат, аймгийн театрын дуучин Нарангэрэл, нар бүгд СУИС-ийн уртын дууны ангийг төгсөөд ажиллаж байна. Олон СТА цол тэмдэгэр шагнагдсан хүүхдүүд бий. Одоо мөн 10 гаран шавь маань СУИС-ийн уртын дууны ангид суралцаж байна.
"Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театртай хэзээнээс хувь заяагаа холбов ?
2014 оноос Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрт уртын дууны багшаар ажиллаж байна. Энэ хугацаанд Улаанбаатар хотод болсон соёл урлагийн 10 хоногт 3 удаагийн тоглолтоор орсон байна. Энд ажилласнаас хойш багш аа гэж дуудах хүүхдүүд бүр ч их олон болсон шүү /хэ хэ/. Манай дугуйланд намар болоход 100 гаруй хүүхэд бүтгүүлдэг тэгээд л цөөрсөр байгаад 70-аад хүүхэд төгсдөг.
Дүнжмаа багш ер нь хэдэн хүүхэд төрүүлсэн бэ? Урлагаар явж байгаа хүүхэд хэд байна.
Манайх 5 хүүхэдтэй хүүд нар маань сайхан дуулна аа. Хоёр охин бүжигчин, том охин маань бүр 12-13тайдаа аймгийн театрт бүжиглэж байгаад одоо өөр мэргэжил эзэмшээд багшилж байгаа. Хүргэчүүл маань бас бүжигчин, ач зээ нар маань бас хөөрхөн дуулдаг одоо 4 настай цэцэрлэгийн охин маань хүртэл хөөрхөн дуулна. Нэг ач охин Алгирмаа маань одоо уртын дуугаар Соёл урлагийн их сургуулийг төгсөж байна.
Таныг бас багадаа их хөөрхөн бүжиглэдэг байсан гэж ярьж
байсан.
Миний бүжиглэх ч гэж юу байх бэ? Гэхдээ хүүхэд байхдаа бүжиглэдэг байсан соёлын ордонд анх дуучнаар ороод байж байхад манай бүжгийн багш бүжиг ангидаа авна сайхан бүжиглэх хүүхэд гээд хэд хоног бэлтгэл хийв ээ. Тэгсэн манай дууны багш юу ярьж байгаа юм гэж загинаад болиулсан тэгээгүй бол бас бүжиглэнэ гээд ч гүйж байх байсан байж мэднэ шүү.
Манай Дүнжмаа багш өөрийгөө ямар хүн гэж боддог бэ?
Тийм ийм гэх юм байх бэ? Ер нь хийнэ гэсэн юм аа. Зоригтой барьж аваад хийчихдэг. Бас манай дугуйланд сурсан хүүхдүүдийг зарим хүмүүс их ноомой дуугуй хүүхдүүд байдаг гэдэг юм билээ. Уртын дуу гэдэг чинь тэгэж хүнийг хүмүүжүүлдэг байхгүй юу. Юмыг их боддог цаад ухааныг ухдаг. Амьдралд нээх нухчуулаад байдаггүй болгодог тийм сайхан ухааны урлаг шүү дээ.
Та хир шүтлэгтэй хүн бэ?
Учиргүй их шүтлэг юу байх бэ. Гэхдээ Уул, овоо нутаг усандаа цай сүүнийхээ дээжийг өргөөд л явдаг хүн дээ.
Өссөж төрсөн газрынхаа тухай яриач
1952 онд манай нутагт их зуд ган болоод Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Улаанзараа гэдэг газарлуу отроор явсан юм билээ. Би чинь 02 сарын 26-нд цагаан сарын шинийн нэгэнд төрсөн хүн. Миний өссөн газар чинь Өлзийт сумын нутаг л даа. Нээх сайхан тал нутаг, хурдын морь унаад л давхиж байх, хонь малд яваад өөрийн зоргоор дуулж өссөн. Сайхан нутаг шүү.
Манай говь нутгийн ахуй өөрөө аялгуулан дуулж мал сүргээ аргададаг уламжлалтай энэ ухаан бас дуучдыг бэлтгэх суурь нь болдог юм шиг ээ. Энэ тал дээр та юу гэж боддог бэ?
Тэгэлгүй яах вэ. Ингэ хөөслөх, хонь тойглох, ямаа цийглэх гээд л одоо ч би дугуйлангийнхаа хүүхдүүдэд ингэ хөөслөх, хонь тойглохыг заадаг. Уухай дуудаад, зээ татах дасгал хийлгэнэ. Энэ чинь манай сурагч хүүхдүүдийн өдөр дутамдаа хийдэг дасгал шүү дээ.
