|
Видео

Шинэ мэдээ

“Монголын ард түмэн супермаркетаас илүүг хүссэн юм шүү”

Улсын Их Хурал "Ард нийтийн санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авахаар боллоо. Гишүүд хоригийг хүлээж авах нь зүйтэй, хүлээж авахгүй гэсэн хоёр байр суурьт хуваагдаад байв. Хэрвээ хүлээж авахгүй бол Ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр хүчинтэй хэвээр үлдэж хэзээ, хэрхэн хийх вэ гэдгээ л ярилцах ёстой байлаа. Харин хоригийг хүлээж авснаар ард түмнээсээ 10-11-р сард асуух, улмаар батлах асуудал тодорхойгүй шалтгаанаар хойшилж, бүх зүйл нээлттэй үлдэж байна.

 

 
Одоо төсөлд Ерөнхийлөгч болон Ардчилсан намын зарим саналыг тусгах, дахин тогтоол гаргах, улмаар энэ жил юм уу, ирэх жилийн УИХ-ын ээлжит сонгуультай хамтатган ард нийтээс асуух, эсвэл нэмэлт, өөрчлөлт хийх үйл ажиллагаа бүрмөсөн зогсох гэх мэт олон салаа замын уулзварт ирлээ.
 
Гишүүдийн дийлэнх олонх нь өөрчлөлтөө хийгээд явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа боловч, энэ ажлыг зогсоох, хуучнаар нь үлдээх сонирхолтой бүлэглэл байгаа нь ч нууц биш. УИХ-ын зарим гишүүдийн хэлж байгаагаар нэгэнт хугацаа алдсан тул Ард нийтээсээ асууя аа гээд ч ирц хүрэхгүй байх магадлалтай аж. Баахан хөрөнгө үрж, үр дүнгүй ажил хийлээ гэж шүүмжлүүлэхгүйн тулд сонгуультай хамтатгах санаа эндээс гарчээ. Нөгөө талаар сонгуультай хамт санал асуулга явуулах нь дайвар ажил болж, харин ч төсөл унаж мэднэ гэсэн болгоомжлол ч байгаа юм байна.
Юутай ч 20 жил ярьж, 2-3 парламент дамжин яригдсан гэгдэж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал тодорхойгүй болж үлдлээ.
Хоригийг хэлэлцэх үеэр гишүүд нэлээд бухимдалтай байсан. Тэдгээрээс зарим гишүүдийн үгийг тоймлон хүргэж байна. Эндээс нэмэлт, өөрчлөлтийн эргэн тойрны улс төр ямар нэг хэмжээгээр харагдана.
 
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Үндсэн хуулийн өөрчлөлтийг энд хүргээд "оршуулахаар” шийджээ
 
-Үнэхээр харамсаж байна. Урт удаан хугацаанд олон хүний хүч хөдөлмөр зарцуулагдсан Үндсэн хуулийн өөрчлөлт энд хүрээд зогсож байх шиг байна. Манай намын хэсэг нөхөд сөрөг хүчинтэй хуйвалдаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг энд хүргээд "оршуулахаар” төлөвлөжээ.
Би нэг хүнд маш их харамсаж байна. Зургадугаар сард Үндсэн хуулийг хэлэлцэж эхлэхэд Хууль зүйн сайд Ц.Нямдорж Намын бүлэгт байнга зөвлөж, энэ хүний хэлснээр бүлгийн шийдвэрийг гаргаж явсан. "Үндсэн хуулийг сөрөг хүчинтэйгээ, ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчтэй зөвшилцөж явахгүй бол болохгүй шүү, залуучууд аа” гэж хэлээд, бид Ерөнхийлөгчөөс, АН-ын зөвлөлөөс саналыг нь авсан. Зөвшилцөх комисст Ц.Нямдорж сайд өөрөө орж ажиллаад, "зөвшилцчихлөө” гээд саналуудаа оруулж ирж байсан.
Удалгүй "Энэ зөвшилцлийг ерөөсөө хүлээж авахгүй” гэж Бүлгийн хурал дээр санал хураалгаж, өөрийнхөө талд шийдүүлсэн. Одоо болохоор "Ард нийтийн санал асуулгаар явуулах шаардлагагүй. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах ёстой” гэж байна.
 
