| |
Массаж гэх нэрийн дор эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж байжээ
2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр БЗД-ийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны байранд зөвшөөрөлгүй массажны газар ажиллуулж, бусдын биеийг үнэлүүлж байна гэсэн мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу ЭЦА-аас шалгалтын ажиллагаа явуулан 30 настай эмэгтэй Б гэгч нь 30-31 настай эмэгтэй Н, Б нарын биеийг үнэлүүлж байсныг тогтоожээ.
Тус хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.
13.1 дүгээр зүйл: Хүн худалдаалах
1. Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан, хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг: 2.1. хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;
2.2. хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж;
2.3. Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг: 3.1. байнга тогтвортой;
3.2. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: Хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй. Мөн энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход хохирогч өөрийг нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хохироож байгааг өөрөө зөвшөөрсөн эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.