Багш нар хүүхдүүдээ төлөвшүүлэх өөр өөрийн арга барилтай байдаг шүү дээ. Таны гол баримтлал хүүхдүүддээ захиж хэлдэг зүйл юу бэ?
Би түрүүнд бас хэлсэн манай уртын дуу чинь өөрөө хүнийг хүмүүжүүлдэг. Бас миний байж байгаа байдал өөрөө үлгэрлэл болдог байх. Уртын дуучин хүн ер нь энэ тэнд очоод л үсэрч харайгаад байдаггүй төлөв хүмүүс байдаг шүү.
Та ханийнхаа тухайн яриач ...
Манай хүн чинь цэргийн хүн шүү дээ. Залуу байхад баригаадаар их явна. Цагдаа онцгой байдал гээд л улсын хариуцлагатай ажил хийхийн хажуугаар хүүхдүүдээ хараад л хоол унд хийгээд л байж байна. Заримдаа арай дэндүү юм аа хүүхдээ хайхрахгүй л гэнэ. Би чинь одоо улсын ажил хийж явна гээд л өнгөрдөг байлаа. Минийхань чинь одоо болтол арын ажлыг минь амжуулаад л явж байна даа.
Олон сайхан залуу багш нарыг бас дагалдуулан дэргэдээ бэлтгэж байна. Тэдэнд хандаж юм гэж зөвлөж байна.
За хүүхдүүдэд юм сургана гэж зорилго тавьсан бол тэрнийгээ л бүрэн дүүрэн сургах хэрэгтэй гэхдээ тэрнийг нь хүүхэд болгон авч чадахгүй л дээ. Хүүхдээ л сайн судлах хэрэгтэй дээ.
Залуу уран бүтээлчдэд хандаж таны хэлэх үг
За яах бэ яг уртын дууны мэргэжлээрээ биш ч гэсэн өөр мэргэжлээр сураад төгссөн хүүхдүүд олон байдаг. Техникийн чиглэлээр сурч байсан хүүхэд сургуулийнхаа урлагийн үзлэгт уртын дуугаараа ороод түрүүлж, гадаадад оюутан солилцоогоор явлаа багш аа гээд л ярьж байсан, бас одоо чинь ажилд орход урлаг, спортын авъяастай юу гэж асуудаг болоод байгаа ш дээ. Хүний сурсан зүйл гэдэг тэр хүнээс салдаггүй л байхгүй юу сайхан уран сайханч ардын авьяастан болоод л явна. Мэргэжилээрээ төгссөн хүүхдүүд ажлын байр байхгүйгээд л хотод байгаад байх юм тэгсэн хөдөө сумын соёлын төвүүд аймгийн театрууд гээд хийе гэсэн хүнд ажил байна. Уран бүтээлч хүн байнгын бэлтгэлтэй байх хэрэгтэй тэгэж байж л өсөж дэвждэг гэдгийг л хэлэх байна даа. Нөгөө талаас сум орон нутгийн өөрийнх нь зохион байгуулалт менежмент сайн байх хэрэгтэй.
Таниас зайлшгүй асуух ёстой нэг зүйл бол уртын дууг их олон янзаар дуулах юм аа. энэ талаар та ямар бодолтой байдаг бэ?
Уртын дуу чинь ард түмнээс гарсан язгуур урлаг гэгдээд байгаа болохоор яг тухайн орон нутгийн шинж байдлыг хадгалсан хэвээр нь дуулах хэрэгтэй. Дуу дууны домог, гарал зэрэг нь өөр өөр байдаг л даа. Манай Соёл урлагийн их сургуульд боржигон дууг заадаггүй. Тэнд сурч байгаа хүүхдүүд яг л нэг хэв маягтай дуучин болж төгсөдөг л дөө. Энэ сайхан Боржигон дууг яг тэр хэвээр нь дуулах л байна л даа. Сургуульдаа сураад сайхан болчихсон залуус маань өөрөө л сайн судалгаа хийж сурах хэрэгтэй.
Манай Дундговь нутгийн уртын дууны онцлог нь ямар байдаг бэ?