Үндсэн хуулийн өөрчлөлтөд засаглалын тогтвортой байдлыг хангах, өрийг УИХ дур зоргоороо нэмэхгүй байх, шүүх эрх мэдлийг улс төрөөс салгаж, хараат бус болгох, Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хязгаарлах гээд 27 жилийн хугацаанд бидний алдсан алдаа, оноонд дүн шинжилгээ хийсэн 34 томоохон зүйл, заалт орсон юм шүү. Энэ өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа хүмүүст би энэ номыг харуулмаар байна. Өнгөрсөн 27 жилд Монголын ард түмэн супермаркетаас илүүг хүссэн юм шүү. Гэтэл бахь байдгаараа байлгах сонирхол энд байсаар байна.
 
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Энэ өөрчлөлтийг бид хийхгүй юм бол тэгээд хэн хийх юм бэ?
 
-1992 оны Үндсэн хууль Монгол Улсын нийгмийн амьдралыг зохицуулаад гучаад жил өнгөрлөө. Улс орны өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Монголын ард түмэн энэ байгаагаараа байж болохгүй, өөрчлөгдөх цаг болжээ гэж үзэж байгаа. Гэхдээ яаж өөрчлөгдөх вэ?
Олон янзын санаа бодол байгаа. Тэдгээр нь нэгтгэгдээд Үндсэн хууль дээр л бууж байгаа шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг өнгөрсөн 30 жилийнхээ сургамжид түшиглэж, алдсанаа засах нь зөв гэсэн байр сууринаас хийж байгаа.
Би 2000 оны 03 дугаар сарын 15-ны буюу 19 жилийн өмнөх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хараад сууж байна л даа. 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт хийхдээ Цэцээс санал аваагүй, Ерөнхийлөгчтэй зөвшилцөөгүй, олон нийтээр хэлэлцүүлээгүй тул Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс бид төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлж, Цэцэд өргөн мэдүүлж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, Ерөнхийлөгчөөр ажлын хэсгээ ахлуулсан.
 
 
Өнөөгийн хамгийн том бэрхшээл бол засаглалын ойлгомжгүй байдал. Их Хурал нь Засгийн газар юм шиг, Засгийн газар нь Их Хурал ч юм шиг, Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд ч юм шиг. Энэ гурван толгойн учрыг олох ёстой. Үүнийгээ дагаад шүүх, орон нутгийн удирдлагын асуудал бий. Энэ бүх өөрчлөлтийг хийхээр шийдэж, овоо дөхүүлээд ирсэн юмсан. Гэтэл унагах, зогсоох сонирхол зарим хүнд, ганц нэг улс төрийн хүчинд байх шиг байна.
 
 
Энэ өөрчлөлтийг бид хийхгүй бол хэн хийх юм бэ? Хэрвээ өөрчлөлт хийхгүй бол одоогийн орон нутаг, шүүх эрх мэдэл, засаглалын ойлгомжгүй байдал хэвээр үргэлжилнэ шүү дээ. Энийг Монголын нийгэм тэсэх үү? Нийгмийн зайлшгүй шаардлага болсон энэ өөрчлөлтийг УИХ хийж, үүссэн асуудлын хүлээсийг нь тайлж чадвал улс орон амгалан тайван, амьсгаа авахтайгаа болж, ирээдүйг харсан шинэ сонголт хийх бололцоо бүрдэнэ.
 
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Ерөнхийлөгч шүүхээ бүрэн атгаж, хэтэрсэн эрх мэдлээ хэвээр эдлэхийг хүсэж байна
 
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусаад бид "Ард нийтийн санал асуулгаар эцэслэн шийднэ” гэсэн шийдвэр гаргасан. АН-ынхан "Ард нийтийн санал асуулгаар явуул” гээд байсан, өнөөдөр болохоор "Ард нийтээс асуух шаардлагагүй, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад, гуравдугаар хэлэлцүүлгээ хийгээд дуусгая” гэж байна.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг би төгс төгөлдөр болсон гэж хэлж чадахгүй. Гэхдээ энэ хэдэн сард бид зүтгэн байж, болохгүйг нь хасаж, болж байгааг нь дэмжиж байгаад ард нь гарсан.
 
