|
Видео

Шинэ мэдээ

Хотын гишүүд орон нутагт мандатаа “булаалгах”-ыг хүсэхгүй байна

Хотын гишүүд орон нутагт мандатаа “булаалгах”-ыг хүсэхгүй байна

УИХ-ын 2020 оны сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтыг ирэх сарын 1-нээс өмнө тогтоох хуулийн заалттай. Эрх баригч  МАН-ын хувьд орон нутагт илүү дэмжлэгтэй гэдгээрээ энэ удаагийн сонгуульд аймгуудад илүү анхаарах бололтой. Тодруулбал, сонгуулийг 26 тойргоор явуулах бөгөөд нийслэлд 24, орон нутагт 52 мандат хуваарилахаар ярилцсан аж. Ингэхдээ 2016 онд нэг мандаттай байсан Говь-Алтай, Булган, Дундговь, Сүхбаатар аймгийг хоёр мандаттай болгох асуудлыг ярилцаж байгаа гэх мэдээлэл гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.

 

С.ЭРДЭНЭ: ИЙМ ШУДАРГА БУС БАЙЖ БОЛОХГҮЙ

-Нэг зүйл дээр эмзэглэж байгаа. Төрийн төлөөлөл гэдэг бол сонгогчдын төлөөлөл. Түүнээс биш газар нутгийн төлөөлөл биш. Монгол Улсад байгаа гурван сая гаруй иргэний төлөөлөл төрд орж ирж,  тэдний хүсэл тэмүүлэл шаардлагыг хүргэж, нийгэм, улс төрийн шийдвэр гаргаад явдаг. Хамгийн гол нь хүн амын 50 гаруй хувь нь нийслэлд амьдардаг. Гэтэл нийт мандатын гуравны нэг нь нийслэлд ногдож байна. Ийм нөхцөл байдалд төлөөллийн асуудлыг зөв тогтоох ёстой.

28 мандатын 4-ийг нь аваад,  нэг мандаттай дөрвөн аймагт шилжүүлнэ гэж ярьж байна. Ингэвэл нийслэлд 24, аймгууд 52 мандаттай болох юм. Ийм шударга бус байж болохгүй.  Төлөөллийн зарчим алдагдаж байна.  Хөдөө орон нутагт 15 мянга орчим хүнээс нэг төлөөлөл гарна гэсэн үг.  Харин Улаанбаатар хотод 40-50 мянган хүнийг нэг хүн төлөөлж гарах болох нь. Тиймээс ядахдаа одоо байгаа мандатын тоогоо хэвээр үлдээгээд,  хөдөө байгаа 48 мандатаа дотор нь хуваарилалт хийгээч гэсэн саналтай байна.

М. ОЮУНЧИМЭГ: УЛААНБААТАР ХОТЫН МАНДАТЫГ ХАСАХ НЬ БУРУУ

-Ер нь мандатын асуудлыг хүн амын нягтаршил, газарзүйн байршлыг маш сайн харгалзаж байж тогтоох ёстой гэж би боддог. Энэ утгаараа 1.3 сая хүн амтай Улаанбаатар хотын тухайд мандатыг хасах нь буруу. Олон гишүүд байж нийслэл Улаанбаатар хотын төсөв мөнгө, тулгарч байгаа асуудлуудыг шийднэ. Сая төсөв хэлэлцэж байхад ер нь л орон нутгаас сонгогдсон гишүүд давамгайлаад ажлын хэсэгт орчихдог. Нийслэлийн хүндрэлтэй асуудлууд дээр тэр бүр санаа тавьдаггүй, мэдрэхгүй асуудал гараад байдаг. Тийм учраас Улаанбаатар хотоос түлхүү гишүүд ороосой гэж боддог. Тиймээс энэ асуудалд манай дарга нар сайн бодолцох ёстой. Гишүүд ч гэсэн энэ асуудлыг шийдэхэд тулхтай бодох ёстой гэсэн байр суурьтай байна. Мэдээж 2016 оны сонгуулиар хоёр мандаттай дөрвөн аймгийг хүчээр нэг мандаттай болгочихсон асуудал гарсан. Түүнийг засч залруулж болно. Яагаад гэвэл хүн амын төлөөллийн байгууллагад алдаа байх ёсгүй. Тэгш байх ёстой. Тэр утгаараа асуудалд хандах байх. Энэ байр сууриа хатуу илэрхийлж байгаа.

