| |
Насанд хүрээгүй зургаан хүүхэд хар тамхины хэрэгт холбогджээ
Манай улс өмнө нь тээвэрлэгч дамжин өнгөрүүлэх орны тоонд ордог байсан бол 2015 оноос хар тамхины хэрэглэгч орон болжээ. Өнгөрөгч 2018 онд насанд хүрээгүй зургаан хүүхэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан байна. Тодруулбал, 2018 онд 199 хэрэгт 412 хүнийг холбогдуулан шалгаснаас үүнээс 337 нь эрэгтэй, 75 нь эмэгтэй хүн аж. Харин он гарсаар эхний хоёр сарын дотор хар тамхины 29 хэрэгт 88 хүн холбогдсон. Насанд хүрээгүй хүүхдүүд бусдын нөлөөнд автаж хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх түгээмэл байдаг аж.
Сүүлийн үед шуудан илгээмжээр хар тамхи дамжуулах нь олширсон байна. Нигер Улсын иргэн гадаад улсаас ирсэн шуудан илгээмжийг хүлээн авч Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт явж байхад нь дайчлан баривчилж хар тамхийг илрүүлсэн. Энэ хэрэг одоогоор цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд тухайн иргэнийг яллагдагчаар татсан байна. Түүнчлэн Их Британи , Орос, Хятад, Герман зэрэг улсаас ирэх тохиолдол цөөнгүй гарах болжээ. Одоогоор олон улсын шуудан илгээмжээр хар тамхи оруулж ирсэн таван хэрэг бүртгэгдсэн байна.
Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завддаг хар тамхины төрөлд ихэвчлэн олсны ургамал, "ice” гэж нэрлэгдэх мөсийг хилээр их оруулж ирдэг аж. Сүүлийн үед "LST” гэх шинэ төрлийн мансууруулах бодисыг хилээр оруулж ирэх тохиолдол элбэг болжээ. Үүнийг хэрэглээд донтсон хүнд савлах, юм хэлбэлзэж буй мэт харагдаж мансуурдаг байна.
Хар тамхи хэрэглэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлгийн 7-15 зүйл ангид зааснаар оролцоо тус бүрээр ангилж хариуцлага хүлээлгэдэг учир энэ төрлийн бодисоос хол байх, уруу татагдахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Г.Алимаа
24tsag.mn