|
Видео

Шинэ мэдээ

Тэрбумын хулгайчдаа яллачихаад татвар, даатгал нэмээрэй

Тэрбумын хулгайчдаа яллачихаад татвар, даатгал нэмээрэй

 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгө албан тушаалын мялаалга болж, УИХ-ын гишүүд болон төрийн албан тушаалтнуудын халаасыг түнтийлгэсэн. Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын сангийн хөрөнгө банкны эздийн гараар урслаа. Банкууд эрүүл мэнд болон нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг гулгуулж, иргэд тэр төлөөсийг төлөхөөр нөхцөл байдал өдгөө бий болоод байгаа.

Нэгэн үе "Чингис хаан” банкны нууц эзэн УИХ-ын гишүүн Б.Жавхлан гэх яриа гэрлийн хурдаар тархаж байв. Үүнийг 2017 онд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы танхимд "Б.Жавхлан гишүүн Чингис хаан банкны хувьцаа эзэмшигч. Дүү нь тус банкны орлогч захирал. Гэтэл УИХ-аар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахдаа дээрх гишүүнийг ахлагчаар томилсон нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх эрсдэлтэй шүү” хэмээн баталж байв. Гэхдээ нөхөд хөрөнгө орлогын мэдүүлгээ маш чамбай бөглөх арга ухаанд хэдийнэ суралцсан тул АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогод нь энэ талаар байдаггүй юм.

Улстөрчдийн уутны ам болсон "Чингис хаан” банк 2001 онд ОХУ-ын хөрөнгө оруулалттай байгуулагдаж байж. Улмаар ТУЗ-ийн даргаар нь С.Громов ажиллаж байсан. Удалгүй "Монгол даатгал” компани 2003 оны арванхоёрдугаар сарын 31-нд "Чингис хаан” банк, ОХУ-ын "Ангария даатгал” компанийн хамтарсан консорциумд хувьчлагдсан байна. Тухайн үед "Монгол даатгал” компанийн гүйцэтгэх захирал Ч.Батцогт, "Чингис хаан” банкны гүйцэтгэх захирал нар ах дүүс байсан гэдэг. Гүйцэтгэх захирал нь 2010 онд нас барсны дараахан тус банкинд аудитын шалгалт орж, дуулиан дэгдээж байв. Улмаар 2015 оноос 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай банк болсон түүхтэй.

Албан ёсны мэдээллээр бол Чингис хаан банк ХХК-ийн хувьцааг "Ньюстандарт финанс” ХХК 100 хувь эзэмшдэг гэдэг. "Ньюстандарт финанс” ХХК-ийн өмчлөгч нь Монгол Улсын иргэн Д.Батаа, Ш.Бүтэд, Ц.Баярсайхан нар гэдгийг www.tvmongolia.mn сайтын эрэн сурвалжилсан цуврал нийтлэлүүдээс баримттайгаар харж болно. 2016 оны гүйцэтгэлээр нийт актив 269 тэрбум төгрөгт хүрч, өөрийн хөрөнгө нь 24 тэрбум төгрөг гэсэн албан ёсны мэдээлэлтэй.

Өдгөө тус банкны гол хувьцаа эзэмшигч нь Д.Батаа болж таараад байгаа. Д.Батаа, Д.Ганбат гэх ах дүү хоёр экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед бизнесээ цэцэглүүлсэн гэгддэг. Аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэх зориулалтаар 15.6 га газрын зөвшөөрлийг хотын удирдлагуудаас авсан байдаг. Улмаар нийлж "Стандарт кемп” амралтын газар ажиллуулж эхэлсэн байна. 200 бургасыг нь тайрч шатааж, үерийн даланг сэтэлж дураараа дургисан гээд тэдний үйлдэл анхнаасаа зөв байгаагүй. Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн 200 метр талбай дотор ямар нэгэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон хуулийн заалт байдаг ч, "Стандарт групп”-д хууль огт үйлчилж байгаагүйг мөн www.tvmongolia.mn баримттайгаар өгүүлсэн байгаа юм.

"Стандарт групп”-ийн эзэн Д.Батаа Ерөнхийлөгчийн сонгуульд "Иргэний зориг ногоон” намаас нэр дэвшин өрсөлдөж байсан Л.Дашнямын хүргэн. "Эм импекс” компанийг хувьчилж авч байсан анхны эзэн гэгддэг тэрбээр нөлөөтэй эр гэдэг нь олон зүйлээс харагддаг.