Нэгдүгээрт, байгалийн баялагтай холбоотой заалтыг тэмцэж байж өөрчилсөн. Стратегийн ач холбогдолтой орд газраас олох үр ашгийн дийлэнхийг ард түмэнд хүртээнэ гэдэг заалт хүнд зам туулж байж орсон шүү дээ.
УИХ-ыг хариуцлагажуулах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, УИХ-ын шийдвэр гаргах механизмыг нь сайжруулах заалтууд орсон. "Давхар дээл”-ийн асуудлыг 100 хувь биш ч гэсэн 70 хувь шийдсэн.
 
Төсвийн хараат бус байдлыг хангаж, хотуудын эрх зүйн байдлыг шинэчлэхээр тусгасан. Эрдэнэт, Дархан гээд сайхан хотууд, аймгуудын төв бүгд сум болчихсон. Төв суурин газрууд хотын хөгжлөөр хөгжих гарц заавал хэрэгтэй.
Шүүхийг хараат бус болгох асуудлыг шийдсэн. Харьцангуй. Би бол 60 хувь гэж хэлж чадна. Нэг хүний хараатаас гаргасан. Шүүхийн сахилгын хороо байгуулж, шүүгчийг шаардлагатай бол шалгадаг, эгүүлэн татдаг, ёс зүйн хариуцлага хүлээлгэдэг байхаар тусгасан.
 
Ерөнхийлөгчийн хэт их эрх мэдлийг хумьж, Үндсэн хуулиар олгоогүй 60, 70-аад эрх мэдлийг органик хуулиар эдлээд сууж байгааг нь болиулсан.
Өнөөдөр бид хоригийг хүлээж авах юм бол, Ард нийтийн санал асуулга явуулахгүй юм бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт унана, байхгүй болно.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэн, яагаад эсэргүүцээд байна вэ? Нэгдүгээрт, Ерөнхийлөгч шүүхээ бүрэн атгахыг хүсэж байна. Өнөөх хэтэрсэн эрх мэдлээ органик хуулиараа эдлэхийг хүсэж байна.
 
Хоёрдугаарт, 2021 онд Ерөнхийлөгч болж, энэ их эрх мэдлийг эдэлье гэж "сэрүүн зүүдэлж” байгаа хүмүүс байна.
Гуравдугаарт, 100 хувь "давхар дээл”-тэй байхыг хэвээр үлдээж, Сайд болъё гэж шунаж байгаа хүмүүс байна.
Дөрөвдүгээрт, стратегийн ач холбогдолтой ордын ашгийг хувьдаа завших гэсэн этгээдүүд энэ өөрчлөлтийг зөвшөөрөхгүй байна.
Тавдугаарт, барьцаанд орсон хүмүүсээс болж байна. Ж.Батзандан, Л.Болд хоёр нөхөртөө хандаж хэлье. Бид шүүхийг хараат бус, шударга болгоё гэж яаж зүтгэж, тэмцсэнээ санаж байна уу. УИХ-ыг хариуцлагажуулж, баялгийнхаа үр шимийг ард түмэндээ өгөхийн тулд "Баялагтаа эзэн Монгол” бүлэг байгуулаад яаж тэмцэж байлаа. Одоо энийгээ та хоёр нураах гэж байна шүү дээ. Ингэх юм бол бидний зам салах зааг дээр ирчихлээ шүү дээ.
Ийнхүү марган, бухимдан хэлэлцсэний эцэст хоригийг хүлээж авахаар болсон. Одоо үйл явдал цааш хэрхэн өрнөхийг хүлээх л үлдээ.
 
Х.УЯНГА
sonin.mn
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.