|
Видео

Шинэ мэдээ

Эрүүл мэндээ л эргүүлж авмаар байна

 

Эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж эрүүл мэндээрээ ноцтой хохирсон З.Жавзанпагма өчигдөр сэтгүүлчдэд хандлаа. Нийслэлийн "Амгалан” амаржих газрын нэр бүхий эмч, сувилагч нар түүний төрөлхийн буруу байрлалтай бөөрийг уйланхай хэмээн оношилж, зургаан сартай ургийг нь авч, эрүүл бөөрийг нь ажиллагаагүй болгосноор өрөөсөн бөөртэй үлдсэн гэнэ. З.Жавзанпагма шүүхэд хандсан бөгөөд тус хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 21-нд эцэслэн шийдэх тов гарчээ.

Түүний ах Т.Хонгор "Бид аргагүйн эрхэнд сэтгүүлчдэд хандаж байна. Эрүүл саруул, гэр бүлтэй, эрхэлсэн ажилтай, бие давхар гээд хөл хөөр болж явсан дүү маань "Амгалан” амаржих газрын хариуцлагагүй эмч нарын алдаанаас болж ихээхэн хохирол амслаа. Дүү маань 26- хан настай байж өрөөсөн бөөртэй, бие муутай, сэтгэлийн асар их шаналалтай, группт орохоор болчихсон байна. Би бүх эмчийг буруутгаагүй. Сайн эмч олон байгаа. Энэ мэт хариуцлагагүй эмч нарын алдаанаас болж тэр олон хүний нэр хүнд унаж байна. 

Хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэгсэхгүй болгож дүү маань эрүүл мэндээрээ хохирч, нэр бүхий эмч нар ял завшиж үлдэх вий гэж айж байна” хэмээв. З.Жавзанпагма нь 2018 оны зургадугаар сарын 26-нд харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд жирэмсний хяналтад орохоор шаардлагатай бүх шинжилгээг өгчээ. Гурван сартай жирэмсэн түүнийг эхо-д харсан эмч "Өндгөвчний уйланхай байна. "Амгалан” амаржих газарт үзүүлэх шаардлагатай” гэсэн заавар өгчээ. Улмаар тус эмнэлгийн Удвал эмч үзээд "Өндгөвчний маш том уйланхайтай байна. Мэс засалд яаралтай орох хэрэгтэй. Эхлээд эмч нарын зөвлөгөөнөөр орно. Шинжилгээ хийлгээд ир” гэжээ. Эмч нарын зөвлөгөөн долдугаар сарын 4-нд болж "Астматай болохоор уушгиа үзүүл” хэмээн дахин явуулсан байна. Эмч нар жирэмсний үед ийм хэмжээний уйланхайтай байж болохгүй гэсэн дүгнэлтэд хүрч долдугаар сарын 19-нд дурангийн хагалгаа хийхээр товложээ. 

Гэтэл тэр өдөр тус эмнэлгийн эмч Даваацэцэг, Ганболд, сувилагч Отгон, Одхүү, Амаржаргал, Отгонбаяр нар "Мэс засал хийх дуран эвдэрсэн” гээд хэвлийн хагалгааг нээлттэйгээр хийсэн байна. Энэ талаар З.Жавзанпагма "Хагалгаа хийж байхдаа надаас шингэн зүйл соруулж аваад тэрийгээ шинжилгээнд өгнө гээд явуулсан. Хоорондоо зөвлөх эмч болон эмч нарыг дууд гэж ярьж байсан. Тэгээд намайг бүтэн унтуулсан юм. Хагалгаа дуусч, 4-5 цагийн дараа би сэрсэн. Ухаан ороход бие тэр чигтээ өвчтэй, бөөлжөөд байсан. Үүнээс хойш би тус эмнэлэгт 22 хоног түгжирч, ямар нэгэн оношгүй, өвдөх бүртээ өвчин намдаагч хийлгэлээ. Компьютер оношилгоо, эмч нарын үзлэгт олон удаа орсон ч онош тодроогүй” хэмээн ярив. Харин наймдугаар сарын 4-нд түүний бие огцом мууджээ. Үр дүн өгөөгүй, олон удаагийн эмчилгээнээс болж ургаа тээх, төрүүлэх боломжгүй болсон түүнд тус эмнэлгийн эмч Ганболд эм тарьж, зургаан сартай ургийг нь өөрөөр нь төрүүлж гаргажээ. Тэрбээр "Тэр үед надад үнэхээр хэцүү байсан. Харамсалтайгаар хүүхдээ алдсаны дараа ч миний бие сайжраагүй. Өвдөлт улам нэмэгдэж, эм тариандаа дарагдахаа больсон. Даваацэцэг, Ганболд эмч нар долдугаар сарын 8-нд намайг улсын II эмнэлгийн үүдэнд орхисон. Ямар ч өвчний түүх бичиж өгөлгүй аваачиж хаясан” гэв. Улсын II дугаар эмнэлэгт "Түгжирсэн байна” гэдгээс өөр оношгүйгээр дахин мэс засалд орсон гэнэ. Хагалгааны дараа эмч нар "Чиний бөөрийг уйланхай гэж андуурч хагалгаа хийсэн, хагалгааны явцад биед чинь марль үлдсэн байна. Үүнээс болж дотор эрхтнүүд чинь хоорондоо наалдаж, идээлсэн, нарийн, бүдүүн гэдэс чинь задарчээ. Хоёр, гуравхан хоног хэтэрсэн бол амь насаа алдах байж. Бөөрийг чинь авахаас өөр аргагүй” гэжээ.

Арав хоногийн эрчимт эмчилгээ хийлгэж, бөөрөндөө гуурс тавиулснаар бие нь тэнхэрсэн боловч эмч нарын хариуцлагагүй байдлаас болж бүрэн ажиллагаагүй болсон нэг бөөрөө өнгөрсөн нэгдүгээр сард авахуулсан гэнэ. З.Жавзанпагма "Эмч нар надтай нэг удаа уулзсан. Уулзахдаа энэ хохирлыг чинь барагдуулаад, 15 сая төгрөг өгье. Тэгээд шүүхийн маргаанаа хаая” гэсэн. Түүнээс хойш эмч, сувилагч нар эргэж тойрч, ядаж биеийг минь асуугаагүй. Би мөнгө төгрөг авахгүй ээ. Эрүүл мэндээ л эргүүлж авмаар байна. Хэрвээ "Амгалан” амаржих төвийн эмч нар зөв оношилж, зөв эмчилсэн бол өнөөдөр би есөн сартай охинтой, хоёр бөөртэйгөө эрүүл саруул байх байсан” гэлээ.

Үндэсний шуудан


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler