|
Видео

Шинэ мэдээ

Шинэ арванд Монголын гадаад бодлого хааш чиглэх вэ

 
 

Шинэ арванд Монголын гадаад бодлого хааш чиглэх вэ

 

  • ШХАБ-д элсэх асуудал ирэх арванд олны анхаарлыг татсан хэвээр байх болно
  • Хүйтэн дайн дууссаны дараа АНУ цорын ганц хэт супер гүрэн болсон бол одоо АНУ бүгдийг мэддэг үе өнгөрч, олон туйлт харилцаанд шилжиж байна. Улсын гадаад бодлого ч үүнийг дагаад мэдрэмжтэй байх нь зүй
  • Бидэнд мөнхийн хоёр хөрш бий. Энэ бол манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл ямагт байх болно

2020 он гарахтай зэрэгцэн улс орон бүр ирэх аравны төлөвөө тодорхойлж, таамаг юугаа уралдуулж байна. Тэгвэл айсуй арванд манай улсын гадаад бодлогод ямар өөрчлөлт орж, ямар өнгө аяс давамгайлах бол. Өнгөрсөн жилүүдэд улс орны бүхий л салбарт явуулж ирсэн бодлогод ололт амжилтаасаа илүү алдаа нь давамгайлсан гээд дүгнэчихэд буруудсан болохгүй. Гэхдээ хаа очиж Монгол Улсын гадаад бодлого маш зөв явж ирсэн гэдэгтэй судлаачид санал нэгддэг. Манай улс 1990-ээд оноос өмнө социализмын үзэл суртал нэвт шингэсэн гадаад бодлого баримталдаг байлаа. Харин нийгэм өөрчлөгдсөний дараа буюу 1994 онд гадаад бодлогын үзэл баримтлалд цоо шинэ зүйл орж ирсэн юм. Өөрөөр хэлбэл, улсын гадаад бодлогын зорилго нь "Монгол Улсад хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах гадаад таатай нөхцөл бүрдүүлэх” хэмээн өөрчлөгдсөн бол чиглэлээ "Хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харьцах” хэмээн тодорхойлжээ. Мөн өрнө, дорнын өндөр хөгжилтэй орнуудтай бүх талаар хамтын ажиллагаагаа хөгжүүлж, гуравдагч хөршийн бодлого хэрэгжүүлнэ гэх зэрэг гадаад бодлогын хамгийн чухал суурь зарчмуудаа энэ үед тодорхойлсон юм. "Гадаад бодлогын гол тулгуур багана нь АНУ байна” хэмээн эрх барьж байсан нам мөрийн хөтөлбөртөө тусгасан үетэй харьцуулбал хоёр хөрштэйгөө эв найрамдалтай зэрэгцэн оршихгүйгээр юунд ч хүрэхгүй гэдгийг ойлгосон нь том дэвшил байлаа. Хэдийгээр ололт, амжилт их байсан ч улсын эрх ашигт харшилсан, гадаад бодлогын нэгдмэл, залгамж чанарыг үгүйсгэсэн санаачилга гарч байсныг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, судлаач Д.Уламбаяр сануулсан юм. "2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс байнга төвийг сахих санаачилга гаргасан бөгөөд үүнийгээ НҮБ-ын индэр дээрээс мэдэгдсэн. Энэ бол гадаад бодлогод гарсан маш ноцтой үзэгдэл. Байнга төвийг сахина гэдэг маш идэвхгүй гадаад бодлого явуулна гэсэн үг. Мөн батлан хамгаалах болон эдийн засгийн чадавхаа бие дааж шийднэ. Үүнээс гадна аль нэг улстай түншлэлийн харилцаа тогтоож болохгүй. Энэ нь бусад улстай байгуулсан стратегийн түншлэлийн гэрээнд харшилна. