|
Видео

Шинэ мэдээ

С.Зоригийн хэргийн захиалагчийг хэлнэ үү, Ц.Нямдорж сайд аа...

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат болон бусад долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүхийн байрны гадаа Нэхүүл хөдөлгөөн, Дархан Монгол хөдөлгөөнийнхөн хэргийн холбогдогчдыг яллуулах, шүүхэд нөлөөлөхөөр жагсаал хийж байгаа. Эхний өдөр 300 орчим хүн жагсаалд оролцож байгаа тухай Нэхүүл хөдөлгөөнийхөн мэдээлсэн. Одоо бол 20-30 хүн шүүхийг "манаж” байх шиг байна. Тэнд ажиллаж байгаа сэтгүүлчид, шүүгчдэгчдийн гэр бүлийхнийг оролцуулахгүйгээр шүү дээ. "Хонгилын шүүгчид огцор”, "МАНАН сөнөтүгэй” энэ тэр гэсэн хуучин лоозонгуудаа бариад зогсож харагдана лээ (гүтгэж байгаа ч юм биш, өөрсдийнх нь хийсэн лайваас харж болно)

Шүүх хурал эхлэхийн өмнө орон нутгийн иргэдийг жагсаалд оролцуулахаар өдрийн хөөл, 10 мянган төгрөгийн хөлс амласан мэдээ сэлт байх ч тэд нь жагсаалд оролцоогүй болохоор баримт алга л даа. Мөнгө төлж жагсаал хийж байна гэж жиргэсэн нэг нөхрийг лав шүүхэд өгнө гэж айлгасан байна лээ. Гэхдээ л Улаанбаатар хотоос өдөр бүр очиж жагсаал хийхэд зардал гарахгүй байна гэдэг худлаа. Хэн нэг нь санхүүжүүлж л таарна. Тэгээд ч хаанаас гэдэг нь нэг их сонин биш болсон. Ер нь бол жагсаал цуглаанаар мэргэшсэн, түүгээрээ амьдралаа залгуулдаг, команд авсан хэсэг бүлэг хэдийн бий болоод байгаа. "Тост, Тосон бумба дээр явж байсан эгч нар энд явж байна ш дээ” гэж тэнд очсон хэвлэлийнхэн бичиж байна.

Нэхүүл хөдөлгөөнийхөн "Эрүүдэн шүүсэн нь бичлэгээр нотлогдсон юм чинь Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг суллах ёстой” хэмээн олон нийтэд сурталчилж байгаа. Шүүх бичлэгийг нотлох баримт гэж үзлээ ч хэний эсрэг нотлох баримт болох вэ? гэдэг нь бас эргэлзээтэй. Хорих өрөөнд камер суурилуулаад харж байсан гүйцэтгэх ажилтнуудыг уу, эсвэл хорих ангид гүйцэтгэх ажиллагаа явуулсан тагнуулын удирдлага, зөвшөөрөл олгосон прокурорыг буруутгах уу? Ингэхэд ер нь гүйцэтгэх ажил гэж юу юм бэ? гэдэг бас сонирхолтой. Тагнаж туршиж байгаа нөхөд хорих өрөөнд хоёр хүн зодолдонгуут гүйж ороод салгах ёстой юу? гэх мэтчилэн.

Хэрвээ Ц.Амгаланбаатарыг "Ороод алаад өг” гэж хэлээд гуяыг нь алгадаад оруулсан баймааж, цаадах нь тэгсэн гэдэг мэдүүлэг өгөөд тэр нь баримтаар нотлогдвол харин огт өөр болоод явчихна. Тэр нь бас хэний эрх хэмжээнд шийдэгдсэн бэ? гээд олон асуудал яригдаж таарна. Хамгийн муугаар бодоход л хэрвээ хэн нэг эрхтэн дархтан үүрэг, даалгавар өгсөн байлаа гэхэд тэр талаараа баримт сэлт үлдээгээгүй л болов уу. Ер нь бол хоёр гэмт хэрэгтэнг л нэг өрөөнд оруулсан, нүүрэлдүүлсэн асуудал шүү дээ. Тэгэнгээ яах, ийхийг нь харж, тандаж байсан. Хэрвээ хууль, хүчний байгууллагын оролцоотойгоор эрүүдсэн, зодсон нь нотлогдвол хууль журмынхаа дагуу шийдэгдэж л таарна. Тэр тусмаа ийм их шахалт дарамтан дор шүүх буруу шийдвэр гаргана гэж бодохгүй л байна. Гэхдээ үүнийг нотлох нь яллах талд ч, хэргийг шүүн таслах шүүх бүрэлдэхүүнд ч төвөгтэй гэдгийг дээр хэлсэн. Тиймээс энэ хэрэг тийм амархан шийдвэрлэгдэхгүй л байх.

