|
Видео

Шинэ мэдээ

"Аравт" морин цэргийн анхдугаар уралдаан манай улсад амжилттай зохион байгуулагдаж байна

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн санаачилгаар "Дэлхийн цэргийн наадам” тав дахь жилдээ дэлхийн 10 оронд нэгэн зэрэг эхэллээ. Тус наадмын нэгэн шинэ төрөл болох "Аравт” морин цэргийн уралдааны нээлт Монгол Улсын Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд энэ сарын 3-нд анх удаагаа боллоо. 
"Аравт" морин цэргийн уралдааны нээлтэд ЗХЖШ-ын дарга хошууч генерал А.Ганбат, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ОХУ-ын Төвийн цэргийн тойргийн 41 дүгээр армийн командлагчийн орлогч, хошууч генерал А.В.Подвилов, БНКазУ-ын Өрнөд цэргийн тойргийн командлагчийн орлогч, хурандаа Д.Е.Хамитов, Киргиз улсын Хуурай замын цэргийн командлалын сургалтын төвийн дарга, дэд хурандаа А.Д.Оркошев болон уралдаанд оролцогч, ажиглагч орны элчин сайд, генерал, офицерууд оролцов. 
Уралдаанд Монгол, Орос, Казахстан, Киргиз улсын Зэвсэгт хүчний баг тамирчид өрсөлдөх бөгөөд БНХАУ, АНУ, Зимбабве, Вьетнам зэрэг орон ажиглагчаар оролцож байна. 

Уралдааныг нээж ЗХЖШ-ын дарга , хошууч генерал А.Ганбат хэлэхдээ, "Цэргийнхэн дайн тулааны талбарт бус, тэмцээн уралдаанд авхаалж самбаа, тэсвэр хатуужил, цэргийн мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөх ёстой гэсэн энх тайванч үзэл санаан доор "Дэлхийн цэргийн наадам” олон орныг эгнээндээ нэгтгэсэн. Манай улс наадмын зохион байгуулагчаар оролцож, зэвсэгт хүчнийхээ гадаад харилцааг улам бэхжүүлсээр байна.
Орон орны цэрэг эрсийн хувьд, энх тайван, эв нэгдэл, итгэлцэл, нөхөрлөлийн бэлгэдэл болсон цэргийн наадам энэ жил хүрээгээ тэлж, 10 улсад 32 төрлийн уралдаан нэгэн зэрэг эхэлж байна. Улс орнуудын цэргийн хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлж, найрамдлын гүүр болж буй цэргийн наадмыг Монгол Улсын Зэвсэгт хүчин анхнаас нь дэмжиж, тасралтгүй оролцож ирсэн.
"Аравт” морин цэргийн анхдугаар уралдаанд оролцохоор Их эзэн Чингис хааны өлгий нутагт хүрэлцэн ирсэн цэргийн багуудад талархал илэрхийлж, уралдаанд нь амжилт хүсье” хэмээв. 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулгын цэргийн багуудад амжилт хүсэж ирүүлсэн илгээлтийг тус уралдааны ерөнхий шүүгч, гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ уншиж танилцууллаа. 
Илгээлтэд, "ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас зохион байгуулдаг Цэргийн наадмын хүрээнд Монгол Улсад анх удаа "Аравт” морин цэргийн олон улсын уралдааныг зохион байгуулж буйд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд ихэд баяртай байна.
Аравтын тогтолцоо нь Монголын анхны төрт улс Хүннү гүрнээс уламжлан Чингис хаан Их Монгол Улсыг байгуулах үеэсээ улам боловсронгуй болгож, улсаа засаглахад ашигласан, цэрэг иргэний шинжийг ашигласан, засаг захиргааны систем юм. Энэ нь Монголын төдийгүй дэлхийн цэргийн түүхэнд алдаршсан нарийн чанд зохион байгуулалттай бүтэц байсан. Монголын түүх бол морьтон дайчдын түүх гэдгийг дэлхий нийтээрээ мэднэ. Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчдын дэлхийн талыг эзэлсэн байлдан дагуулал чухамдаа морин цэргийн түүх байсан юм.
Аравт морин цэргийн уралдааны бэлтгэлийн шатанд цэргийн албан хаагчдын нөхөрлөлийг бататгах, Монгол үндэстний зан заншил, түүх уламжлалыг сурталчлах хүрээнд зочид, төлөөлөгчдөд үзүүлсэн бэсрэг наадмыг та бүхэн тодхон санаж байгаа байх аа. Эрийн гурван наадам хэмээх хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын мэргэн харваагаар монгол эрчүүд бяр чадал, ур чадвар, авхаалж самбаагаа сорьж, үнэлэмж шалгуураа тодорхойлж ирсэн нь баяр цэнгэл гэхээс илүүтэй Монголчуудын цэрэг дайны бэлтгэл, сорилго байсан юм.

