|
Видео

Шинэ мэдээ

“Нийтийн сонсгол”-ыг ирэх сарын 4-ний өдөр зохион байгуулна

Сүүлийн үед шахмал түлштэй холбоотой янз бүрийн  мэдээлэл гарах болсон. Үүнтэй холбогдуулан шахмал түлшний талаар, агаарын бохирдлын талаар иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор "Нийтийн сонсгол”-ыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санаачлан зохион байгуулахаар болсон билээ. "Нийтийн сонсгол”-ыг хэрхэн явуулах талаар НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл байр сууриа илэрхийллээ. 
 
НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл: "Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал сүүлийн жилүүдэд хурцаар тавигдаж яригдаж байна. Тийм учраас Засгийн газар шийдвэр гаргаж 62-р тогтоол гарган Улаанбаатарчуудын түлшийг солихоор шийдвэрлэсэн. Энэ бол зоригтой шийдэмгий алхам болсон. Харин иргэдийн хувьд шахмал түлшинд эргэлзэх асуудал байна. Тиймээс нийслэлийн иргэдийн хурал энэ асуудал дээр мэргэжлийн байгууллагын мэдээллийг ил тод танилцуулах ёстой гэсэн шийдвэрийг өнөөдөр гаргаж байна.  Ер нь агаарын бохирдол дээр улс төрийн нам юмуу, аль нэг газар, хэн нэгний утаа гэж байхгүй. Агаарын бохирдлоос болж маш олон иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирсон тоо статистикийг сүүлийн жилүүдэд нэлээн сонслоо шүү дээ. Маш олон залуу эмэгтэйчүүд дутуу төрсөн тоон статистикийг та бүхэн харж болно. Тийм учраас энэ агаарын бохирдлын асуудлыг шийдэж байгаа алхамыг  нийслэлийн иргэдийн хурал дэмжиж ажиллаж байна. Тэр дотроо шахмал түлшийг стандартын горимын дагуу хийж байна уу, тэрийг түгээж байгаа ажил ямар байдалтай байна, хангалт ямар байна гэдэг асуудлуудыг иргэд олон түмэндээ ил тод мэдээлэхийн тулд нийтийн сонсголыг хийхээр боллоо. Энд онцлоод хэлэхэд "Нийтийн сонсголын тухай хууль” гарснаас хойш Улаанбаатарт иргэдийн хурал анхныхаа нийтийн сонсголыг хийх гэж байна.
 
Нийтийн сонсгол өөрөө бие даасан хуультай, түүнийг хэрэгжүүлэх журамтай, энэ дагуу 11-н сарын 4-ний өдөр болох нийтийн сонсголыг Нийслэлийн Иргэдийн хурлын ажлын алба зохион байгуулна. 11-р сарын 4-нд Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлын асуудлаар,шахмал түлшний асуудлаар нийслэлчүүдэд тодорхой мэдээллийг өгнө. Харин энэ үеэр иргэдээс сонгогдсон төлөөлөгч нар идэвхтэй ажиллах хэрэгтэй. Иргэдийнхээ үг, дуу хоолойг дамжуулах хэрэгтэй. Энэ утаа бол улс төржөөд байх асуудал биш. Гэр хороололд байгаа маш олон иргэдийн үг саналыг дамжуулах ёстой. Тэгэхээр гарч байгаа хүндрэл бэрхшээл асуудал бухимдалтай зүйл байвал тэрийг шийдвэрлэх ёстой. Мөн болж байгаа сайн зүйлүүдээ хэлж ярьж олон түмэндээ энэ мэдээллийг өгөх ёстой ийм л зорилготой хэлэлцээр болох ёстой юм.  Угаарын хийнд хордож нас барсан гэх иргэдийн тухайд шинжилгээний эцсийн хариу гараагүйг би мэдээллээр авсан. Нийтийн сонсголын үеэр мэргэжлийнхэн эцсийн дүнг танилцуулах байх гэж бодож байна. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлоос болж эрүүл мэнд амь насаараа хохирсон иргэдэд нийслэлийн иргэдийн хурал эмгэнэн гашуудаж байна. Хуулийн хүрээнд ямар шийдвэр гарах нь нийтийн сонсголын үеэр шийгдэнэ байх гэж бодож байна” гэлээ.  

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.