| |
"Лестер" 10 дахь хожлоо авч, "Манчестер Юнайтед", "Арсенал" тэнцлээ
Английн премьер лигийн 14 дүгээр тойргийн үлдсэн тоглолтууд өчигдөр орой боллоо. Энэ тойрогт "Ливерпүүл"-ийн араас хамгийн ойрхон нэхэж байгаа "Лестер" клуб талбайдаа "Эвертон"-ыг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 32 оноотой болж, тэргүүлэгчээс 8 оноо алдсэн хэвээр үлдлээ. Харин "Сити"-гээс 3 онооны илүүтэй, хоёрдугаар байраа баталгаажууллаа.
Тоглолтын 23 дахь минутад "Эвертон"-оос Ришарлисон гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 68 дахь минутад Варди хариуг нь барьж, энэ улирлын 13 дахь гоолоо оруулсан юм. Тэрбээр мэргэн буучийн жагсаалтыг ганцаараа тэргүүлж байна. Тэгвэл хожлын гоолыг 90+3 дахь минутад Ихеаначо орууллаа.
Сүүлийн үед тоглолт нь өөдлөхгүй байгаа "Арсенал" клуб дасгалжуулагчаа халаад ч үр дүнд хүрсэнгүй. Лигийн "хомоол хамагч"-дын нэг "Норвич"-ийн талбайд зочилж, 2:2-оор тэнцлээ. Ингэснээр 19 оноотой болж, 8 дугаар байрт бичигдэж байна. "Норвич"-оос Пукки 21, Кэнтуэлл 45 дахь минутад гоолдсон. Харин "Арсенал"-аас Обамеянг 29, 57 дахь минутад хоёрыг оруулсан.
Тэгвэл "Манчестер Юнайтед" энэ тойрогт талбайдаа "Астон Вилла"-г хүлээж авч, 2:2-оор тэнцэж, 18 оноотой боллоо. "Улаан чөтгөрүүд" энэ мэт муу тоглолтынхоо үр дүнд 9 дүгээр байр руу унаад байна. Талбайн эздээс Линделеф 64 дэх минутад гоолдсон. Нөгөө нэг гоолыг нь Хитон өөрийнхөө хаалганд оруулсан. Тэгвэл зочин багаас 11 дэх минутад Грилиш, 66 дахь минутад Мингз нар нэг нэг гоол оруулжээ.