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд ч цэрэг оруулж болохгүй. Аль нэг улс бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлбэл чимээгүй л байна гэсэн үг. Үндсэн хуульд Монгол Улсын гадаад бодлогын үндсийг УИХ тогтооно гэж заасан. Гэтэл УИХ-аар шийдэлгүй, ҮАБ-ын зөвлөмж гаргаад НҮБ-ын индэр дээр зарлана гэдэг байж болшгүй зүйл” хэмээн тэрбээр хэлсэн. Өнгөрсөн 30 жилд бид гадаад бодлого дээрээ ийнхүү алдаж, онож иржээ. Тэгвэл айсуй арванд Монгол Улс гадаад бодлогодоо юунд анхаарах ёстой бол. Олон улсын харилцаа асар хурдтай өөрчлөгдөж байна. Хүйтэн дайн дууссаны дараа АНУ цорын ганц хэт супер гүрэн болсон бол одоо АНУ бүгдийг мэддэг үе өнгөрч, олон туйлт харилцаанд шилжиж байна. Улсын гадаад бодлого ч үүнийг дагаад мэдрэмжтэй байх нь зүй. Гэхдээ гадаад бодлогын үндсэн зарчим ойрын ирээдүйд өөрчлөгдөхгүй байх. Бидэнд мөнхийн хоёр хөрш бий. Энэ бол манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл ямагт байх болно. Дээр нь гуравдагч хөршийн бодлогоо ч явуулах учиртай. Хамгийн гол нь үүний тэнцвэрийг зөв барих нь чухал. Түүнчлэн бид дипломат албандаа мэргэшсэн хүмүүс томилохын чухлыг судлаачид байнга сануулдаг. Дипломат албанд энэ зарчим алдагдсанаар Монголын диломатчид ёс бус зүйлд удаа дараа холбогдож, улсын нэр хүндийг унагасаар буйд анхаарах цаг болжээ. Эцсийн эцэст гадаад бодлого, гадаад харилцаа гэдэг хувь хүнээс ч хамааралтай байдгийг бодолцоход илүүдэхгүй байх. Түүнчлэн ирэх арванд ШХАБ-д элсэх асуудал олны анхаарлыг татсан хэвээр байх болно. Байнга маргаан дагуулдаг энэ сэдвийн талаар Д.Уламбаяр доктор "Бид Шанхай гэдэг нэрнээс л айгаад байна. Хэрэв Иркутскийн хамтын ажиллагааны байгууллага гэдэг нэртэй байсан бол монголчууд ингэж болгоомжлохгүй л болов уу. ШХАБ-д элсчихээр л Хятадын колони болчих юм шиг ойлголтоосоо салах цаг болсон. Тиймээс ирээдүйд ШХАБ-д элсэх чиглэл барих хэрэгтэй” хэмээн үзэл бодлоо илэрхийлж байлаа. Харин МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн дэд профессор, доктор Ж.Баттөр "ШХАБ-аас зохион байгуулаад хийчихсэн дэд бүтцийн томоохон төсөл байдаггүй. ШХАБ бол хамгийн гол нь аюулгүй байдал, цэргийн болон терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулдаг л байгууллага. ШХАБ-д элсэхгүй байснаар томоохон төслүүдээс хоцорно гэдэг өрөөсгөл. Монгол Улс ямар ч амлалт, ойлголцол хийгээгүй байхад зүгээр элсэж орчихоод үүрэг хүлээж, татвар төлөх юм бол элсэх шаардлага байна уу. Бид хөршүүдтэйгээ төвийг сахих бодлого баримтлаад, ажиглагчийн байр суурьтай явахад, өөрөөр хэлбэл ШХАБ-д элсэхгүй байсан ч алдах зүйл байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Тиймээс ойрын 10 жилд ШХАБ-д элсэх, эсэх асуудал манай гадаад бодлогын гол сэдэв байх нь гарцаагүй. 

Г.Баярсайхан
Засгийн газрын мэдээ
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.