Манай аймгийн хувьд төв халх, боржигон, баруун бараат гээд сайхан аялгуу бий. Миний хувьд боржигон аялагаар дуулдаг. Гэхдээ л чамлалтай санагддаг өөрийгөө бол их голно. Манай Өлзийтөд гэхэд Ачтын аялгуу гэж байна. Тэгэхээр тухайн нутгийнхаа ардын тэр сайхан аялгууг л авч үлдэх хэрэгтэй. Баруун бараатын хувьд манай Дадьсүрэн гуай дуулдаг. их сайхан дуулдаг одоо яг тэр хэвээр нь өвлөж авсан хүн бол аймгийн театрын дуучин Туваансүрэн. Яг баруун бараат аялгуугаар СУИС-д дуулвал авч хэлэлцэхгүй ш дээ. Ингэж хэлэхээр буруудах болов уу яах бол. Үнэн л дээ. Ямар сайн даа л тэнд очоод битгий энэ дуугаа дуулаарай л гэдэг. Уралдаан тэмцээнд очисон ч гэсэн нээх тоохгүй шүү. Харин Говьсүмбэрт боржигон дуун сайхан уралдаан болдог юм билээ.
Дундговь аймгийн хувьд уртын дуугаа өвлүүлэх, түгээн
дэлгэрүүлэх ажлыг бодлогын хүрээнд их хийж байна. Бусад орон нутгийн хувьд ямар
байдаг юм бол..
За нутаг орны л онцлогоос болж байна л даа. Ховд, Увс бие биелэгээ, Сая Завхан улсын хэмжээнд 3000морин хуурчыг цуглуулж сайхан тоглолт хийлээ. Манай аймгийн хувьд Уяхан замба тивийн наран урлагийн их наадмыг байгууллаа. Энэ ажилд сургагч багшаар ажиллаж, нутгийнхаа олон хүнийг уртыг дуутайгаа холбож өглөө гэж бодож сууна. Бас жил бүрийн хүүхдийн урлагийн наадамд уртын дууны хамтлаг, голцлол төрлийг шалгаруулж байна. Хоёр жилд нэг удаа миний нэрэмжит уртын дууны томоохон уралдааныг орон нутагтаа зохион байгуулж байхаар төлөвлөөд 2 ч удаа зохион байгуулаад байна. Эхний удаад аймгийн хэмжээнд зохион байгуулсан. Өнгөрсөн 2019 онд Улсын хэмжээнд зохион байгууллаа. Хүмүүс ч бас их дэмжиж тусладаг болсон байна. өнгөрсөн удаагийн уралдааны зардалд аймгийн "Ган –Илч” ХХК-аас маш их туслалцаа үзүүлж ажилласан. Энэ мэт манайд уртын дууг гэж бахархаж омогшиж, дээдэлж явдаг олон хүн байдаг аа.
"Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадмын сургагч багшаар ажиллаад зогсохгүй та удирдаачаар бас ажилласан энэ тухайгаа яриач ...
Их газрын чулуу байгалийн цогцолбор газарт наймдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд болсон "Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадмын гол арга хэмжээ бол "Мөнх тэнгэртээ өргөх дуун цацал” тоглолт байсан. Үүнд зөвхөн Дундговийн уугуул суугуул 3271 иргэд оролцсон. 2 өдрийн томоохон арга хэмжээ байсан хол ойроос олон хүн ирсэн. Тухайн үед байгаль дэлхий ч харж баяссан байх нэгдсэн бэлтгэлийн үед бороо шиврээд морин хуур чийг авчихаад жаахан сандарч байсан ч яг тоглолтын өдөр нар ээсэн сайхан өдөр байсан. "Бэсрэг наадам”, айрагны баяр, "Хөх тэнгэрийн уянга” яруу найргийн цэнгүүн, уламжлалт зан үйл, ёс заншил, ахуйг харуулсан Монгол хүрээ зэрэг үйл ажиллагаанууд нэг зэрэг явагдаж байсан. Оролцогчдийн 90 гаруй хувь нь ардын авяастай байсан энэ олон хүнийг зэрэг дугаргана гэдэг бол бас их хэцүү санагдаж байсан ч урьдчилсан бэлтгэл бол үнэхээр сайн хийгдсэн байсан. Манай "Төв халхын дуулалт жүжиг”ийн театрын уран бүтээлчид, "Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын уран бүтээлчид гээд олон залуучууд хамжиж хийсэн. Тэдний л хүч байсан даа. МУУГЗ Д.Доржсүрэн ерөнхий найруулагчаар нь ажилласан, зохион байгуулалтанд л гэхэд оролцогчдын дайны хүмүүс ажилласан томоохон арга хэмжээ болсон.
