![]() |
Хулгайч л хулгайчийг бариарай гэдэг...
"Эрдэнэт үйлдвэр” нэгэнт төрийн эзэмшилд 100 хувь шилжсэн төдийгүй онц дэглэмийн байдалтай байгаа. Гэтэл хагас жилийн дотор 154 сая ам.долларын гэрээг нууцаар хийсэн тухай мэдээлэл хэвлэлүүдээр гарч байсан. Энэ талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газар "Эрдэнэт үйлдвэр”-т онц дэглэм тогтоосон асуудал нь олон хүний эрх ашгийг зөрчиж байгаа нь нууц биш. Өмнө нь 400 орчим сая төгрөгөөр худалдан авалт хийчихсэн хүмүүсийн эрх ашгийг зөрчиж байгаа гэсэн үг шүү дээ. Иймээс ч тэд онцгой дэглэмийг дахин сунгах асуудал яригдаж эхлэх энэ цаг үед 150 сая ам.долларын гэрээ хийсэн мэдээллийг гаргах нь ойлгомжтой. Би энэ мэдээллийг шалгуулахаар АТГ-т хандсан байгаа. Үнэхээр тийм зүйл болсон бол "Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнд хариуцлага тооцно” гэсэн юм.
Өнгөрөгч 3 дугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр”-т 6 сарын хугацаатай онц байдал тогтоосон нь маргааш буюу баасан гарагт дуусна. Эх сурвалжуудын хэлж буйгаар дээрх хугацаанд ямар ч гэрээ хэлэлцэл хийж, мөнгийг гадагшаа гаргах боломжгүй" хэмээж байв. Юутай ч Л.Оюун-Эрдэнэ сайдын хэлснээр АТГ-аас сүүлийн хариу гарах бололтой. Уг нь хувийн хэвшлийн мэдэлд очсон хойноо шахааны бизнесийг үгүй хийсэн хэмээгдэж байсан тус үйлдвэрийн хувь заяа дахин төрд шилжсэн. Үүнийг нь учир мэдэх хүмүүс эрх баригч нам ирэх оны сонгуулийн мөнгөө босгох арга гэх мэтээр тайлбарлаж байгаа юм. Тэгээд ч Х.Бадамсүрэн захирлыг Засгийн газраас томилсон, үндсэндээ өөрийнх нь хүн.
Гэтэл өнөөдөр гэнэт 150 сая ам.долларын нууц гэрээний асуудал сөхөгдөж байгаа нь хулгайч хулгайчийг бариарай гэдгээс огтын ялгаагүй л асуудал болж хувирах болов уу. Итгэл хүлээлгэж, тамга атгуулсан Х.Бадамсүрэн захирлын дээлийг нөмөргөх үү, "бусад” булайгаа илчлүүлээд хамтдаа дээлээ нөмрөхгүй ч огцрох уу гэдэг асуудал Засгийн газрын түвшинд яригдах биз. Тиймээс АТГ-ын хариунд аль аль нь "цэвэр” гдэг дүгнэлт л ирэх биз дээ.