Харин энэ хооронд "Чимгээ, Содномдаржаа нар гэм буруугүй, сулла” гэж шаардах нь огт өөр асуудал. Хууль зөрчсөн, хуулиас гадуур эрүү шүүлт хэрэглэсэн, түүнийг нь хүлээн зөвшөөрсөн алба хаагчид, албан тушаалтнууд ялаа үүрдэг байлаа гэхэд тэр нь Ч.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүйд учир байна. Учир нь хэрэгт хяналт тавьсан прокурорын мэдээлснээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар шүүхийн эцсийн шат хүртэл хэргээ хүлээгээгүй байдаг. Хэргийг тэдний мэдээлэл болон мэдүүлгээр биш, өөр бусад нотлох баримтаар нотолсон гэдгийг маш тодорхой ярьсан шүү дээ.

Тухайлбал, одоо ял авах гээд шүүгдэж байгаа тагнуулын гүйцэтгэх ажилтнуудын дунд Т.Чимгээтэй бүтэн зургаан сар хамтран амьдарсан нэг хүн бий. Энэ мэдээллийг ч гэсэн Ц.Нямдорж сайд эхэлж задруулсан. (уг нь бол нууц байх ёстой асуудал, нууцлах ёстой хүн) Хайргүй хүнтэйгээ бүтэн зургаан сар хайрлаж дурлалцаж, хамтран амьдарсны эцэст итгэлийг нь олж, хийсэн хэргийг яриулсан хэрэг л дээ. Ц.Амгаланбаатар нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж зааж өгсний дараа тагнуулынхан туршуулаа тавьсан. Мөрдөн байцаалтад, шүүх дээр хэлээгүй үгээ Т.Чимгээ түүнд ярьсан байдаг юм. Үүнийг тэгээд нотлох баримт гэж үзэхгүй юу. Эсвэл эрүүдэн шүүсэн, итгэл эвдсэн гэж үзэх үү? Үүнийг хүртэл олж мэдээд, олон нийтэд хамаа намаагүй цацаж явдаг Ц.Нямдорж сайд яг ямар сонирхолтой хүн бэ? Хэнийх нь талд байгаа юм бол...

Өөр бусад баримтуудын талаар ярихаа больё. Зүгээр л эрүүдэн шүүсэн явдлыг нотолсноор гэмт хэрэгтнүүдийг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй шүү гэсэн санаа. Г.Эрдэнэбат прокурор сүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн дээ. С.Зоригийн хэргийг бид илрүүлсэн. Гэмт хэрэгтнүүдийг олж тогтоосон. Хавтаст хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг үгүйсгэж дуусах хүртэл би гаргасан шийдвэрээ хамгаална гэж. Олон нийт ч гэсэн улстөрчийн биш, хуульч хүний үгэнд итгэх нь зөв байх. Тэгээд ч Ц.Нямдорж гэдэг хүн 2000 оны сонгуулиас хойш хорин жил С.Зоригийн хэргийг ярьсан, захиалагчийг нь мэднэ, цаг нь болохоор хэлнэ гэж явсаар өдий хүрсэн. Тэгсэн хэрнээ захиалагчийн хэргийг гүйцэтгэгчээс салгаад, шалгаад эхлэхээр ажлын хэсгийнхнийг нь тараачихдаг, бас л сонирхолтой хүн дээ. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар гэм зэмгүй, хэлмэгдсэн гээд хашгираад явахыг нь харсан ч цаад захиалагчийг нь ч мэдээд байгаа юм шиг.

Б.СЭМҮҮН 

ЭХ СУРВАЛЖ: INEWS.MN

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.