Л.БОЛД: ПАРЛАМЕНТЫН МАНДАТЫГ СОНГОГЧДЫНХОО ТООНД ТҮШИГЛЭЖ ХУВААРИЛАХ ЁСТОЙ

-Энэ бол Үндсэн хууль зөрчсөн хэрэг. Одоо хотод цөөхөн, хөдөөд олон мандат ногдож байгаа тогтолцоотой  шүү дээ. 10 жилийн өмнөх хүн амын тооллогын дүнгээрээ ингэж явдаг байсан. Одоо шинэ тооллого гарчихсан. Ямар ч эргэлзээ байхгүйгээр хотын мандатыг нэмэх ёстой. Парламентын мандатыг яг хүнийхээ тоонд, сонгогчдынхоо тоонд түшиглэж хуваарилах ёстой. Тийм учраас хотын мандатыг орон нутаг руу шилжүүлнэ гэж байж болохгүй.

Х.БАДЕЛХАН: ТЭР САНАЛЫГ ДЭМЖИЖ БАЙГАА

-Хотын мандатыг орон нутаг руу шилжүүлэх нь зөв шүү дээ. Тэр саналыг дэмжиж байгаа. Хүн амын тоо, нутаг ус, газарзүйн байршлаасаа хамаарч тэгж нэмэх санал гарсан.

Д.МУРАТ: ТОДОРХОЙ БОЛСНЫ ДАРАА БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛНЭ

-Одоохондоо тодорхой болоогүй байгаа асуудал шүү дээ. Тодорхой болсны дараа байр сууриа илэрхийлнэ.  

Д.ЧИНЗОРИГ: ДӨРВӨН АЙМАГТ НЭГ НЭГ МАНДАТ НЭМЭХ НЬ БУРУУ Ч ЗҮЙЛ БИШ

-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг баталчихсан. Одоо УИХ-ын тогтоол гараад, тойрог байгуулах, мандатын тоог батлах асуудал ярих ёстой. Энэ асуудлыг ирэх долоо хоногоос ярина. Одоо дөрвөн аймаг нэг мандаттай байгаа. Зарим нь хоёр, зарим нь гурван мандаттай. Тиймээс нэг мандаттай байгаа дөрвөн тойрог дээр нэг нэгийг нэмье гэсэн санал гаргаж   байгаа юм билээ. Тэр нь хүн амынхаа тоогоор харьцуулаад үзэхэд, бас буруу биш ч юм болов уу гэсэн бодолтой байдаг. УИХ-д эцэслэж орж ирээгүй байгаа болохоор тодорхой байр суурь хэлэх боломжгүй. Гэхдээ ер нь бол нийслэлийн тойргуудаас хасаж  л дөрвөн мандат гаргах асуудал ярих болов уу гэж бодож байна.

Ж.БАТ-ЭРДЭНЭ: ХҮМҮҮСИЙН ЭРХ НЬ ЗӨРЧИГДӨХ НӨХЦӨЛ ОРОН НУТАГТ ИЛҮҮ БАЙНА

-Намын бүлгийн хэмжээнд бид ярилцаад,  нэг мандаттай аймгуудыг хоёр мандаттай болгох нь зүйтэй гэж үзсэн. Өмнө нь Сүхбаатар, Говь-Алтай, Дундговь, Булган аймгууд хоёр мандаттай байсан. Гэтэл 2016 оны сонгуулиар нэг нэг болгосон. Тиймээс буцаагаад энэ сонгуулиар хоёр болгоё гэсэн бодлого баримталж байгаа.Ер нь сонгуулийн хуулийн гол логик, үндэслэл нь эрх  тэгш сонголтыг л бий болгох шүү дээ. Тийм болохоор нутаг оронтой нь, иргэдийн нягтаршилтай нь уялдуулаад ард түмэнд сонголтоо хийх боломж бололцоог нээж өгөх ёстой. Энэ шаардлагын үүднээс хүн амын тоотой нь уялдуулах нь зүйтэй. Булган аймаг 62 мянган хүн амтай. Бусад аймгуудтай харьцуулахад,  хоёр мандаттай байх бүрэн бололцоотой.

Орон нутагт байгаа хүмүүс сонгуулиа өгөх боломж бололцоо ямаршуу байх вэ. Магадгүй ийш тийшээ явж мэдээллээ авдаг, сонгож байгаа хүнийхээ мэдээллийг авахад хүндрэлтэй. Газарзүйн байршлаасаа болоод нэр дэвшиж байгаа хүмүүсийн мэдээллийг авахгүй байх тал байна. Ингээд тэр хүмүүсийн эрх нь зөрчигдөх нөхцөл орон нутагт илүү байна. Харин Улаанбаатар хотод хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хангалттай, унаа тэрэг ихтэй, мэдээлэл авах, саналаа өгөх боломж бололцоо нэлээд өндөр байна. Тэгэхээр энэ өнцгөөс нь харах хэрэгтэй.  



http://www.zaluucom.mn/read/43503dcbc

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.