|
Видео

Шинэ мэдээ

Ө.Энхтүвшин та, эх орноо байтугай эгэл иргэнээ ч хохироох эрхгүй

 

Ө.Энхтүвшин та, эх орноо байтугай эгэл иргэнээ ч хохироох эрхгүй

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Шадар сайд Ө.Энхтүвшин Замын-Үүдийн чөлөөт бүсэд "Цахим казино" байгуулах бэлтгэл ажлынхаа хүрээнд 800 хятад иргэн оруулж ирсэн хэмээн мэдэгдлээ. Тэрбээр өнгөрөгч аравдугаар сарын 12-15-ны хооронд Хуан гэдэг хятадтай Ө.Энхтүвшин уулзсан бөгөөд уулзалтад Алтанбулагийн чөлөөт бүсийн дарга, Цагааннуурын чөлөөт бүсийн дарга нар ч хамт байсан гэдгийг онцлов. Хятадуудыг хүлээн авч уулзахдаа "Чөлөөт бүсэд цахим казино байгуулж болно. Тиймээс ирж туршилт хий” гэсэн хүсэлт тавьсны дагуу дээрх 800 иргэнийг оруулж ирсэн гэнэ. Ж.Батзандан гишүүн мэдээллээ хуулийн байгууллагаас авсан баттай мэдээлэл бөгөөд шаардлагатай гэвэл нээлттэй сонсгол хийхээ ч мэдэгдлээ. Шадар сайд Ө.Энхтүвшин Чөлөөт бүсийн хууль батлуулахаар улайрч явсныг уншигчид мэдэх биз ээ.

Түүнчлэн Шадар сайдын сэнтийд заларсан өдрөөсөө 17 уулчны ослын эмгэнэлт мэдээллээр ажлаа эхэлсэн тэрбээр салбартаа таатай мэдээ дуулгасан нь ховор. Бараан, барцадтай мэдээллээр тасрахгүйнхээ зэрэгцээ хүний мөсгүй, жудаггүй, хүйтэн нэгэн бололтой. Тэрбээр өнгөрөгч есдүгээр сард Сэлэнгэ аймгийн Бугант, Ерөө гол орчимд гарсан гал түймрийн үеэр нэгэн иргэнийг эд хөрөнгөөр нь хохироочихоод өнөө хэр шийдэж өгөөгүй яваа гэнэ. Тодруулбал, гал түймэртэй ноцолдсон Онцгой байдлын ажилтнууд бензин тос, хоол хүнсгүй болчихоод байхад нь хэсэг иргэн өөрсдийн санаачлагаар тусалж, нэг нь Ланд круйзер маркийн автомашинаа үлдээгээд сумын төв орж хэрэгцээтэй материалыг нь татаж өгөхөөр явж. Харамсалтай нь, үлдээгээд явсан Ланд круйзер автомашиныг нь Онцгой байдлынхан уулын уруу унагаж, лааз шиг юм болгочихоод угтсан байгаа юм. Онцгой байдлын ажилтнууд тухайн үедээ автомашины эзнээс уучлал гуйгаад хохиролгүй болгож өгнө хэмээн амалсан ч өнөөдрийг хүртэл салбар хариуцсан сайдтан буюу эрхэм Ө.Энхтүвшин гуай асуудлыг шийдэж өгөх нь байтугай бүр юу ч болоогүй юм шиг суугаа гэнэ. Энэ талаар хохирсон иргэн Бугант сумын Цагдаагийн хэлтэст мэдэгдсэн боловч цагдаагийнхан ч ажил хэрэг болголгүй, бид цааш нь дуулгая гэхээс өөрөөр жишим ч үгүй хандаж байгаа аж. Харин өнөөдөр хийсэн Ж.Батзандангийн мэдэгдлээр бол улс орноо чимхийн төдий ч боддоггүй, амин хувийн ашиг харж яваа хүнд ганц иргэний машин түй ч хамаагүй нь ойлгомжтой байх нь. Уг нь улс орныхоо байгаль, ой хээрийг гал түймрээс аврахад эд зүйл, буй биеэрээ туслан гүйсэн иргэнээ ингэж хохироох эрх эрхэм сайдтанд үгүй байлтай. Эд зүйлийг нь нөхөж, хохиролгүй болгохын зэрэгцээ иргэнийхээ үүргийг үнэнчээр биелүүлсний нь төлөө сайшаан шагнах ч учиртай биш үү, Шадар сайдаа!!!

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.