"Чингис хаан” банкны гол хувьцаа эзэмшигч Д.Батаагийн хувьд Туулын бургасыг хядаж, баячуудын хотхон сүндэрлүүлдгээрээ хотын дарга С.Амарсайхантай хамт нэр нь цуурайтдаг нөхөр яалт ч үгүй мөн. "Стандарт” Батаа гэдгээр олон ч хүн андахгүй биз. Хотын фракц өнгөтэй өөдтөй явахын цагт мань хүний бизнес ч дэвшин дээшилж, тэр хэрээр Туулын бургас амь тавьсан гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, 2004 онд М.Энхболдыг нийслэлийн Засаг дарга байх үед Туул голын сав газарт 15.6 га газар эзэмшиж, 2010 онд Г.Мөнхбаярыг Хотын дарга байх үед 23.2 га болгон газраа тэлсээр, нэмсээр Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх газарт бүхэлд нь эзэн суусан байдаг.

Д.Батаа нь 1968 онд Увс аймагт төрсөн нэгэн бөгөөд "Сейф” Хүрлээ гэдгээр танигдсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Хүрэлбаатарын баз юм. Баригдахдаа, чи үхэхээр би үх болж сейфэн дэх хагас тэрбум төгрөгөө тайлбарлахын тулд Д.Батааг нэрлэж, өнөөх нь "Миний мөнгө байгаа юм. Би Н.Хүрэлбаатарт хадгалуулж байсан” хэмээн хуулийн байгууллагыг чулуу хөөлгөхөөр оролдож байсан байдаг. Сейф Хүрлээ өдгөө Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх.

Д.Батааг баргийн аавын хүү бардаггүй. Хотын дарга Э.Бат-Үүлийн үед "Стандарт групп” ХХК-ийн хуулийг гууль болгосон үйлдлийг нь таслан зогсоох оролдлого олон хийсэн ч дийлээгүй юм даг. Зөвшөөрлийг нь цуцлах захирамж ч олон гарсан гэдэг. Гэсэн ч Туулын бургас хядагдаж, тансаг хорооллууд сүндэрлэсээр. Өдгөө ч Туулыг уйлуулан байж, байшин барилга барьсаар яваа нөхөр.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Б.Төмөрчулуун Д.Батаагийн нутгийн ах. Тун дотно байдгийг нь улс төрийн хүрээнийхэн андахгүй. Б.Төмөрчулуун Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байхдаа Д.Батааг чамгүй харж үзсэн талаар шивэр авир хийлцдэг. Тиймдээ ч Б.Төмөрчулуун Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан бол огцруутаа "Чингис хаан” банкинд нь зөвлөгч болсон байдаг.

Зайтай, зальтай эрийн "Чингис хаан” банк Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуягийн хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа. Ч.Алтанхуяг болон тус газрын Санхүү, төлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярхүү нарыг Эрүүгийн хуулийн 22.4, 5 дахь хэсгийн "Улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан бусдаас хахууль авсан” гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар тооцсон. Тэд Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг "Чингис хаан” банкны дансанд байршуулсан аж. Улмаар дөрөвхөн сарын хугацаанд дансны үлдэгдлээс 1-1.3 хувийн хүү бодож нийт 86 сая гаруй төгрөг тус банкны удирдлагаас авсан хэрэгт холбогджээ. Хэрэгт дээрх банкны гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг ч бас яллагдагчаар тооцсон байна. Түүнийг Б.Баярхүүгээр дамжуулан ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягт энэ оны зургадугаар сараас есдүгээр сарын хооронд дээрх хэмжээний мөнгийг хахууль болгон өгсөн гэж буруутган шалгаж эхэлсэн. Мөн "Чингис хаан” банкийг нь яллагдагчаар татсан. Гүйцэтгэх захирал С.Сандагдоржийн хувьд 2012-2014 оны Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байгаад "Чингис хаан” банкны гүйцэтгэх захирлын орлогч болж, улмаар 2017 оноос гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа эдийн засагч нэгэн юм байна.

https://niigmiintoli.mn/article/27245


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.