|
Видео

Шинэ мэдээ

Түүхийн дурсгалыг устгах эрх хэнд ч байх ёсгүй

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейг буулгасан талаар иргэд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байна. Тэгэх ёстой. Харамсалтай нь манай холбооны талаар буруу, зөрүү ойлголт яваад байх шиг. Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо энэхүү музейн хсуудал дээр ямар ч оролцоогүй, холбоогүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Тэгэх тусмаа хэлмэгдэгсэд болон хэлмэгдэгчдийн үр хүүхдүүд, ач, зээ нарын эрх ашгийг хамгаалдаг 300 мянган дэмжигчидтэй Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо түүхийн дурсгалт зүйлийг устгах, түүний эсрэг хэзээ ч явахгүй...
2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн дараа Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн төв хөшөө халдлагад өртөж. Бид холбогдох байгууллагуудад хандаж, гэмт эдгээдийг олж илрүүлэхийг шаардаж байсан. Харамсалтай нь галзуу солиотой хүн энэхүү гэмт үйлдлийг хийсэн болгож гэмт халдлагыг саармагжуулж байсан түүх саяхных.
Мөн гадаад улс орны зарим сангуудтай олон жилийн хамтын ажиллагаатай байсныг шинээр ирсэн захиралд буруу зөрүү матаж, хориглох, зогсоох, болиулах хорлонтой үйл ажиллагааг явуулж, бидний хэрэгжүүлдэг төслийг булаан авч өөр хүмүүст өгч, улмаар бидний 30-аад жилийн хамтын ажиллагааг зогсоосон. Бид тэвчээртэй байна.
Энэ удаа музейн тухай ярих боллоо.
Холбооны тэргүүн холбоотой байж магадгүй, болзошгүй гэж хардах эрхтэй гэдгээр увайгүй гүжирдлэг, гүтгэлэг явуулж байгаад туйлын харамсаж байна. Хувь хүнийг доромжилж болно, гүтгэж болно. Монгол эр хүний босоо сэтгэлгээг зогсоож хэн ч чадахгүй дээ...бид баттай зогсож чадна. Тэгэхтусмаа намайг хэн ч нугалж чадахгүй. Өмнөх нийгэмд бидний монголчууд, бидний гэр бүл нийгмийн, төрийн доромжлолыг туулж гарсан түүхтэй, өнөөгийн нийгэмд тэсэж, тэвчиж, тэмцэж чадахаа харуулж байгаа хүмүүс.
Харин Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо-байгууллагыг гутааж, доромжилж хэзээ ч чадахгүй гэдгийг хатуу сануулъя.
Түүх сөхвөл: 1993 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн охин Г.Цэрэндулам гуайн санаачлагаар Гэндэн гуайн ажиллаж, амьдарч байсан байшинг өнөөгийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей болгож байсан түүхтэй.
Г.Цэрэндулам гуай, түүний үр хүүхдүүд болон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн сэтгэл санааны дэмжлэгээр 1993 оноос эхлэн гурван жил засаж сэлбэж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей болгон 1996 оны 9 дүгээр сарын 10-нд нээсэн түүхэн уламжлалтай.
Г.Цэрэндулам гуай 2003 онд нас барсан ба түүний хүү С.Бэхбат 2004 онд уг музейн даргаар томилогдсон байдаг.
2009 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид, ахмадууд намайг Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүнээр санал нэгтэй сонгосон.
Гадаад, дотоодын жуулчид, ЕБС-ийн сурагчид музейг сонирхон үздэг байсан. Гадаад улс орнуудын сангууд, мөн судалгааны байгууллагын хүмүүс ирэхэд бид заавал уг музейгээр заавал оруулж үзүүлдэг байлаа. Биднийг зарим талаар шүүмжилдэг байсан. Тухайлбал ХБНГУ-ын мэргэжилтэнгүүд өөрсдийн туршлагыг ярьж, уг музейгээр монголын хэлмэгдүүлэлтийг бүрэн харуулах боломжтой талаар ярьдаг байсан. Сүүлийн жилүүдэд уг музей нэг хэсэг үйл ажиллагаа нь зогсож, чимээгүй болсон тул С.Энхбаттай уулзаж ярилцаж зарим буланг өөрчилж шинэчлэх талаар саналаа хэлж байлаа.
Монгол Улсад, тухайлбал Ази тивд "Хүний эрхийн ордон” байгуулах талаар үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж, ямарч хариу ирдэггүй дүлий дүмбэ байсаар өнөөг хүрсэн. Өнөөгийн Ерөнхийлөгчийн анхаарлын төвд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Түүхээс авч үзэхэд, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей нь Үндэсний музейн нэг хэсэг гэж ойлгодохоор байна. Хэн нэгэн хүн өөрийн үзэмжээр шийдэх боломжгүй. Төрийн өмчийн хороо /хуучин нэрээр/-ноос гаргасан эрх зүйн актуудад тодорхой байгааг үзэж, нягтлах шаардлагатай. Тэгж байж бодит үнэн тогтоогдоно. Сангийн яам, Төрийн өмчийн хороо, Цагаатгах ажлыг Удирдан зохион байгуулах улсын комисст ажиллаж байсан олон хүмүүс энэ талаар сайн мэднэ.
Монгол Улсын Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн охин Г.Цэрэндулам гуай болон түүний үр хүүхдийн оролцоо их байх боловч, Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны байр суурь чухал гэдгийг хэн хүнгүй сайн ойлгож байна. Гэвч музейн барилгыг буулгах, сэргээх болон ямар нэг төсөл, хөтөлбөр хэрэгжих гэж байгаа талаар бидэнд албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 

 

МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ХОЛБОО

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler