|
Видео

Шинэ мэдээ

Цөөнхөө үл тоодог парламентын жишиг

УИХ-ын гишүүн С.Жавхлан улстөрчдийн эгнээнд зүй ёсоор элссэнээсээ хойш хоёр ч хуулийн төсөл өргөн бариад байна. Хоёр дахь хуулийн төсөл буюу "Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг өнгөрөгч даваа гарагт УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив. Өргөн барьсан хуулийн төсөл нь аливаа гэмт хэрэгт холбогдсон төрийн түшээдэд хариуцлага ярих үед зөв, бурууг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэдэг байх асуудлыг хөндсөн аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн аливаа гэмт хэрэгт холбогдсон бол албан тушаалаа хүлээлгэн өгч, хуулийн хариуцлага хүлээх ёстой аж. Харин гэм буруугүй гэдэг нь нотлогдвол албан тушаалаа эргүүлэн авч болох боломжийг хуульчилжээ.  Үе үеийн бие даагчид, цөөнхүүдийн зовлонгоор түүний өргөн барьсан хууль УИХ-ын даргын ширээний шүүгээнд мөнхөрчихгүй бол шалдаа буусан парламентын нэр хүндийг дахин сэргээх сэжүүр нь энэ хуулийн төсөл байж ч болох юм. Учир нь төрд итгэх ард түмний итгэл буурсан шалтгаан нь түшээдийн ёс зүйгүй үйлдэл байдаг. Ялангуяа өнгөрөгч онд шуугиан тарьсан ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудал түшээдэд итгэх түмний итгэлийг тэглэсэн гэхэд хилсдэхгүй.

Ард түмнийхээ боломжийг хулгайлж, амин хувийн эрх ашгаа ард түмний эрх ашгаас дээгүүрт тавьсан гэмт үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээсэн гишүүн одоогоор алга. Эгэл ардыг дэмжих хөрөнгийг баруун солгойгүй цацаж, өөрөө ч түүнээс чамгүйг халаасалсныхаа төлөө ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг л албан тушаалаа хүлээлгэж өгснийг эс тооцвол энэ хэрэг "шалгагдаж байна” гэх  дамжлагын доор дарагдах тийшээ нэгэнт хандлаа. Энэ асуудалд парламентын гишүүдийн 50 гаруй хувь нь холбогдож, заримд нь эрүүгийн хэрэг үүсгэж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хэмжээний хариуцлага яригдаж байсан ч бас л ард түмнийг тайвшруулах арга мэх байж таарсан . Ерөнхий прокурор хариуцлагын асуудлыг УИХ-ын чуулганаар оруулж ирсэн ч ард түмнийхээ боломжийг хулгайлж, увайгүй аашилсан гишүүд хариуцлага хүлээх ёсгүй гэж бие биеэ өмөөрөөд өнгөрсөн нь саяхан. Ерөөс түшээдийн шийтгэлийн дээд хэмжээ албан тушаалаа өгөх болж хувирсан гэдэгтэй уншигч та ч санал нэгдэх биз. Ажлын байрандаа согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн аймшигт хэрэг төрийн албанд гарахад салбарын сайд суудлаа өгөөд л үлдсэн.

Хүчингийн хэрэг үйлдсэнийхээ төлөө УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаад л өнгөрсөн. Гэтэл 14-хөн настай эгэл малчны хүү хонины бэлчээрт үеийнхээ охинтой хамт байснаас болж хүчингийн хэргээр ял авч, хүүхэд насаа төмөр торны цаана өнгөрүүлж байгааг  сэтгүүлч миний бие үзсэн билээ. Харин хүчингийн хэрэг үйлдсэн төрийн түшээ УИХ-ын гишүүн байхаа болиод л өнгөрч байгаа нь шударга ёс юм гэж үү. Гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө ял зэм авах нь бүү хэл дахин УИХ-ын гишүүн болохыг горилж, Цэцэд хандсан дуулиан ч намжиж амжаагүй байна. Энэ мэт төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг хариуцлагын асуудал тойрдог байдлыг шийд­вэр­лэх хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Жавхлан өргөн барилаа. Өмнө нь хэл­сэнч­лэн цөөн­хүүдийн зовлонгоор түүний санаа­чил­сан төслөө УИХ-ын даргын ширээний шүүгээнээс гарч ча­дах­гүйд хүрэх вий гэх бол­гоомж­лол төрөх. УИХ-ын гишүүн С.Жавхлан өмнө нь мөн л УИХ-ын гишүүдийн ёс зүйг чангаруулж, хариуцлагыг нэмэг­дүүлэх талаар хуулийн төсөл санаачилж байв. Тэр­бээр Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, оффшор бүсэд данс­тай, ашигт малтмалын тусгай зөв­шөө­рөл­тэй, архи тамхины үйлдвэрлэл эрхэлдэг, өмнө ямар нэг хэрэгт холбогдож байсан бол улс төрийн бүхий л шатны сонгуульд оролцуулахгүй байх хуулийн төсөл санаачилж байсан ч УИХ бас л эс тоосон.

Магадгүй энэ шалгуурыг хангах улстөрч парламентын гишүүдэд байгаагүй болоод тэр биз. Ерөөс Монголын парламентад нэг нам, эс бөгөөс хоёр намын хаанчлал тогтож, бие даагчид болон цөөнхүүд улс төрийн ганцаардлыг туулдаг жишиг тогтсон гэхэд хэтийдэхгүй болов уу. Угтаа бие даагчид ч гэсэн ард түмний саналаар сонгогдож, хууль тогтоох бүрэн эрхтэй төрийн түшээд. Гэтэл энэ эрхийнхээ дагуу хуулийн төсөл санаачилсан бие даагчдын төсөл батлагдаж байсан тохиолдол өнөөдрийг хүртэл парламентын түүхэнд тоотой. Тухайлбал, бие дааж сонгогдсон УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, С.Ганбаатар, одоогийн Эрчим хүчний сайд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тэргүүтэй гишүүд хэд хэдэн хууль санаачилж, УИХ-д өргөн барьсан ч амжилт олоогүй байдаг. УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарын санаачилсан УИХ-ын гишүүдийн ирцийг хангах тухай хуулийн төсөл, "Давхар дээл”-ийг тайлах хуулийн төсөл, Ашигт малт­малын тухай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах зэрэг хуулийн төслүүдийн аль нь ч ам­жил­тыг эс олжээ. Бие даагч гишүүн асан Л.Гүндалайгийн санаа­чил­сан Казиногийн тухай хуулийн төсөл, улс тө­рийн цөөнх О.Баасанхүү гишүү­ний санаачилсан Нэмүү өртгийн албан татвар, Шонхор шувууг худалдахыг хориг­лох, Тамхины эсрэг гэсэн хуулийн төслүүд ч улс төрийн ган­цаардалд орж, дар­гын ширээ­ний нүдэнд мөн­хөр­сөн байдаг юм.

УИХ-ын цөөн­хүү­дийн нэг УИХ-ын гишүүн асан Г.Уянгын санаачилсан Барьцаа­лан зээлдүүлэх үйл­чил­гээ тэргүүтэй хуулийн төс­лүүд ч УИХ-д эс тоогдсон аж. Эндээс үзэхэд ерөөс Монголын парламент бие дааг­чид болон улс төрийн цөөн­хүүдээ ганцаардуулдаг жишиг тогтсон гэж дүгнэхээр бай­гаа юм.  Хөгжлийн чөдөр бол­сон ашиг сонирхлын зөр­чил, авлига, хээл хахууль зэрэг улс төрийг тойрсон асуудлын гол шалтгаан нь гишүүдийн ёс зүй, хариуцлагатай холбоотой байгааг хэн хүнгүй харж байна. Төрийн түшээдийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэхээр өргөн барьж буй УИХ-ын гишүүн С.Жавхлангийн санаачилсан "Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хувь заяа өмнөх бие даагчдын өргөн барьсан төслүүдийн араас орох вий. Монголын парла­мент цөөнхөө үл тоож, жагсаалтаас хасдаг жишгээсээ салах цаг болсон гэдгийг улс төрийн өнөөгийн доройтол харуулж байгааг эрх биш ойлгох биз ээ.

Х.БОЛОР

ЭХ СУРВАЛЖ: DARDAS.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.