Морин цэргийн энэхүү уралдаан нь цэрэг эрсээс бэлтгэл сургууль, тэсвэр тэвчээр, эр зориг, авхаалж самбаа, ур чадвар шаардсан онцгой сорилго болж, үүрэг гүйцэтгэх мэргэжлийн ур чадвараа зохион байгуулах, мэдлэг дадлага, туршлага тэсвэр хатуужлыг дээшлүүлэх, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд өгөөж өгч, олон талын ач холбогдолтой болно гэдэгт би итгэлтэй байна” хэмээжээ.
Аравт морин цэргийн уралдааны эхний гараагаар сугалаа ёсоор, Казахстан, Киргиз, Монгол, ОХУ гэсэн дарааллаар уралдаанаа явуулах бөгөөд нэг баг хоёр өдөр нэг шөнийн хугацаанд даалгавар гүйцэтгэх юм байна.
Ингэхдээ, 130 км-т морьтой усан болон минийн саад туулж, морь бугуйлдах, түүнийгээ уналгад бэлтгэх, молцог элсэнд хоноглох, шархтныг татаж гаргах, сум, галт хэрэгслээ мориор зөөвөрлөх зэрэг даалгаврыг гүйцэтгэх аж.
Тэмцээний хоёр дахь шатанд 7.2 км-ийн богино зайд уралдах бөгөөд  ингэхдээ, явган гараанаас гарч, гранат шидэх, саадын зурвас туулах, буудлага хийх зэрэг сорил гүйцэтгээд, мориноос гранат шидэх, тактикийн ажиллагаа зэрэг дасгалыг давах юм. Мөн биатлоны зарчмаар буюу торгуулийн тойрогтой ба хамгийн богино хугацаа зарцуулж барианд ирснээр нь байрт шалгаруулах юм. 
Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр "Аравт” олон улсын морин цэргийн уралдааны алсын зайн морин марш гурав хоногийн хугацаанд амжилттай явагдаж дууссан бол өнөөдрөөс ойрын зайн холимог буухиа эхлэх юм байна.

Ойрын зайн холимог буухиагаар оролцогч орны баг тамирчид явганаар 3,1 км, морьтойгоор 4,1 км замыг туулах бөгөөд энэ явцдаа маршрутын дагуу байрлах цэгүүдэд өгөгдсөн гранат шидэх, саадын зурвас туулах, буудлагын дасгал гүйцэтгэх, тактикийн ажиллагаа, морины давхилт дунд гранат шидэх зэрэг таван даалгавар гүйцэтгэх ёстой аж.
Сугалаа ёсоор өнөөдөр Казахстан, Киргиз улсын баг тамирчид, маргааш буюу энэ сарын 8-ны өдөр Монгол, ОХУ-ын баг тамирчид ур чадвараа сорин өрсөлдөнө.
Дашрамд дурдахад, "Дэлхийн цэргийн наадам-2019"-ын хүрээнд 32 төрлийн уралдаан зохион байгуулахаас ОХУ-ын газар нутагт 16 нь болно. Хамтран зохион байгуулагч Монгол, Азербайжан, Армен, Беларусь, БНХАУ, Иран, Казахстан, Узбекистан, Энэтхэг улсын газар нутагт  бусад уралдаан болж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс "Цэргийн наадам-2019”-д "Аравт” морин цэргийн уралдаанаас гадна ОХУ-д зохион байгуулах "Танкийн биатлон”, "Хээрийн гал тогоо”, "Инженерийн томьёолол”, Бүгд Найрамдах Беларусь Улсад зохион байгуулах "Мэргэн буудагчийн зааг”, БНХАУ-д зохион байгуулах "Цэлмэг тэнгэр” уралдаанд баг бэлтгэн оролцохоор тус тусын тэмцээний газар орныг зорьжээ.
Ж.Бат

Эх сурвалж: Guren.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.